Хуралдааны оролцогчид
2017.08.08

Монгол, Солонгос хоёр улсын харилцааг өргөжүүлэх хамтарсан хуралдаан боллоо

Солонгос-Монголын хамтарсан форумын Удирдах зөвлөл, Бизнесийн төлөөллийн айлчлал өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.

Монгол Солонгосын эдийн засгийн форум болон Солонгос-Монголын хамтарсан форум нь хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг бүхий л түвшинд эрчимтэй хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зургаан жилийн өмнө байгуулагдсан юм.  Хоёр талын форумын үйл ажиллагааны хүрээнд Монгол Солонгосын улс төр, боловсрол, эрүүл мэнд зэрэг бүхий л салбарт хамтын үйл ажиллагаа тэлсээр байна.

Энэ удаад Монголыг зорьж ирсэн форумын төлөөлөгчид өнгөрсөн бямба гарагт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзав. Уулзалтад Монгол Солонгосын форумын удирдах зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Н.Энхболд, удирдах зөвлөлийн дэд дарга Г.Батхүү, Солонгос-Монголын хамтын ажиллагааны форумын тэргүүн, БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Ким Тэйнёнь, БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд, Монгол Улсад суугаа Элчин сайд У Сун болон форумын бусад гишүүд оролцов. 

Уулзалтын үеэр хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа, Солонгост ажиллаж амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах болон тус улсаас манай улсад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд форумаас үзүүлэх дэмжлэг, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.