Ерөнхий сайд Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Канадын Элчин сайд ноён Эд Жэйгэр
2017.08.03

Ерөнхий сайд Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр /2017.08.03/ Канадын Элчин сайд ноён Эд Жэйгэрийг нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, ноён Эд Жэйгэрийг Элчин сайдаар ажилласан хугацаанд хоёр талын харилцаа хөгжиж, олон ажил хийгдсэнд талархаж буйгаа Ерөнхий сайд илэрхийлэв. Мөн хоёр талын одоо байгаа “Өргөн хүрээтэй түншлэл”-ийг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэхэд Элчин сайдын оролцоо, хувь нэмэр их гэдгийг онцлов.

Монгол Улс, Канад улс хоорондын "Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах хэлэлцээр”-ийг энэ оноос хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр зөвхөн Канад болон бусад орны хөрөнгө оруулагч нарт Монголын хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн орчны талаар эерэг дохио өгч чадсан хэлэлцээрийг хөрөнгө оруулагчдад таниулах чиглэлд Канадын тал идэвхтэй хамтран ажиллахыг Ерөнхий сайд хүслээ.

Манай Улс Канад Улстай уул уурхайн салбарт идэвхтэй хамтран ажилладаг ч манай Засгийн газар уул уурхайн салбараас хэт хараат эдийн засгаа төрөлжүүлэхэд анхаарч, тухайлбал Канад Улстай хөдөө, аж ахуйн салбарт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв. Дашрамд дурдахад, 2017 оны эхний хагас жилийн байдлаар Канадаас нийт 6,9 сая ам.долларын импорт хийсэн байна. 

Элчин сайд ноён Эд Жэйгэр, Монгол Улс бол цаашид ч Канадын Улсын гол түнш байсаар байх болно, Канадын Засгийн газраас хэрэгжүүлдэг Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн тусламж хүртэх 25 орны жагсаалтад Монгол Улс 2014 оноос багтаж, 2016 оноос эхлэн 55.4 сая канад долларын өртөг бүхий 6 төсөл хэрэгжүүлж эхлээд байна гэв.

Манай хоёр улс Оюутолгой том төслөөс гадна уул уурхайн болон худалдааны салбарт идэвхтэй хамтран ажилладаг, мөн банк санхүүгийн салбарт ч хамтын ажиллагаа эрчимжиж байгааг ноён Эд Жэйгэр дурдав.