Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга ноён Т.Оошима болон холбогдох албаны төлөөлөгчдөд зориулсан монгол үндэсний бэсрэг наадам боллоо
УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ дахь Монгол Японы парламентын бүлгийн гишүүн бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга ноён Т.Оошима болон холбогдох албаны төлөөлөгчдөд зориулсан монгол үндэсний бэсрэг наадамд оролцлоо.
Ноён Т.Оошима Монголын онгон дагшин байгалийн сайхан, үндэсний соёлын өвийн гайхамшгийг нүдээр үзсэндээ баярлан бахархаж, нүүдэлч малчдын ахуйтай цухас боловч танилцаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.
Хүчит бөхийн барилдаанд Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, улсын начин Б.Бадамсамбуу түрүүлж, Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, аймгийн арслан П.Эрхэмжаргал үзүүрлэлээ.
Хурдан морины уралдаанд Төв аймгийн Бүрэн сумын Түвшинбатын хээр түрүүлж, Баян-Өнжүүл сумын Батжаргалын хонгор аман хүзүүнд давхисан бол Зуунмод сумын Баярбаатарын шарга халзан, Алтангэрэлийн хул, Цогтбаатарын халтар морьд айрагдлаа.
Үндэсний сурын харваанд эмэгтэйчүүдээс Улсын мэргэн Б.Батжаргал тэргүүлж, Гоц мэргэн Д.Бадамханд удааллаа. Эрэгтэйчүүдээс спортын дэд мастер Д.Алтаншагай түрүүлж, залуу харваач Г.Соёл-Эрдэнэ удаах байрт шалгарсан юм.