"Хоёр орны сайн харилцаа мөнх байх ёстой. Тэр нь залуу үеэр дамжин үргэлжилнэ"
2017.07.18

"Хоёр орны сайн харилцаа мөнх байх ёстой. Тэр нь залуу үеэр дамжин үргэлжилнэ"

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад албан ёсоор айлчилж буй Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга, ноён Тадамори Оошиматай уулзалт хийв.

Уулзалтын эхэнд ноён Т.Оошима Монгол Улсад айлчлахыг урьсанд нь УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд, “Япон, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Монгол Улсад анх удаа айлчилж буйдаа баяртай байна. Хоёр орны харилцаа тулгамдсан, шийдвэрлэвэл зохих асуудлаа амжилтай даван туулж, улам бэхжин хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байна. Та бол Монголын улс төрд нөлөө бүхий томоохон улстөрч төдийгүй хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулсаар ирсэн хүн. Таны энэ үйл ажиллагаа цаашид ч үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Би хувь хүнийхээ хувьд Тантай тогтоосон дотно андын харилцаагаа гүнээ эрхэмлэж явдаг” гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд түүний урилгыг хүлээн авч айлчлахаар ирсэнд нь ноён Т.Оошимад талархаж, Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Монгол Улсад анх удаа айлчилж буйг онцлон тэмдэглээд, “Дипломат харилцааны 45 жилийн ойн хүрээнд 4 сарын дотор хоёр орны парламентын дарга нар харилцан айлчилж буй нь чухал үйл явдал юм. Миний бие Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2007 оны 3-р сард Японд айлчилж, 7-р сард нь Японы тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Коизүми манайд ирж байсан цаг хугацаа энэ удаад давхцаж байна” гэв.

Тэрбээр “Ази тивд ардчиллыг хөгжүүлж байгаа улс орнууд бол манай хоёр орон. Япон Улс бол манай хамгийн чухал гуравдагч хөрш. 1990-ээд оны эхэн үеэс эхлэн Япон Улс, Японы ард түмэн манай ардчилсан шинэтгэлийг тууштай дэмжиж, хүндрэл бэрхшээл тохиолдсон үе болгонд тусламжийн халуун гараа сунгаж ирснийг манай ард түмэн байнга хүндэтгэн дурсаж байдаг. Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед ч гэсэн ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн нэн хөнгөлөлттэй тусламж үзүүлэх шийдвэрийг Японы тал гаргасанд талархаж байна” гэж онцоллоо.

УИХ-ын дарга М.Энхболд хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглээд, парламент дахь найрамдлын бүлгүүд ойр дөт хамтран ажиллах шаардлагатайг онцоллоо. Түүнчлэн өнгөрсөн 3-р сард Японд хийсэн айлчлалын үеэр Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрт хоёр орны Гадаад харилцааны сайд нар гарын үсэг зурсан. Энэ баримт бичиг бидний ойрын 4 жилийн хамтын ажиллагааны үндсэн чиглэл учраас амжилттай хэрэгжүүлэх талаар УИХ онцгой анхаарах болно гэлээ.

Тэрбээр “Манай хоёр орны Засгийн газар хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх чиглэлээр илүү идэвх чармайлт гаргах шаардлагатай байна. Өнгөрсөн нэг жилийн дотор худалдааны эргэлт нэмэгдсэн. Бид давхар татвараас чөлөөлөх зэрэг бизнесийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх, төвөг бэрхшээлийг арилгах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авах болно. Хөшигийн хөндийн нисэх буудлын ажил дуусаж байна. Үүн шиг хоёр орны ард түмний найрамдал нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болохуйц томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Энэ хавар Токиод Ерөнхий сайд Ш.Абэ-тай уулзах үеэр нүүрс-химийн цогцолборын төсөл хэрэгжүүлэх талаар ярилцсан. Саяхан Японоос Ажлын хэсэг ирж, судалгаа хийгээд буцсан. Энэ төслийг хэрэгжүүлэхэд ноён Т.Оошима та анхаарлаа хандуулна уу” гэж хүслээ.

Олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагаанд хоёр тал бие биеийг харилцан дэмжих нь чухлыг М.Энхболд үгийнхээ төгсгөлд онцлоод, “Ноён Т.Оошима таны айлчлал Монгол, Японы хамтын ажиллагаа, найрсаг харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна” гэв.

Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга, ноён Т.Оошима “Эрх чөлөө, ардчиллыг адил эрхэмлэдэг нь Япон, Монгол хоёр орны түүхэн харилцааны хамгийн бат бэх, чухал үндэс суурь юм. Японыг хамгийн чухал гуравдагч хөршөө гэж Монгол Улс үздэг хэмээн Та хэлсэн. Бид бас Монголтой харилцах харилцааг нэн чухалд тооцдог. Хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашид хөгжүүлэхэд ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд, парламентын гишүүд хоорондын харилцаа нэн чухал. Би Төлөөлөгчдийн танхимын хамгийн залуу 3 гишүүнийг дагуулж ирсэн. Учир нь манай хоёр орны сайн харилцаа мөнх байх ёстой. Тэр нь залуу үеэр дамжин үргэлжилнэ” гэж онцоллоо.

Тэрбээр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг хөндөж ярихдаа, давхар татвар, тээвэрлэлт зэрэг тулгамдсан асуудлуудаа хоёр тал хамтран ярилцаж, шийдвэрлэж байх, хөрөнгө оруулалтын ил тод, шударга, таатай орчныг бүрдүүлэх нь чухал. Үүнд бид дэмжлэг үзүүлэх болно. Нүүрс-химийн цогцолбор байгуулах төслийн хувьд Засгийн газрын Эрчим хүчний агентлаг, Эдийн засаг, худалдаа, Аж үйлдвэрийн яаманд үүрэг өгье гэлээ.

Ноён Т.Оошима “ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, эдийн засгаа сэргээх чиглэлээр Та бүхэн ихээхэн хүчин чармайлт гаргаж байгааг бид мэднэ. Япон Улс боломжтой бүхнээр туслах болно. Та бүхэн эдийн засгаа илааршуулж, улсаа хөгжүүлэх үйлсдээ их амжилт олно гэдэгт бат итгэлтэй байна” гэж тэмдэглээд, “Токио-2020” олимпод оролцох Монголын тамирчдын бэлтгэлийг хангах талаар хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулж, 2025 онд дэлхийн худалдааны ЭКСПО-г Осакад зохион байгуулах манай санаачилгыг дэмжиж өгнө үү гэж хүсэв.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд Олимпод оролцох Монголын баг, тамирчдын бэлтгэлийг хангах талаар анхаарал хандуулж буйд нь талархал илэрхийлээд, 2025 оны ЭКСПО-г Осакад зохион байгуулахад Монгол Улс дэмжиж оролцох талаар манай Засгийн газар удахгүй шийдвэрээ гаргана гэв.

Түүнчлэн бүс нутгийн хамтын ажиллагааны талаар ноён Т.Оошимагийн хөндсөн асуудалд хариу болгож “Солонгосын хойгт намжмал байдал бий болгох чиглэлээр дэлхий нийтийн тавьж буй хүчин чармайлтыг бид дэмжиж байна. Бид аливаа асуудлыг яриа хэлэлцээний шугамаар шийдэх нь зүйтэй гэж үздэг. Энэ талаар “Улаанбаатарын яриа хэлэлцээ” гэсэн санаачилга гаргаснаа цаашид үргэлжүүлэх болно” гэв.

Уулзалтад Японы талаас Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Х.Күмада, К.Мотомүра, Т.Күнишигэ, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока, Монголын талаас УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Японы найрамдлын бүлгийн дарга Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Гарамжав, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нарын зэрэг албаны хүмүүс байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсээс мэдээлэв.