Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр ОХУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2017.06.22

Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр ОХУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр өнөөдөр (2017.06.21) ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын хорооны орлогч дарга М.И.Дидиговыг хүлээн авч уулзав.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нар болон Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яамны албаны хүмүүс байлцлаа.

Мөн ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын хорооны гишүүн В.М.Мархаев, М.В.Козлов болон бусад төлөөлөгчид байлцсан юм.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцох гэж буйдаа баяртай байгаагаа илэрхийллээ. Тэрбээр, “ОХУ-тай уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын Гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг билээ. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа нь 1993 онд байгуулсан Монгол-Оросын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ, 2009 оны Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тунхаг бичгийн үзэл санаанд нийцэн хөгжиж байна. Үүний дотор хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэхэд таатай байна” гэв.

Энэ үеэр зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийг шинэчлэн сайжруулах, цэргийн мэргэжилтнүүдийг сурган бэлтгэх зэрэг асуудлаар санал бодлоо солилцсон юм.

Ноён М.И.Дидигов Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, хөгжүүлэх талаар хамтран ажиллахад бэлэн хэмээлээ. Мөн бүс нутгийн хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх талаар ярьсан юм.

Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр уулзалтын төгсгөлд хоёр улсын эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргахад дэмжиж ажиллахаа илэрхийллээ