Н.Энхболд: Жижиг намынханд “Та нар цэцэд хандаж болохгүй “ гэлтэй биш
2011.12.22

Н.Энхболд: Жижиг намынханд “Та нар цэцэд хандаж болохгүй “ гэлтэй биш

Өнгөрөгч долоо хоногт УИХ-аас Сонгуулийн тухай хуулийг баталсан билээ. Тиймээс уг хуулийг батлагдсанаас хойш гарч буй зарим асуудлуудын талаар УИХ-ын дэд дарга, Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч Н.Энхболдтой ярилцлаа.
-УИХ Сонгуулийн тухай хуулиа баталлаа. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд та ямар дүгнэлт хийж байгаа вэ?

-Аливаа зүйл тухайн үеийнхээ цаг хугацаа, нөхцөл байдлаас шалтгаалдаг. Энэ удаагийн УИХ тийм нөхцөлийн үүднээс хуулиа гаргалаа. Миний дүгнэж буйгаар энэ хууль нь нэг алхам урагшилсан хууль болсон гэж үзэж байгаа.

Бид олон янзаар сонгуулиа явуулж үзсэн.

Гэхдээ тухай бүрийн сонгуулийн дүн эцэстээ ганц хуулиас шалтгаалдаггүй гэдэг нь туршлагуудаас харагдсаар ирсэн юм, Үүнийг ажлын хэсгийнхэн судалж үзэхэд сонгуулийн дүнд хууль ердөө 20-30 хувийн л нөлөөтэй байдаг юм байна. Өөрөөр хэлбэл, Сонгууль явуулах ерөнхий суурьт л нөлөөлдөг гэсэн уг. Харин эцсийн дүн нь тухайн үеийн нийг-мийн уур амьсгал, улс төрийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаас ихээхэн шалтгаалдаг юм байна л даа.

-Ажлын хэсгээс гол анхаарсан зүйл юу байна бэ?

-Хоёр зүйлийг анхаарч ажилласан. Үүний эхнийх нь сонгуульд оролцож байгаа сонгогчдын өгсөн санал УИХ-д тусгалаа олж байх ёстой гэдэг зүйл юм. Бид 50хувийн санал авсан нам 90 орчим хувийн суудалтай байдаг хэмээн жишээ болгон ярьдаг. Тэгвэл энэ нь өнөөдрийн улс төрийн хамгийн том суурь гажуудал гэж ойлгож ажилласан. Үүнийг өөрчлөхийн төлөө ядаж пропорционалийн элемент оруулъя гэдэг гол зарчмыг баримталсан. Дараагийн нэг зүйл бол сонгуулийн эцсийн үр дүн нь нийтэд хүлээн зөвшөөрөгддөг байх гэсэн зүйлийг үндэс болгосон.

-Бусад улс төрийн намуудаас ажлын хэсэгт төлөөлөл байсан уу?

-Ажлын хэсэгт гурван намын төлөөлөл багтсан.Мөн парламентын гадуур байгаа улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөн, эрдэмтэн судлаачдын 300-гаад саналаас өнөөдрийн УИХ-аас гаргаж байгаа хуулийн концепцид нийцэж байгаа гэж үзсэн саналуудыг хуульд тусгасан. Ингэснээрээ холимог тогтолцоог сонгож, зохион байгуулалтын олон шинэ зүйл, заалтуудыг нэмж орууллаа.

-Шинэ хуулийг шүүмжилж байгаа хүмүүс нэлээд байх шиг...

-Шүүмжилж байгаа хүмүүс байна. Гэхдээ тэдгээр хүмүүс энэ хуулийн ийм заалтаас болоод ухралт болчихлоо гэж тодорхой хэлэхгүй атлаа ерөнхийдөө л шүүмжлэх үүднээс хандаж байна гэж хууль батлагдсанаас хойшхи өдрүүдэд ажиглагдаж байна. Нийгэмд янз бүрийн байр суурь, үзэл бодол байж таарна. Бүх хүмүүст 100 хувь нийцсэн хууль гэж байдаггүй. Өнөөдөр Үндсэн хуульд. ч гэсэн зарим хүмүүсийн санаа бодолд нийцдэггүй зүйл заалт байж л байдаг шүү дээ.

-Сонгогчдод амлалт өгөх ньардчилсан ёс. Амлалтыг хязгаарласнаараа ардчиллыг булшиллаа гэж манай нэг нэртэй улстөрч хэлсэн байна лээ?

-Аливаа сонгуульд амлалт байна. Гэхдээ тэр нь ямар хэлбэртэй, хэр зэрэг бодитой байх вэ гэдэг нь тусдаа зүйл юм. Улс төрийн намуудаас сонгуулийн мөрийн хөтөлбөр хийж, олон нийтэд танилцуулж байгаа нь амлалтын нэг хэлбэр шүү дээ. Гэхдээ тэр амлалтыг зөвхөн санал авах, ялалт байгуулахын тулд хийх үү, эсвэл нийтийн эрх ашигт нийцсэн, улс даяараа хөгжих зүйлийг мөрийн хөтөлбөрт тусгах уу гэдэг нь гол асуудал юм.

Одоо сонгуульд орох намууд мөрийн хөтөлбөр дэвшүүлнэ.

Бие даагчид ч гэсэн чадлынхаа хэрээр амлана. Энэ бүхэн нь эцсийн дүн-дээ бодлогын уралдаан болохоос бус санал авахын уралдаан биш. Гэхдээ улс орны төлөөх бодлогыг популист амлалтаас салгаж ойлгох хэрэгтэй. Бид Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгыг хийхдээ өмнөх алдаануудаасаа суралцсан. Тиймээс зарим хүмүүсийн хэлж байгаа шиг ардчиллыг булшлах гэж хийсэн зүйл биш. Ямар ч эрүүл саруул ухаантай хүнээс тийм яриа гарахгүй байх гэж бодож байна.

-Хүмүүс амлалт гэдгийг бэлэн мөнгөтэй шууд холбож ойлгоод байх шиг. Ер нь иргэдийн ийм ойлголтыг өнөөдрийн төрийн эрхэнд байгаа намууд өгсөн биз дээ?

-Ихэнх тохиолдолд бэлэн мөнгөтэй холбож ойлгоод байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд төсөв санхүү, макро эдийн засгийн түвшинд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр дэвшилттэй гарч ирсэн. Үүнд маргах хүн байхгүй болов уу. Гэхдээ үүнийг хүмүүсийн амьдрал буюу нийгмийн тодорхой нэг хэсгийнхэнтэй харьцуулаад үзэхээр томоохон өөрчлөлт авчирсан уу гэдэг нь эргэлзээтэй байгаа юм. Энэ нь зарим нам, эвслийн хувьд эмзэг байдалд нь тулгуурлаж тоглолт хийх хөрс бүрдүүлээд байгаа юм.

Хэдийгээр сайн муу хэлэгдэж байгаа ч сүүлийн дөрвөн жилд иргэдийн бодитой орлого нэмэгдсэн.

Сар бүр иргэдэд өгч байгаа сар бүрийн 21 мянган төгрөг олон хүний амьдралд бодитой хувь нэмэр болж байна. Өнөөдөр манай эдийн засаг хөгжөөгүй байсан бол энэ мөнгөний тухай асуудал байхгүй байх байсан. Инфляци, үнэ гээд тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа ч энэ бол нэг ахиц. Үүнийгээ илүү зөв, шударга болгох, иргэдэд амьдралд нь хүрэлцэхүйц хэмжээгээр хэрхэн хүргэх вэ гэдэг нь өнөөдрийн болон дараагийн төр засгийн толгой өвдөх асуудал юм.

-Иргэдэд ирэх онд 21 мянган төгрөг өгөхөөр төсөвт тусгасан. Он гарангуут хувьцаа хэлбэрээр сая төгрөг өгнө гэж байгаа. Энэ бүхэн нь Сонгуулийн тухай хуулийн бэлэн мөнгө тараах гэдэгт хамаарах уу. АН, МАН-ын сонгуулийн сурталчилгаа болчих юм биш биз?

-Бид энэ хуульдаа амлалт авахдаа хүртэл хуулийнхаа хэмжээнд авъя гэсэн утгатай заалт оруулсан. Түүнээс бус аль ч нам амлалт авахгүй гэсэн зүйл байхгүй. Бэлэн мөнгөний амлалт нь тухайн үедээ өөрсдийн хүчин чадлаас давсан, зөв тооцоолоогүй, ялахын тулд өгч байсан амлалт байж магадгүй. Тиймээс ч өнөөдөр биелүүлэх гэж зүдэрч байна. Гэхдээ одоо бол бололцоо байгаа. Улс орон маань хөгжиж байна. Тийм болохоор тэр байтугай бодит орлогыг иргэдэд өгөх бололцоо бий болно. Гэхдээ үүнийгээ хэрхэн, зөв хуулийн хүрээнд хийх вэ гэдэг асуудал л байгаа юм. Өнгөрсөн хугацаанд өгч байсан амлалтууд нь зөвхөн тарааж идээд дуусах зүйл байсан. Аливаа улс орон олон зорилттой. Тэдгээрийг бүгдийг нэгэн зэрэг хангаж байж хөгждөг номтой. Үүнийг зохицуулахын тулд ядаж сонгуульд оролцохдоо зөв амлалт, хөтөлбөртэй орж байя. Улстөрчид өөрсдөө ёс зүйтэй байх ёстой гэдэг үүднээс амлалт гэх зүйлийг хуульдаа тусгасан юм.

-Жижиг намуудыг сонгуульд оролцохыг энэ хуулиар хэрхэн олгож байгаа вэ. МАНАН-ынхан өөрсдөдөө зориулсан хууль баталлаа гээд байгаа?

-Би бол тэгж бодохгүй байгаа. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд энэ хоёр намыг гол хүчин зүйл байлгах юмсан гэж огт бодоогүй. Харин ч эсрэгээрээ цаашид олон намын төлөөлөлтэй байж, урьд өмнөхөөс илүүтэй тогтвортой, аюулгүй байдал чухал гэдгийг анхаарсан. Энэ тохиолдолд бид дотроо эвтэй байхгүй бол гадныханд хамгийн түрүүнд идэгдэх нөхцөл байдал үүсэж магадгүй байна. Тийм учраас дотооддоо эвтэй байх нөхцөл байдлыг бүрдүүлэх хэрэгтэй байгаа юм. Ингэхийн тулд гудамжинд жагсаал, цуглаан хийгээд явдаг хүмүүс үнэхээр иргэдийнхээ төлөө гэсэн хөтөлбөртэй бол парламентад орж ирээд ярилцах нөхцөлийг бүрдүүлж өгье гэдэг үүднээс асуудалд хандаж ярьсан. Тэгж ч батлагдсан байгаа. Намуудын босгыг таван хувь гэсэн. Энэ бол дэлхийн олон орны жишиг. Үнэхээр иргэдийнхээ таван хувийн саналыг авч чадахгүй бол бид бодлого боловсруулж, тэнд сууж байх ёстой гээд хашгираад байдаг хүм үүс хэрэг байхгүй л дээ.

-Зарим жижиг намууд Сонгуулийн тухай хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэж Цэцэд хандах гэж байгаа юм билээ. Үүнийг та юу гэж бодож байна вэ?

-Бид Үндсэн хуульд нийцнэ л гэж хуулиа гаргасан. Тэр хүмүүс Цэцэд хандах, түүний хариуд ямар шийдвэр гаргах вэ гэдэг нь хэн.ч урьдчилан мэдэх аргагүй л зүйл шүү дээ.

-Та тэгвэл ажлын хэсгийг ахалсныхаа хувьд хэр итгэлтэй байна вэ?

-Би бол итгэлтэй байна. Үндсэн хуулийн Цэц ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй. Гэхдээ одоогийн энэ хууль бол Үндсэн хуульд харшлах зүйлгүй гэдэгт итгэлтэй байгаа. Цаашдаа харж л байя. Ямар та нар Цэцэд хандаж болохгүй гэлтэй биш.

-Зарим гишүүд энэ хууль Цэц дээр очоод унана. Тийм учраас ирэх сонгууль хуучин тогтолцоогоороо явна гэх юм?

-УИХ бол манай нийгмийн тусгал шүү дээ. Энд янз бүрийн л бодолтой хүмүүс бий. Гэхдээ ганцхан зүйл хэлэхэд Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хэн нэгэн гишүүн, УИХ, Дээд шүүх, Ерөнхийлөгч мэдэх зүйл биш. Эцсийн шийдвэрийг Цэц л гаргана. Гишүүд дотроо бодож байгаа зүйлээ тэгэх байх гэж л хэлж байгаа байх л даа. Эсвэл энэ хууль маань цааш явахгүй байх вий гэж санаа зовсон ч байж болох юм.

-Хэрэв Цэц эсрэг дүгнэлт хийвэл яах вэ?

-Хууль бүхэлдээ хүчингүй болно гэж байхгүй. Тодорхой зүйл заалтууд дээр л дүгнэлт гарна. Хэрэв тийм дүгнэлт гараад ирвэл дахин УИХ-аар хэлэлцэх асуудал гарна.

-"Иргэд УИХ-ын гишүүнийг шууд сонгоно" гэсэн Үндсэн хуулийн зарчим зөрчигдөнө гээд байгаа. Тэгэхээр тогтолцоогоо дахин ярьж болзошгүй гэсэн үг үү?

-Би шууд сонгоно гэдгийг санал эгч байгаа хүн өөрийн биеэр санал өгөхийг шууд гэж ойлгож хуулиа гаргасан. Энэ талаар олон жилийн маргаан явж байгаа юм билээ. Бид материал судалсан. Үндсэн хуулийг баталж байх үеийн протоколыг хүртэл авч үзсэн. Тухайн үед "шууд" гэдгийг яг ингэж ойлгоно гэж заалгүйгээр бичсэн байна лээ. Тийм болохоор ажлын хэсгээс сонгогч өөрийн биеэр ирж саналаа өгөхийг шууд гэж ойлгон хуулиа бэлтгэсэн. Цаашид хэрхэхийг харж л байя.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.