2011.12.21

Шилжилт хөдөлгөөнийг санал авахаас сарын өмнө зогсооно

УИХ-ын Сонгуулийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Хуулийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Төрийнбайгуулалтын байнгын хорооны даргаЖ.Сүхбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Сонгуулийн хуулийг УИХ-ын дарга ёсчилж, Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлжээ. Ирэх долоо хоногийн мягмар гараг хүртэл Ерөнхийлөгч ут хуульд хориг тавих эрх нээлттэй байгаа юм.

Шинэ хуулиар нэр дэвшигчид сонгогчийн саналыг өөртөө татахаар нөлөөлөх, санал худалдаж авах үйлдэл гаргавал хатуу хариуцлага хүлээлгэхээр болжээ. Сонгуулийн жил эхэлснээс нэр дэвшигчийг бүртгэж үнэмлэх олгох хүртэл хугацаанд, мөн сонгуулийн  сурталчилгааны үеэр сонгогчдыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараах, хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үйлчилгээ үзүүлэх, ивээн тэтгэх, хүлээн авалт, дайллага хийх зэргийг хориглосон байна. Нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр тусгавал түүнийг хэрэгжүүлэх зардлын дүн нь Төсвийн тогтвортой

байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцсэн байх ёстой гэжээ.Нам эвсэл, бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт мөнгө, эд хөрөнгө, уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлогоос иргэдэд аливаа хишиг хувь хүртээх амлалт тусгахыг хориглосон зохицуулалт оруулсан байна. Ингэснээр иргэдэд бэлэн мөнгө, хишиг хувь амлаж санал татдаг тактикаасаа намууд бүрмөсөн татгалзахаар болж байгаа юм. Зөрчил гаргасан нэр дэвшигчийг жагсаалтаас хасах, нам, эвслийн хувьд сонгуульд оролцох бүртгэлийг хүчингүй болгох зэрэг хатуу арга хэмжээ авахаар болжээ. Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд зөвхөн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийг ажиллуулахаар хязгаарлалт хийжээ. Харин сонгогчдын бүртгэлийг зөвхөн иргэний бүртгэлийн байгууллага хариуцаж гаргахаар болсон байна. Иргэдийн шилжих хөдөлгөөнийг санал авахаас 30 хоногийн өмнөөс хориглохоор заалт оруулжээ. Санал тооллогыг автомат системээр явуулахаар тусгай хууль баталсан. Мөн сонгуулийн төлбөртэй сурталчилгааны хугацааг хязгаарлаж өгчээ. Сонгогчдын саналыг урьдчилан авах тухай ойлголт байхгүй болж байна. Өмнөх сонгуулиудаар тухайн хэсгийн сонгогчдын 10 илүү хувь нь саналаа урьдчилан өг байсан нь будилаан үүсгэдэг гэж үздэг байсныг дээрх заалтаар таслан зогсооно гэж үзжээ. Зайлшгүй гэрээрээ санал өгөх хэвтрийн өвчтэй зэрэг хүмүүсээс санал хураахаас нэг өдрийн өмнө зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах болсноор санал авах өдөр хэсгийн хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах бололцоог нээж өгсөн аж. Мэдээлэл хийсний дараа УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

Сонгогчийн үнэмлэх тараахгүй

 

-Сонгогчид яг яаж саналаа өгөх вэ?

-Саналын нэг л хуудас байна. Дундуураа зураастай. Дээд талд нь мандатын тоогоор нэр дэвшигчдийн жагсаалт байна. Дор нь зөвхөн намуудын нэр Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар бичигдсэн байна. Яаж тэмдэглэхийг СЕХ журам гарган зохицуулна. Нэр дэвшигчдийг мандатын тоогоор тэмдэглэгээ хийж санал өгнө. Дор нь байгаа байгаа намуудын нэрээс мэдээж дээд талын хэсэгт саналаа өгсөн нэр дэвшигчийн намаас хамаарахгүйгээр сонгогч өөрийн дэмжиж байгаа нэг намыг тэмдэглэнэ. Харин сонгогчийн үнэмлэх гэж байхгүй. Шууд иргэний цахим үнэмлэхээрээ өгнө.

-Нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас хасах, нөхөн нэр дэвшүүлэх талаар ямар заалтууд орсон бэ.

-Нэр дэвшигчийг татах талаар олон заалт бий.Харин нөхөн нэр дэвшүүлэх асуудлыг гаргуулахгүй байхаар зохицуулж байна. Саналын хуудас хэвлэгдсэнээс хойш нэрээ татаж оронд нь өөр хүн дэвшүүлэх асуудал байхгүй. Урьд өмнө ийм явдал гарч байсан нь зарим будлианыг үүсгэсэн гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл тойрог наймаалах гэх мэт. Нөхөн нэр дэвшүүлэх асуудал хоёр тохиолдолд л байх юм. Нэг дэвшигч нас барсан, шүүхээр ял шийтгүүлж хоригдох болсон тохиолдолд нөхөн нэр дэвшүүлнэ.

-УИХ-ын болон Орон нутгийн сонгууль хамт явагдаж чадах уу?

-УИХ-ын болон Орон нутгийн сонгууль явуулах тухай хууль одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа. Гэхдээ энэ хоёр сонгуулийг ядаж энэ удаа тусад нь явуулахгүй бол маш их бэрхшээл гарах бололтой. УИХ-аас дахиж нэг эргэж харах ёстой асуудал байх гэж бодож байна. Энд УИХ-ын сонгууль хууль ёсны бөгөөд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд явагдах уу гэдэг ойлголт гарч байгаа юм. Орон нутгийн сонгуулийн тойрог байгуулах аргачлал УИХ-ын сонгуулийнхаас өөр. Санал хураах байранд нийлж санал хураалт явуулна. Сонгуулийн хэсгийн хорооны бүрэлдэхүүнийг хэрхэн байгуулах вэ гэдэг асуудал гарна. УИХ-д дээд тал нь 600 гаруй нэр дэвшигч өрсөлдөж байсан. Орон нутгийн сонгуульд 7721 мандаж байдаг. Ийм тооны төлөөлөгч сонгоно. Өрсөлдөгчидтэйгөө нийлээд наад зах нь 15442 болно. Үүн дээр дээр УИХ-ын сонгуулийн 400 гаруй нэр дэвшигч байна гэж бодоход 16000 гаруй нэр дэвшигч өрсөлдөнө. Аль болох олон хүн сэтгэл ханамжгүй үлдвэл сонгууль зөрчилдөөнтэй болдог, 16 000 нэр дэвшигчээс 8000 нь ялагдлаа хүлээх болно. Тэдний хэчнээн нь сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх бүрийн ард 50 дэмжигч байлаа гэхэд 400 мянга болж  байгаа юм.Тэднээс нь , нэлээд нь сонгуулийг хууль бус болсон гэж мэдэгдэх болно. УИХ-ын сонгуульд 17-18 мянган хүн ажилладаг. Тэгэхээр сонгуулийн хороодын бүрэлдэхүүний тоо 30 мянга болж магадгүй байгаа. Ийм том нүсэр зохион байгуулалтыг хийхэд хэцүү. УИХ-ын сонгууль бүх юмыг шинээр туршиж байгаа учир СЕХ-ны хүчин чадал, сонгуулийн үр нөлөө, ийм том зохион байгуулалтыг хийж чадах уу? гэдэг асуулт гарна. Онол талаасаа үзэх юм бол орон нутгийн сонгууль бүх нийтийн сонгууль биш, нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгууль. Ийм ч учраас Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуулийн хавсарга сонгууль гэж үзэж болохгүй гэдэг. Нийлүүлэх юм бол иргэдийн хурал бүрэн улс төржилтөд автах болно. Нэлээд олон гишүүд Орон нутгийн сонгуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хуулийн төслийг их олон гишүүн дэмжиж байгаа юм билээ. Энэ хууль батлагдвал нэр дэвшихээс эхлээд шал  өөр болно.

-Эмэгтэй нэр дэвшигчдийг хувь тэнцүүлсэн хэсэгт яаж жагсаах вэ? 14-өөс хойш бичигдвэл сонгогдох магадлал бараг байхгүй байгаа шүү дээ?

-76 хүнээс 20 хувь гэхэд 15-16 эмэгтэйг дэвшүүлнэ. Тойрог дээр ч нэр дэвшинэ, намын жагсаалтаас ч гарна. Тойрог дээр авсан саналаараа намын нэрээр дэвшүүлсэн сонгогчид дотроос УИХ-д сонгогдох бол тэндээс эмэгтэй хүн орох боломж бий. Тухайн намаасаа хамгийн дээд зинДаанд эрэмблэгдсэн хүмүүс байна. УИХ-д суудал авч чадаагүй ч торд өндөр албан тушаал хаших боломж бий. Эмэгтэйчүүдийн квотыг тогтоолоо. Зарим оронд үүнийг жигдлэхийн тулд эрэгтэй эмэгтэйгээр солбиж бичих гэх мэт байдаг ч бид энэ хуульд албан ёсоор энэ талаар тусгаагүй. Тухайн нам, сонгогчид өөрсдөө шийддэг байх ёстой болж байгаа юм. Бидний хуулиар тавьсан шаардлага бол 20 хувийн босго. Зарим нам 15 нэр дэвшигчээ яаж олох вэ гэдэг нь хүнд байна гэсэн. Тэр гэхдээ тусдаа асуудал. МАН-д бол 20 хувь хангалттай байгаа. Эмэгтэй нэр дэвшигчдийг хойгуур жагсаахаар нам шийдэхгүй байх". Намын дотоод ардчилал, соёлын хүрээнд, төрийн тавьж байгаа бодлогын хүрээнд харгалзаж шийдэх нь оновчтой байх. Ингэж шийдэж чадаагүй тохиолдолд нөгөө талд том хяналт байгаа шүү дээ. Тиймээс энэ асуудлаар төдийлөн том асуудал гарахгүй байх.

 

 

Гадаадад байгаа иргэдийн санал хуралт хагас сарын өмнө дуусна

 

-Гадаадад байгаа иргэд саналаа яаж өгөх вэ?

-Гадаадад байгаа иргэд хувь тэнцүүлсэн хэсэг дээр саналаа өгнө. Өнгөрсөн онд болсон иргэний шинэчилсэн бүртгэлээр 100 гаруй мянган монголчууд шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байсан. Яг яаж санал авах талаар СЕХ, ГХЯ хамтран журам гаргана. Гол шаардлага бол нэг нь хувь тэнцүүлсэн нөгөө нь өөрийн биеэр ирж саналаа өгөх ёстой.Тэр саналыг санал хураах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө нэгтгээд СЕХ-нд ирүүлсэн байна. Харин саналын хуудсыг санал хураасан өдөр хамт тоолно. Хуульд зааснаар дипломат төлөөлөгчдийн байгууллага байдаг газрын иргэдийг сонгуульд хамруулахаар хуульд тусгасан. 30 гаруй оронд амьдарч ажиллаж байгаа хүмүүс санал өгөх эрхтэй болж байгаа юм. СЕХ зүгээс машинаар хураахтай холбоотой олон асуудал гарч магадгүй. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн шатанд хойшлуулбал яаран юм гэсэн байр суурьтай гишүүд ч байсан. Гэхдээ ямар ч байсан эхний алхмаа хийлээ. Бусад орнууд их олон жил хэсэгчилсэн туршилт хийж байж нэвтрүүлдэг, Бид хуулиа гаргалаа. Зохион байгуулах ажлыг СЕХ хийнэ.

-Архи тамхины бизнес эрхлэгчдийг нэр дэвшүүлэхгүй гэсэн санал унасан. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Архи тамхитай тэмцэхийг дэмжинэ. Гэхдээ сонгуулийн хуульд тусгахаас бусад олон арга замаар хийж болно. Сонгуулийн эрх бүхий иргэн гээд хуульд заасан, дээр нь хөрөнгө чинээ, арьс өнгө, шашин шүтлэг, яс үндэс, албан тушаал, үзэл бодол боловсролоор ялгаварлалгүй оролцох эрхтэй. Ийм байдлаар асуудалд хандаад ирвэл дараа дараагийн асуудал гарч ирнэ.-Уул уурхайн салбарын бизнес эрхлэгчид эсвэл баяжиж байгаа хүмүүсийг оруулахгүй гэх асуудал гарвал яах вэ?. Үндсэн хуулиар хориглоогүй байхад гэнэтхэн хориглож болохгүй. Архи, тамхитай тэмцэх олон арга бий. Энэ хуулиар ийм ялгаварласан заалт хийж болохгүй.

-Хэвлэл, мэдээллээр сурталчилгаа явуулж байгаа байдалд хэн хяналт тавих вэ?

-Хяналтыг хоёр янзаар тавина. Нэг нь төрийн, нөгөөх нь төрийн бус байгууллагын. СЕХ, Хэвлэл, мэдээллийн зөвлөл хийдэг. Мон нам эвсэл, иргэн сонгогчид хяналт тавина.

 

Сонгуулийн хууль цэц дээр уналаа ч бүхэлдээ хүчингүй болохгүй

 

-Цэцэд хандах асуудал гарч болзошгүй байгаа?

-Үндсэн хуулийн цэцийн хууль тогтоомж бий.  Иргэний болон тодорхой байгууллага, албан , тушаалтны гаргасан хүсэлтийн дагуу  авч үздэг. Өөрсдөө санаачилгаараа хэлэлцдэггүй. Тиймээс Монгол  Улсын иргэн хэн ч бай хуулийн  талаар тодорхой асуудлаар цэцэд хандах эрхтэй. Ямар нэг зүйл заалт хүчингүй болголоо гэхэд тэр нь л хүчингүй болохоос хууль бүхэлдээ "хүчингүй болохгүй. Ямар нэг зүйл заалт хүчингүй  болбол тэрийг өөрчлөх ёстой болно.

-Сонгуулийн санал хураах өдөр амралтын өдөр байх уу?

-Сонгуулийг ажлын өдөр явуулна. Тэр өдрийг амралтын өдөр болгоно. Эхний хувилбараар 6 дугаар сарын сүүлийн долоо хоногийн лхагва гараг байна гэсэн. Гэхдээ сүүлийн долоо хоногийн аль нэг ажлын өдөр байхаар хуульчилсан.

-Мөнгө тараадаг асуудлыг бүрэн хааж чадсан уу?

-Зорчил дутагдал гарвал унах магадлал ихсэж байна. Энэ талаар маш нарийн заалт бий. Урьд энэ  асуудал тодорхой зохицуулагддаг гүй байсан. Бусдад сайхан өгөөш болж, олзлогдож, унах магадлалтай л болж байгаа гэсэн үг.

-Нэр дэвшигчид хэзээ тодрох вэ?

-Намын нэр дэвшигч сонгууль товлон зарласнаас хойш 20 хоногийн  дараа эхэлнэ. Намууд сонгуулийн сурталчилгаа  албан  ёсоор эхлэхээс өмнөхөн нэр дэвшигчдээ тодруулдаг.

-Сурталчилгааны материалыг нэгдсэн журмаар гаргах уу?

-Эхэндээ ингэж ярьж байсан ч арай боломжгүй гэж үзсэн. Гэхдээ материалын хэмжээг заасан байгаа. Тэрнээс хэтэрвэл наад зах нь торгуулах арга хэмжээ авна.

Эх сурвалж:Монцамэ Ш.Эрдэнэчимэг

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.