“Ерөнхий сайдаа томилж чадахгүй бол УИХ тарах ёстой”
Өнгөрөгч амралтын өдөр АН-ын ҮЗХ хуралдсан ч долоо хоногийн дараа ҮЗХ-г дахин хуралдуулж хэнийг Ерөнхий сайдад дэвшүүлэхээ хэлэлцэхээр болсон. Үүнээс хамаараад Засгийн газар хэзээ бүрэлдэж, төрийн ажил гацаанаас гарах гэх асуудал хариултгүй хэвээр байна. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс зарим асуултад хариулт авлаа.
-АН-ын ҮЗХ-оос Засгийн газраа хэрхэн бүрдүүлэх чиглэл өгсөн гээд байгаа. Одоо бүлэг дээр энэ асуудлыг шийдэх нь хэр оновчтой вэ?
-Нэлээд хүндрэлтэй нөхцөл байдал бий боллоо. Ийм байдал үүсгэх гэж л улc төрийн тогтворгүй байдал бий болгосон гэж харагдаж байна. Одоо улс орноо хүнд байдлаас гаргаад аваад явчих улс төрийн хүчин хэрэгтэй. АН, МАН хоёулаа бие биегүйгээр явж чадахаа больчихжээ.
Энэ хоёр нам улс орноо төвхнүүлж чадахгүй гэдэг нь тодорхой боллоо. Ямар Засгийн газар байгуулах талаар янз бүрийн хувилбар явж байна. Гэхдээ энэ бол төрийн ажил учраас УИХ-ын хүрээнд нухацтай яригдах ёстой.
УИХ-ын 76 гишүүн бүгд оролцож, санал бодлоо хуваалцах хэрэгтэй. Олонх, цөөнхийн асуудал гээд орхиж болохгүй. Цөөнх гээд цаашаа хараад суумааргүй байна. Эсвэл АН-ыг дангаараа хариуцлагаа хүлээ гээд явуулчих хэрэгтэй. Заавал би оролцоно гээд чангаагаад байх шаардлагагүй.
-1997 онд Ерөнхий сайдыг таван сар үүрэг гүйцэтгэгч орлож байсан түүх бий. Энэ түүх давтагдаж байна уу?
-1997 оныхтой төстэй нөхцөл хямрал үүсчихлээ. Ерөнхий сайдыг өргөн барьснаас хойш 45 хоногийн дотор баталж чадахгүй бол УИХ тарах хуультай. Өргөн барих асуудлыг яг цаг хугацаагаар тогтоогүй. Гэхдээ энэ долоо хоногтоо багтаах болов уу.
-УИХ-ын дарга З.Энхболд ҮЗХ-ны хуралдаанд Ерөнхий сайдад АН-ын 33 хүнийг дэвшүүлнэ гэсэн. Мөн одоо Ерөнхий сайдад яригдаж байгаа Ч.Сайханбилэгийн тухайд ямар байр суурьтай байна вэ?
-Хуулиараа хэн ч нэр дэвших эрхтэй гэдэг заалтын хүрээнд 33 хүн нэр дэвшинэ гэж ярьсан болов уу. Ер нь бол Ерөнхий сайд гэдэг нэлээн бэлтгэгдсэн хүн байх ёстой. Улс орны эдийн засгийг бүхэлд нь харж чаддаг, ирээдүйн зургийг гаргаж чадах хүн байх ёстой. Ч.Сайханбилэг бол Ерөнхий сайд байхаар бэлтгэгдсэн хүн биш, тэр чадахгүй.
-Эзэнгүй төсөв батлагдахаас аргагүй нөхцөл байдал үүсчихлээ?
-Засгийн газар нь алга. Гэхдээ төсвөө батлахаас аргагүй. Түргэний машин нь шатахуун байхгүй гээд дуудлагадаа явахгүй, галынхан нь төсөвгүй гээд гал түймрээ унтраахгүй байж болохгүй биз дээ. 2015 оны нэгдүгээр сарын 1 гэхэд бүх үйл ажиллагаа хэвийн явах ёстой. Улстөрийн нөхцөл байдал хямраад ирэхээр хяналтын бүтэц сулардаг талтай.