А.Бакей: Эрх баригчдын тэмцэл намаа устгах нь
Өчигдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр олон гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлсэн ч Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгийн намынхандаа хэлсэн үг олны анхаарлыг татахад хүргэв. Түүний хэлсэн үгийг бүтнээр нь хүргэе.
“Бид Монгол Улс гэдэг нэг л том хамтын гэртэй. Энэ том айлыг сайн сайхан авч явах эрхийг Улсын Их хуралд ард түмэн өгсөн. Харамсалтай нь 76 гишүүн бид энэ гэрийг сайн авч явж чадахгүй байна. Үүний шалтгаан нь юу гэвэл ердөө эв нэгдэл. Эрх баригчид нь өөр хоорондоо тэмцэлддэг, сөрөг хүчин нь болохоор муу байх тусмаа сайн гэдэг зарчмаар ажилладаг.
Үүнээс болоод бидний хамтын гэр болох Монгол Улс маань муухай харагдаж байна. Бид өөрсдийнхөө төрсөн гэрээ муухай харагдуулж байна. Мөн зарим талаар бид ардчиллын үнэт зүйлсээс ухрах зүйлийг маш их хийж байна. Үүнд би маш их харамсч байгаа.
Улс төрчдийг хэн нь хэн бэ, хэр зэрэг ёс жудагтай вэ шалгуур байдаг юм байна. Энэ шалгуур бол ердөө л албан тушаал. Албан тушаалд очих хүртлээ ямар нэг байдлаар од шүүрэх гээд жигтэйхэн их гүйдэг. Албан тушаалд очсоны дараа тэнгэрээс буусан юм шиг дээшээ гарч харайдаг.
Монгол Улс гэдэг том гэрийн доторх Ардчилсан нам гэдэг жижиг гэр ч гэсэн энэ улс оронд асар их үүрэгтэй, нэмэр оруулах ёстой ийм нам шүү.
Албан тушаалаас буусны дараа бас хачин байдалд ордог. Тэгээд дараа нь ямар байдлаар дахиад ямар албан тушаалд очих вэ гээд дараагийн үйлдлээ хийдэг. Ийм л тойргоор энэ улс орноо авч явах гэж, хувиа хичээсэн бэртэгчин зангаар олон жилийг ардаа орхилоо. Мөн ч харамсалтай байна. Тиймээс энэ танхимд сууж байгаа та бид саяын хэлсэн шалгуураар хэн нь хэн бэ гэдгийг өөрсдөөсөө харцгаая гэж уриалмаар байна.
Мөн Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдоод ард түмний итгэлийг хүлээж энэ танхимд сууж байгаа журмын нөхдөдөө хандаж хэлэхэд, бусдын бидний гэр рүү чулуудсан чулууг дагуулж бид бас чулуу нүүлгээд юу хожих вэ. Монгол Улс гэдэг том гэрийн доторх Ардчилсан нам гэдэг жижиг гэр ч гэсэн энэ улс оронд асар их үүрэгтэй, нэмэр оруулах ёстой ийм нам шүү.
Ардын нам ч ялгаа байхгүй. Гэтэл бид юу хийгээд байна вэ. Өөрсдийнхөө гэрийг өөрсдөө шатаах гээд байгаа юм биш үү. Ийм байдлаар хандаад байвал улс орон маань хэцүүдэх нь ээ.
Ард түмний амьжиргаа хэцүүдэх нь ээ. Төрд итгэсэн ард түмний итгэл ямар байдалд хүрэх нь тодорхой болох нь ээ. Тийм учраас журмын нөхөд минь хэдийгээр та бүхэн албан тушаал горьдож байгаа ч гэсэн улс орноо бодоод ухаантай асуудалд хандаачээ.
Би фракцгүй Ардчилсан намыг бий болгох ёстой гэж үзэж байна. Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг ийм байдлаар ард олны итгэл найдварыг 2016 онд хүлээж чадах уу үгүй юу. Тиймээс өнөөдрөөс эхлэн намынхаа бүх гишүүдэд фракцгүй Ардчилсан намын төлөө, улс орондоо том хувь нэмэр оруулахын төлөө, хөгжлийн төлөө бүгдээрээ нэгдэцгээе гэж уриалмаар байна" хэмээн эрх баригчдын тэмцэл намаа устгах аюултайг анхааруулсан юм.