Ө.Энхтүвшин: Засагт орохгүйгээр яриа хэлэлцээр хийж болно
Улс төрд өрнөж буй цаг үеийн үйл явдлын талаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээс тодрууллаа.
-Ирэх оны төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж чадаагүй байгаа. Төсвийн орлого тасрах тухай гишүүд нэлээд шүүмжилж байна?
Ирэх оны төсөв хорин хэдэн жилийн түүхэнд байгаагүй тийм муу төсөл орж ирсэн. Нэг ч шинэ обьектыг Монгол Улс 2015 онд эхлүүлэхгүй гэсэн төсөл орж ирсэн. Дандаа хууучин төслүүдээ цаашаа үргэлжлүүлнэ гэсэн. Энэ жилийн төсвийн орлого нэг тэрбумаар тасрах юм шив дээ.
Одоо байгаагаар 700 сая гэж байна, оны эцэс болоход нэг тэрбум хүрэх байх. Гадаад, дотоодын өрний хүүнд долоон тэрбум төгрөг өгөх болж байна. Үндсэн төлбөртэйгээ нийлэх юм бол хоёр их наяд төгрөг болж байна. Боловсрол, эрүүл мэндийн салбар бүр хүнд байдалд орох гэж байна.
-Өнгөрсөн долоо хоногийн чуулганаар хувийн сургууль, цэцэрлэгүүдэд төрөөс өгдөг мөнгийг болиулах тухай хэлэлцсэн. Хэрвээ төрөс мөнгө өгөхөө больчихвол хувийн сургууль, цэцэрлэгүүд үнээ хэд дахин нэмэх байх даа?
Хувийн сургууль, цэцэрлэгүүдэд өгдөг дэмжлэгийг зогсоох тухай ярьсан. Цаашид хувийн сургууль, цэцэрлэгүүд ажиллахад хэцүү болж байна. Нөгөө талаас хувийн сургуулиуд маань үнээ хэд дахин хамаагүй нэмчихээр тэдэнтэй ярих механизмгүй болчихож байгаа юм.
Хуучин төрөөс нэг хүүхдэд ногдох хувьсах зардал өгч байгаа юм чинь та нар ийм хязгаараас дээш үнээ нэмж болохгүй гэж ярьдаг байсан бол одоо тэрийгээ тавиад туучихлаа. Маш хүнд төсөв болно. Уг нь хэмнэх горимд шилжүүлэх, зардлыг эрс багасгасан төсөв байх ёстой гэтэл орж ирсэн төсөв маань зардал нь хэвээрээ, ард түмэнд хүрч байгаа мөнгө хасагдаж байна.
Сум хөгжүүлэх сан гээд 300,400 сая төгрөг жил бүр өгдөг. Түүнийг сумын Засаг дарга хэдхэн хүндээ хуваагаад өгчихдөг. Ард түмэнд очдоггүй.
-Орон нутагт төсвийн эрх мэдлийг шилжүүлэхийг та дэмжиж байгаа юу?
Орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх нь зөв. Гэхдээ орон нутагт эрх мэдэл шилжүүллээ гээд тэнд ажиллаж байгаа хэдхэн хүнд шилжүүлчихээд байгаа байхгүй юу. Тэрийг л бид эсэргүүцэж байна. Сум хөгжүүлэх сан гээд 300,400 сая төгрөг жил бүр өгдөг. Түүнийг сумын Засаг дарга хэдхэн хүндээ хуваагаад өгчихдөг. Ард түмэнд очдоггүй. Ийм байдлаар шилжүүлэх юм бол буруу.
-Ямар байдлаар шилжүүлбэл зөв гэж харж байгаа вэ?
Ард түмэнд шууд очихоор шилжүүлэх ёстой. Үр шимийг нь бүгд хүртэх ёстой. Тиймээс хяналтын маш хатуу бүтэц тэндээ бий болгож өгөх ёстой. Хэдэн төгрөг ирж байгааг сумын ард иргэд мэдэхгүй. Тэрийг үрээд дууссаны хойно хэдэн тоо сонсдог байж болохгүй.
-Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг танай бүлгийн гишүүдийн зүгээс тавьсан байгаа. Энэ асуудал их хойшилж байна?
Энэ долоо хоногт хэлэлцэх байх. Хуулийн дагуу явах байлгүй дээ. Сүүлийн үед намын даргаа өгөх тухай яригдаад эхэлсэн байна. Бид намын даргын тухай асуудлыг тавиагүй. Ардчилсан намын дарга нь хэн байх нь бидэнд ерөөсөө ч хамаа байхгүй.
-Эв нэгдлийн Засгийн газар байгуулахаар тохиролцож байгаа гэх мэдээлэл байна?
Засгийн газартай хамтраад Эв нэгдлийн Засгийн газар байгуулна гэдэг нь тусдаа асуудал. Заавал Засгийн газарт орохгүйгээр улс төрийн яриа хэлэлцээр хийж болно. Засгийн газарт угаасаа орох шаардлагагүй.