Ж.Энхбаяр: Н.Алтанхуяг намын даргаа өгнө гэвэл Ерөнхий сайдаас огцорлоо л гэсэн үг
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагаас эхлэхээр тов зарласан ч АН-ын бүлгийн хуралдаанаас болж үдээс хойно эхэлсэн. Өөрөөр хэлбэл, чуулганы хуралдаанд гацаа үүсгэж, эрх баригчид АН-ын даргаа байлгах эсэх талаар хэлэлцсэнээр зарим гишүүний бухимдлыг барсан юм. Энэ асуудлаар Ж.Энхбаяр гишүүн байр сууриа илэрхийлэв.
-АН-ын бүлэг хуралдаж байгаагаас болж чуулганы хуралдаан нэлээд саатлаа. Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг намын даргынхаа ажлыг өгөх гэж байгаа гэсэн мэдээлэл гараад байна. Энэ асуудлыг хэрхэн харж байна вэ?
Н.Алтанхуяг намын даргаа өгнө гэвэл Ерөнхий сайдаас огцорлоо л гэсэн үг. Өнөөдөр Улс төрийн намуудын тухай хуульд ялсан намын дарга Ерөнхий сайд байна гэдэг нь дүрэм тов тодорхой байгаа. Энэ бол улс төрийн тогтсон хэв жаяг. Тэгэхээр манайхан “Эзэн 100” гэдэг шигээ ээлжит арга залиа хэрэглэж байгаа юм болов уу даа. Өнөөдөр л тэсэж үлдэх нь чухал.
Тэрний дараа намын хурал хуралдаа ч уу, үгүй ч үү. ҮЗХ нь бүрэлдээ ч үү, үгүй ч үү. Ялангуяа АН-ын доторх ардчилал сүүлийн хэдэн жил зогсчихсон шүү дээ. ҮЗХ-оогоо хуралдуулж чадахаа больсон. Дийлэнх нь төрийн албан хаагч болж, эрх зүйн чадамжгүй болчихсон. ҮЗХ-ийн гишүүдээ чөлөөлөөд дахин хуралдах юм бол улс төрийн өрөг нь өөрчлөгдөх гээд байдаг. Хаа хаанаа ацан шалаанд орсон байна.
Бидний хувьд өнөөдөр хэн байх нь ялгаа алга. Энэ бол АН ын дотоод асуудал. Бид Ерөнхий сайдын асуудлыг тавьсан. Намын дарга нь Арвин, Алтанхуяг болно уу, бидэнд сонин биш. Улс төрийн намын дотоод асуудал. Бидны гол асуудал бол улс төр, нийгэм, эдийн засаг хүндэрч байгаа асуудал. Өнөөдөр эдийн засгийн хямрал биш нуралт үүсч нурж байна.
Төсвийн өнөөгийн байдал туйлын хангалтгүй. Уналтаас урьдчилан сэргийлэх биш хямралаас хохирол багатай гарах ийм төсвийг 2015 онд батлах ёстой.
Төсөв, мөнгөний бодлого нэг байх ёстой, уялдуулдах ёстой. Дээд зэргийн хэмнэлт, дээд зэргийн үр ашигтай нөөц бололцоогоо маш сайн дайчилсан төсөв мөнгөний бодлого гаргаж чадахгүй бол цаана нь эдийн засгийн нөхцөл байдал өдөр өдрөөр муудаж байна.
-Ирэх оны төвсийг боловсруулсан байдал шүүмжлэл дагуулж байгаа. Тэгэхээр ирэх онуудыг хэрхэн төсөөлж байна?
Ирэх онд бидний төлөх өр төлбөр, зээлийн хүүнд 708 тэрбум төгрөг төлөх гээд байна. Үндсэн зээлээс нэг их наяд төгрөг төлөх эдийн засгийн бодит чадавхиа алдчихаад байна. Ирэх жил улсын төсвөөс нэг ширхэг ч шинэ хөрөнгө оруулалт хийх боломжгүй болчихлоо. Энэ өрийн хавцлаас яаж гарах вэ гэдэг нь бидний нэн тэргүүний асуудал.
Төсөв, мөнгөний бодлого нэг байх ёстой, уялдуулдах ёстой.
Энэ асуудалтай хамт валютын хүчтэй уналт бий болох гэж байна. Энэ асуудлыг дагаад банк санхүүгийн байгууллагын хямрал болно. Үл хөдлөх хөрөнгийн уналт болох гэж байна. Энэ асуудалд ард түмэн бэлдэх ёстой болоод байна. Өнөөдрийн намын даргын асуудал үнэхээр хамаа алга.
Эрх баригч нам үнэхээр хариуцлагагүй байна. Ялангуяа эрх барьж байгаа нам эрх мэдэл албан тушаалаа хадгалж үлдэхийн тулд яахаас буцахгүй байна. Яагаад гэвэл албан тушаалаас мултраа л бол өөр газар хүлээж байгаа. Шулуухан хэлэхэд идсэн уусан, ашигласан, авилгал авсан ноцтой асуудлууд их байна шүү дээ.
-Төрийн байгуулалтын байнгын хороо энэ долоо хоногт хуралдах байсан ч тодорхойгүй гэдгээр завсарлаж байна. Тэгэхээр яг ямар шалтгаанаар хойшилсон юм бол?
Н.Алтанхуягтай холбоотойгоор Монголын төрийн бүх ажил хойшилчихоод байна. Хангалттай хойшиллоо. Одоо гадаа цас орж байна. Зүүн нутаг тэр чигээрээ түймэрт шатаж байна. Өвлийн бэлтгэл хэр байна. Бүх системдээ бид задарчихаад байна. Орон нутаг удирдлагаа алдчихаад байна.
Дур зоргоороо аашилж байна. Төрийн байгууллагуд нь чадавхигүй болчихсон, ажил нь үндсэндээ зогсчихсон байна. Фракци хоорондын тэмцэл нь ингээд дээд шатнаас нь доод шат хүртэл нь хуваагаад хаячихлаа. Ийм нэгдмэл бус, зохион байгуулалтгүй, дээрээс нь гарын салаагаар мөнгө урсгасан.
Энд тэндгүй баяр ёслол, салют буудуулцгаах юм. Үр ашиггүй хэдэн зуун тэрбумаар нь зарцуулж байгааг бид харж байна. Нөгөө талдаа өнөөдөр эмнэлэг, сургууль ямар хүнд нөхцөлд байгаа билээ. Тэрийг тоож байгаа ч юм алга.
Хуулийн хугацаа өчигдөр дууссан. Өнөөдөр хууль хэрэгжих ёстой.
-Тогтоолын төсөл өргөн барьсан тохиолдолд УИХ хэзээ шийдвэрлэх ёстой юм бэ. Өөрөөр хэлбэл, нэр бүхий 28 гишүүний өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэх хугацаа дуусгавар болж байгаа биз?
Хуулийн хугацаа өчигдөр дууссан. Өнөөдөр хууль хэрэгжих ёстой. Өнөөдөр Н.Алтанхуягын асуудал хурлаар ороод шийдэгдэх ёстой. Эцсийн арга бол АН-ын бүлэг таван өдрийн завсарлага авах. Өөр гарц байхгүй, бид хүлээгээд сууж байна.
Төрийн байгуулалтын байнгын хороогоо хурдан хуралдуул гэж бид шаардана. Н.Алтанхуяг нь огцорно уу, үгүй юу хамаагүй. Бид хариуцлага тооц гээд өгчихсөн байна. Эрх барагчид хариуцлага тооцож чадвал сайн байна. Чадахгүй бол ажлаа бодьё. Цааш явцгаахаас яах вэ.