Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан болов.
2014.10.28

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү 2014.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, Бүсийн оношлогоо, эмчилгээний төв, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв нь эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эмийн сантай байх тухай / хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс чанартай, баталгаатай эмийн үйлчилгээний талаар санаа тавьж байгаа нь талархууштай ч эхлээд энэ салбарын шинэчлэлийн талаар ярих хэрэгтэйг сануулж байв. Мөн цаг алдалгүй хэлэлцэх ёстой Эрүүл мэндийн даатгалын тухай, Эмийн тусламж үйлчилгээний тухай, Эрүүл мэндийн тухай зэрэг хуулийн хүрээнд эм, эмнэлгийн хэрэгслийн асуудлыг яриад шийдээд явах нь зүйтэй гэсэн саналыг хэлж байсан юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, улсын хэмжээнд эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр 34, эм ханган нийлүүлэх байгууллага 111, эмийн сан 1200 байгаа гэсэн судалгаа байна. Өнөөдөр иргэдийг чанартай, баталгаатай эмээр хангах асуудал тулгамдсан асуудал болоод байгаа. Иймээс тухайн эмч өөрийн харьяа эмнэлгийнхээ эмийн сантай цахимаар холбогдож өвчтөнд ямар эм шаардлагатай байгааг хэлж, эмчилгээ явуулдаг байх нь үр дүнтэй, баталгаатай гэж үзсэн. Бусад улс орон бүгд энэ жишгээр ажилладаг. Харин гадуурх эмийн сангуудын үйл ажиллагааг хаах асуудлыг энд яриагүй. Эмийн худалдаанаас эргээд ашиг нь орж ирдэг тул төсөвт хүндрэл үүсэхгүй. Өвчтөн, эмч хоёрыг холбодог эмийн үйлчилгээг үзүүлэхэд чанартай, баталгаатай эмийн сан хэрэгтэй гэсэн тайлбарыг өгсөн.

Ингээд хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжих боломжгүй гэж үзлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.