С.Бямбацогт: Ерөнхий сайд сайн ажилласан гэж байгаа бол тэгээд шийд л дээ
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2014.10.31

С.Бямбацогт: Ерөнхий сайд сайн ажилласан гэж байгаа бол тэгээд шийд л дээ

УИХ-ын чуулган эхлэхэд МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт байнгын хорооны хуралдаан шалтгаангүй хойшилж, тодорхойгүй байдал үүссэнд бухимдан байр сууриа илэрхийлэв.

-"Шударга ёс" эвслийн бүлгээс авсан завсарлага өчигдөр дууссан. Төрийн байгуулалтын байнгын хороогоор үүнийг авч хэлэлцэх байсан ч эрх баригч намын бүлгийн гишүүд ярилцах шаардлагатай гээд байнгын хороо хуралдаагүй. Өнөөдөр бид өглөөнөөс хойш 15 цаг хүртэл хүлээж чуулган эхэллээ. Гэтэл орж ирж буй асуудал дотор хуулийн хугацаатай Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал алга. Ажлын тав хоногийн дотор байнгын хороогоор хэлэлцүүлж, чуулганд оруулаад эцсийн шийдвэр гаргана гэдэг хуулийн заалт биелэхгүй байна. Энэ ямар учиртай юм бэ. Үндсэндээ Ардчилсан намын бүлэг өдөржин хуралдаад завсарлага авлаа гэж ойлгож болох уу. Эсвэл байнгын хороо өнөөдөр , хуралдах ёстой юм уу.

Ер нь, УИХ сандал ширээ, эрх мэдэл, албан тушаалтай холбоотой асуудлыг удаан хугацаанд хэлэлцдэг жишиг тогтлоо. Нийгэм, эдийн засаг, төсвийн тухай хэлэлцдэггүй.

Гагцхүү сайд нараа хамгаалж үлдэх, УИХ-ын гишүүд сайд ажпыг давхар хашихын тулд ийм үйлдэл олон гарлаа "Давхар дээлтэй" холбоотой асуудлаар 146 хоног, Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг 40 гаруй хонох хэлэлцэж, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдыг чөлөөлөх асуудлыг 14 хоног, Эдийн засгийн хөгжлийн сайдыг чөлөөлөх асуудлыг 120 гаруй  хоног хэлэлцсэн.

Эцэст нь бүтцийн өөрчлөлтөөр сайд нар нь алга боллоо. Эцсийн дүндээ бүхнийг шийдчих бүрэн эрх та бүгдэд бий шүү дээ. Эрх баригчид 50 гишүүнтэй. Өргөн барьсан асуудал таалагдсан үгүйгэз кнопоор шийдэж чадна. Сайд нар үнэхээр сайн ажилласан, улс орны эдийн засаг сайхан, ард иргэдийн амьдрал тавтай гэж үзсэн юм бол түүнийгээ кнопоороо илэрхийл.

Асуудалд битгий ингэж хандаач ээ. Ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт уруудаж, доройтож байна.