Ерөнхий сайдыг огцруулна, огцруулахгүй
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналыг УИХ-ын 28 гишүүн гарын үсэг зурж, өргөн бариад байна.
2014.10.28

Ерөнхий сайдыг огцруулна, огцруулахгүй

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналыг УИХ-ын 28 гишүүн гарын үсэг зурж, өргөн бариад буй. Үүнтэй зэрэгцэн Ерөнхий сайд намын гишүүдтэйгээ зөвшилцөхгүйгээр МАХН- ын дарга Н.Энхбаяртай 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсан нь гал дээр тос нэмэхтэй адил зүйл болсон. Тодруулбал, зөвхөн 28 гишүүн бус АН- ын дээд, доод бүх шатанд Ерөнхий сайд бөгөөд намын даргатайгаа хариуцлага тооцох тухай ярьж эхэлсэн. Бүр дээрх 28 гишүүний өргөн барьснаас тусдаа огцруулах санал гаргаж, нам дотроо гарын үсэг цуглуулж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын гишүүд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэхээр ямар байр суурьтай байгааг тодруулав.

 Р.Бурмаа: Намын даргын сонгуульт хугацаа нь өнгөрчихсөн байгаа

Намын  даргын сонгуульт хугацаа нь өнгөрчихсөн явж байгаа хүн шүү дээ. Манай намын дүрмээр дөрвөн жилийн хугацаатай сонгогддог. Их хурлаараа сонгогддог. Гэтэл хурлаараа баталгаажуулаагүй л яваад байгаа. Ийм хүн АН-ыг төлөөлөөд 2024 он хүртэл өөр намтай хамтарч ажиллах гэрээ хийж, тухайн гэрээгээ гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж байгуулсан нь намын дүрэм болон хууль зөрчсөн үйлдэл.

Аль өнгөрсөн тавдугаар сард гүйцэтгэх зөвлөл МАХН-тай гэрээ байгуулахыг зөвшөөрсөн гээд шалтаглаад байна л даа. Гүйцэтгэх зөвлөлд ийм шийдвэр гаргах эрх байхгүй. Тэгээд ч одоогийн гэрээний заалтыг харахгүйгээр таван сарын өмнө зөвшөөрнө ч гэж байхгүй. Аливаа зүйл хууль дүрмийн дагуу явах ёстой. Үндсэн хуулийн 16.1-д “Улс төрийн нам нь нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ” гэж заасан байдаг. Гэтэл намын дарга нь намынхаа нэрийн өмнөөс Үндсэн хууль зөрчсөн үйлдэл хийж болохгүй л дээ.

 Г. Баярсайхан: Ерөнхий сайдад хариуцлага тооцох ёстой

АН-ын эрх ашигт нийцэхгүй гэрээг МАХН-тай хийснийг би болоод намын бусад гишүүн зөвшөөрөхгүй байгаа. Үүнийхээ төлөө Ерөнхий сайд хариуцлага хүлээх ёстой гэж үзэж эсэх нь тусдаа асуудал.

Миний хувьд өөрийн итгэл үнэмшлээрээ намын даргад хариуцлага тооц гэж гарын үсэг зурчихаад байгаа. Ер нь эдийн засгийн хүндрэл, Засгийн газрын ажлын үр дүн, намын асуудлыг хооронд нь холилгүй тусад нь ярих ёстой. Юун түрүүнд намынхаа дотоод асуудлыг ярих цаг болоод байна.

А.Бакей: Ерөнхий сайдыг огцруулах нь зарим улстөрчид хожоотой ч ард түмэнд хохиролтой

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг бид олон талаас нь харж зөв шийдэлд хүрэх ёстой. Учир нь улс орны эдийн засгийн байдал хүнд байна. Тиймээс засаг солигдсоноор эдийн засгийн хүндрэлтэй байдал сайжрах биш, харин ч хүндрэх магадлалтай. Тэр нь улс төрийн хямралтай давхцах юм бол эцсийн дүндээ ард түмэн хохирно. Улстөрчид хохирохгүй.

Өөрөөр хэлбэл, зарим улстөрчийн хувьд албан тушаалд очих хожоотой ч ард түмэнд хохиролтой. Засгийн ажилд дутагдал байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ энэ бол заавал огцруулж байж шийдэх биш залруулах боломж бий. Үүнд УИХ зөв залаад асуудлыг шийдэх хэрэгтэй гэж үзэж байна.

Д.Зоригт: Засаг тогтвортой байх нь чухал

Эдийн засгийн байдал ийм хүнд үед засаг тогтвортой байх нь чухал.

-Тэгэхээр таны байр суурь огцруулахгүй ээ гэсэн үг үү?

Огцруулахгүй ээ гэсэн үг.