Р.Бурмаа: Ерөнхий сайдыг огцруулж хариуцлага тооцох нь зүйтэй
УИХ-ын гишүүн Р.Бурмаа
2014.10.28

Р.Бурмаа: Ерөнхий сайдыг огцруулж хариуцлага тооцох нь зүйтэй

УИХ-ын гишүүн Р.Бурмаагаас дараах тодруулгыг авлаа.

-Ерөнхий сайдыгогцруулах тогтоолын төслийг 28 гишүүн өргөн барьсан. Тэгвэл Ардчилсан намаас мөн тогтоолын төсөл өргөн барихаар гарын үсэг цуглуулж байна гэсэн. Одоогоор 10 гаруй гишүүн гарын үсгээ зурсан гэж байгаа. Тэр дотор таны нэр яваа харагдсан. Та Ерөнхий сайдыг огцруулахад үнэхээр гарын үсэг зурсан юм уу?

Зурсан.

-Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөлд гарын үсэг зурах болсон гол шалтгаан юу байсан юм бол?

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь УИХ-д хамгийн олон суудалтай Ардчилсан намыг төлөөлөн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн нэг тал болох МАХН-ын дарга Н.Энхбаяртай 15 зүйл бүхий хамтран ажиллах 2024 он хүртэл хүчинтэй байх гэрээнд гарын үсэг зурсан.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа. Тиймээс бид Ерөнхий сайдыг огцруулж улс төрийн хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн манай намын удирдлагын нэг болох Нийслэлийн Ардчилсан намын дарга, Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийн уриалгыг дэмжиж байгаа юм.

 -Яагаад дэмжих болсон юм бэ?
Бид намынхаа удирдлагын шийдвэрийг дэмжиж байна. Хоёрдугаарт, ардчиллын үнэт зүйл, төрийн сүлдний өмнө өргөсөн тангаргаа эрхэмлэж бид уг шийдвэрийг гаргаж байгаа юм. Төрийн сүлдэнд “Нийт ард түмэн улсын эрх ашгийг дээдэлж ажиллана” гэж тангаргалдаг. Хэдийгээр бид АН-аас, сонгогдсон ч төрийн тангаргаараа явах ёстой.
Тиймээс хууль зөрчсөн үйлдлийг нь хараад чимээгүй байгаад байж болохгүй. Бидний хувьд МАН-ын гаргаж буй үндэслэлээр биш Ардчилсан намын гишүүд бид хууль бус үйлдлийг таслан зогсоох нь зүйтэй гэсэн үндэслэлийг гаргаж огцруулах тогтоолын төслийг өргөн барихаар гарын үсэг цуглуулж байна.
Намын үнэт зүйл, эрхэм зорилго, ард түмний өмнө амласан амлалтууд ганцхан намын даргынх биш.
-МАН-аас өргөн барьсан тогтоолын төсөл, АН-аас өргөн барих тогтоолын төслийг хамтад нь чуулганаар хэлэлцээд явах уу. Агуулга, утга ижил заалттай зүйлсийг хамтад нь нэг хэлэлцээд явчихдаг байх аа?

Ижил агуулгатай зүйлсийг нэгтгээд хэлэлцээд явдаг жишиг бий.

-МоАХ фракцыг Ерөнхий сайдыг огцруулахаар идэвхтэй ажиллаж байна гээд байгаа. Яагаад заавал МоАХ фракц Ерөнхий сайдыг огцруулах гээд байгаа юм бэ?

Фракцын эрх ашиг гэдэг бол жижиг зүйл. Тэр бүү хэл намын эрх ашиг улс орны эрх ашгийг ард байх ёстой. Фракци үл хамааран гарын үсэг зурцгааж байна

-АН-ын дүрэмд намынхаа эсрэг санал өгвөл намаас хөөх бүхий заалт байдаг. Хавар таныг тэр заалтаараа хөөх гэж байна гэсэн яриа газар авсан. Одоо Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж кноп дарвал тийм зүйл гарах юм биш үү?

Намын эсрэг заалт гэдгийг нь яаж тайлбарлах юм.

-Ерөнхий сайд АН-ын дарга шүү дээ. Намын даргынхаа эсрэг явлаа гэдэг утгаар нь л асуугаад байгаа юм?

Намын үнэт зүйл, эрхэм зорилго, ард түмний өмнө амласан амлалтууд ганцхан намын даргынх биш. Гакц хүн энэ бүхний өмчлөгч нь биш. Хэрэв Ардчилсан нам хуулийг дээдэлнэ, улс орон ард түмнийхээ эрх ашгийг дээдэлнэ гэдэг нь үнэн бол, нам дотор хэн ч байсан хууль зөрчөөд явбал түүнийг нь зогсоохуйц чадалтай байж энэ нам оршин тогтноно.

Түүний төлөө явж байгаа гэдэг утгаараа бид намын дарга нь буруу зүйл хийгээд явахаас сэргийлж байна. 2024 он хүртэл намын дүрэм, бусадхууль зөрчин, Үндсэн хуулиас гадуур зүйл хийх гээд байгааг тангараг өргөсөн Их хурлын гишүүн, хууль тогтоогч бид эхэлж дуугарахгүй бол өөр хэн хэлэх вэ.

Тиймээс бид  Их хурлын гишүүний эрхээс гадна үүрэг хариуцлага ухамсарлан Ардчилсан намаа аварч, үнэт зүйлийнхээ төлөө бат явахын тулд ингээд байна. Ямар ч өндөр албан тушаалтан байсан хариуцлага гэж байна.

Дахин хэлье. Та нар юм л бол фракц гэдэг энэ ярианаасаа сал. 
-МАН-аас өргөн барьсан тогтоолын төслийг эхлээд чуулганаар хэлэлцэх байх. МоАХ фракц тэр үед МАК ын тогтоолын ТӨСЛИЙг дэмжиж кноп дарах уу?

Дахин хэлье. Та нар юм л бол фракц гэдэг энэ ярианаасаа сал. Фракц хоорондын зөрчил байгаа мэтээр олон түмэнд харуулах гэж байгаа юм уу. Би улс орны эрх ашгийн эрэмбийг ярьж байна. Түүний төлөө буруу зүйл хийж байгаа бол таслан зогсоох ёстой.

-Сүүлийн үед улстөржилт хэрээс хэтэрч улсын ажил явахаа байхаа гэж байна. Ирэх оны төсвөө арваннэгдүгээр сарын 15- нд баталж чадах уу гэдэг зүйл ч яригдаж байна...

Төсвөө ярьж л байна шүү дээ. Юу нь гацчихаад байгаа юм.

-Хугацаанаасаа өмнө батлах уу гээд эргэлзээтэй зүйлс яригдаад байна шүү дээ?

Хэлэлцэж л байна. Хэн нэгэн албан тушаалтан улсын төсвийг уяад хаячихдаг юм уу Их хурал хийх ёстой ажлаа хийгээд л явж байна. Улс төржилт гэдэг нэрийн доор хэн нэгэн албан тушаалтныг хаацайлах гэсэн үзэгдэл явагдаж болохгүй.

-Салбарын сайд нар нь томилогдоогүй байхад нь асуудлуудыг нь хэлэлцээд байна гээд байгаа?

Төсвийн тухай асуудал орж ирэх гэж байхад бүтэц ярьж салбарын яамдаа бужигнуулах ямар шаардлага байсан юм бол. Ардчилсан намын бүлэгтэй болон хэнтэй ч зөвлөөгүй Ерөнхий сайдын өөрийнх нь хийсэн үйлдэл л дээ.

Үүнийгээ заавал төсөвтэй уяад Их хуралд буруу байгаа мэтээр харагдуулах гээд байгаа бол тийм зүйл байхгүй. Их хурал хийх ёстой ажлаа хийгээд л явж байна.