Гишүүд мессежний асуудалд ийм байр суурьтай байна
УИХ-ын гишүүдийн дугаараас иргэд рүү илгээгдсэн эзэнгүй гэх мессежний талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонирхлоо.
О.Баасанхүү: Наад мессежийг чинь нэг их тоохгүй байгаа
-УИХ-ын гишүүдээс иргэдийи утсанд мессеж ирээд байна л даа. Яагаад ингэж ард түмнээрээ тохуурхаад байгаа юм бол оо?
Наад мессежийг чинь нэг их тоохгүй байгаа шүү дээ. Үүнээс илүү Ерөнхий сайдын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн явдлыг л тоогоод байна. Тэр чинь гэмт хэрэг шүү дээ. Өнөөдөр Ерөнхийлөгч, УИХ-ын даргын гарын үсгийг хуурамчаар үйлдвэл яах вэ. Түүнээс биш тэр мессеж яадаг юм. Хэвлэлүүдээр гарч байгаагаас нь харвал мессежийг хамаагүй явуулчихаж болдог юм биш үү.
-Мессеж бичиж ард түмнээр тохуурхаж болохгүй байх аа?
Би лав ач холбогдол өгөхгүй байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
-ТЕГ-аас УИХ-ын гишүүд дотроос энэ мессежийг явуулсан гэдэг мэдээлэл өгөөд байгаа. Энэ нь үнэн учраас та жишээлбэл энэ асуудлыг тоохгүй өнгөрөөх гээд байгаа юм уу?
Мэдэхгүй. Би үнэн гэж хэлээгүй шүү. Шалгадаг газар нь шалгаад тогтоох л учиртай. Зүгээр агуулгынх нь талаас харахад тийм аймшигтай юм харагдахгүй байна гэж үзсэн хэрэг. Гэхдээ ер нь хуулийн байгууллага магадлалтай гэдэг үгийг нэг их хэрэглээд байх шаардлагагүй юм билээ. Нотлох үүрэгтэй байгууллага шүү дээ. Жирийн иргэнийхээ хувиар би таамаглаж болох юм. Тэглээ гээд надад ямар ч ач холбогдолгүй.
Я.Содбаатар: Засгийн газар руу гал чиглэсэн учраас зохион байгуулалттай ийм зүйл хийчихвий дээ
-УИХ-ын гишүүдээс иргэдийн утсанд мессеж ирээд байна л даа. Яагаад ингэж ард түмнээрээ тохуурхаад байгаа юм бол оо?
Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын гишүүдийн утаснаас өөрт нь болоод сонгогчид руу мессеж очсон. Үүнийг УИХ-ын гишүүд өөрсдөө бичээгүй. Энэ бол хоёр талтай. Монгол Улсад кибер аюулгүй байдлын асуудалд анхаарах шаардлагатай болжээ. Дэлхий нийтэд ийм маягаар хувьсгал хийдэг тохиолдол ч байгаа.
Тиймээс бид анхаарах ёстой юм байна. Хоёрдугаарт энэ үйл явдлыг Засгийн газартай холбожойлгожбайгаа. Засгийн газар руу гал чиглэсэн учраас зохион байгуулалттай ийм зүйл хийчихэв үү дээ. Нийгмийн анхаарлыг өөр зүйлд хандуулах зорилготой байж магадгүй. Гэтэл нэг аж ахуйн нэгж эвсэл ганц хоёр хүн Монгол Улсын ийм том сүлжээнд халдсан зүйл хийхгүй болов уу. Тиймээс холбогдох байгууллага шалгах ёстой.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
-ТЕГ бол энэ асуудлын эзэн УИХ-ын гишүүд дунд байгаа гэх утгатай мэдээлэл хийгээд байгаа л даа?
Сүүлийн үед тагнуулын байгууллага нэг хүний хувийн мөрдөх товчоо маягаар ажиллаж байна. Улс төрийн намын өмч рүү халддаг. Янз бүрийн батлагдсан, батлагдаагүй мэдээллийг шууд гаргаж тавьдаг. Уг нь ТЕГ Монголын аюулгүй байдлыг хангаж, гадаад тагнуулын үйл ажиллагаа руу анхаарах ёстой. Гэтэл дотоодын тэр дундаа улс төрийн үйл ажиллагаа руу хэтэрхий оролцоод ирэх нь аюултай.
-Гэрээний нууц хавсралтыг Ардын намынхан зохиомлоор гаргасан гэдэг зүйл яригдаад эхэллээ. Үүн шиг мессежний асуудлыг танай намынхантай холбож хардах хүмүүс байна л даа?
Ардын намд ингэх ямар ч шаардлага байхгүй. Ийм асуудлуудыг гаргаж, нийгмийн анхаарлыг өөр тийш нь хандуулах шаардлага Н.Алтанхуяг тэргүүтэй Засгийн газарт л байгаа.
Д.Ганхуяг: Юу болоод байна вэ гэдгийг харах хэрэгтэй
-УИХ-ын гишүүдээс иргэдийн утсанд мессеж ирээд байна л даа. Яагаад ингэж ард түмнээрээ тохуурхаад байгаа юм бол оо?
-Хууль хяналтын байгууллага үүнийг тогтоох ёстой. Асуулгын агуулга нь Монгол Улсын иргэн, хэний ч дургүйцлийг төрүүлэхээр байсан. Жишээ нь газраа 100 жилээр гадны иргэнд өмчлүүлнэ гэх мэтээр. Тийм хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж, батлагдсан зүйл лав байхгүй.
Тэгэхээр энэ юу болоод байна вэ гэдгийг харах хэрэгтэй байх. Нийгмийг тогтворгүй байдалд ч хүргэж болзошгүй учраас оператор компаниуд хийгээд холбогдох байгууллагууд нь үнэн зөв мэдээллийг ард түмэнд ойлгуулах хэрэгтэй. Дараагийн асуудал нь төлбөрөө төлж үйлчилгээ авч байгаа учраас гар утасны тухайн дугаар нь хувийн өмч болох болов уу.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
Тэгэхээр хүний, иргэний эрхийн асуудал болно. Улмаар УИХ-ын гишүүн гэдэг хүн сонгогчдоор баталгаажиж бүрэн эрх эдэлдэг. Түүнд халдсан тохиолдол байж ч магадгүй гэж харж байгаа.
-Ийм мессеж илгээх сонирхол хэнд байж таарах вэ. Та нарыг ийм зүйл хийсэн гээд байгаа?
Энэ тухай мэдээлэлгүй байна. Өчигдөр АН-ын бүлгийн хурлаар яригдсан. Үүнийгээ тодорхой болго, судалж тогтоо гэсэн чиглэлийг өгсөн.
-Тагнуулаас УИХ дотор мессеж явуулсан эзэн нь байгаа гэж байгаа бол сөрөг хүчин Засгийн газарт бий гэж байна?
Би яаж мэдэх вэ.