Д.Тэрбишдагва: Шаардлагатай бол Шадар сайдын албаа өгнө
“Сайдын 30 минут” уулзалтын үеэр Шадар сайд Д.Тэрбишдагва сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
-Ерөнхий сайдыг огцруулах асуудалд та болон “Шударга ёс” эвслийн бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
-Би Шинэчлэлийн засгийн газарт орж ажиллаж, ийм чухал ажлыг хамтарч бүтээсэн хүний хувьд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Байж болохгүй асуудал. Манай эвслийн бүлгийн гишүүдийн ихэнх нь зарчмын хувьд огцруулах шаардлагагүй гэж үзэж байгаа. Одоо Ардчилсан намын бүлэг хуралдаж байгаа юм байна. Ардчилсан намын хурал өндөрлөхөөр, шаардлагатай гэж үзвэл манай бүлэг хуралдана. Хамтарч засаг барьж буй Ерөнхий сайдаа огцруулна гэдэг зүйд нийцэхгүй асуудал.
-МАХН-ын дарга Н.Энхбаяр таныг “намын дэд даргын албан тушаалаа өг” гэсэн шахалт үзүүлсэн гэх мэдээлэл гарсан. Та ямар тайлбар хийх вэ?
-Албан ёсоор надад албан тушаалаа өг гэж хэлээгүй. Намын даргын суудлыг авах тухай яриа зарим хүмүүсийн дунд гарсаныг үгүйгэхгүй. Ажлаа өгөх тодорхой үндэслэл байгаа юм бол намын дэд даргын суудлаа ч, Шадар сайдын албан тушаалаа ч өгөхөд бэлэн байна. Хор найруулаад, элдэв юм яриад сандал суудалтайгаа зууралдаад байх шаардлага надад байхгүй. Гэхдээ албан ёсоор надад бичиг өгч танилцуулсан зүйл одоогоор ирээгүй байна.
-Өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна вэ. Хадлан тэжээлийн нөөцийг хэрхэн бүрдүүлж байгаа вэ?
-Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг аймаг бүрт очиж ажилласан. Ажлын хэсэг гарч ажилласаны дүнд одоогоор хадлан тэжээлийн бэлтгэл 90 орчим хувьтай явж байна. Мөн өвлийг өнтэй давахын тулд хадлангийн нөөцийг хангалттай бий болгохоор ажилаж байна.
-Ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Эдийн засгийн хямралтай энэ үед агентлагуудын төсвийг хэрхэн хэмнэж байна вэ?
-Төсөв амаргүй байгаа. Гэхдээ 2000, 2004, 2008 оны төсөвтэй харьцуулахад улсын төсөв маш их хэмнэгдэж байна. Энэ жилийн хувьд 2015 оны төсвийг хэмнэлтийн төсөв гэж үзсэн учраас үргүй зардалыг аль болох хэмнэхээр ажиллаж байна. Мэргэжлийн Хяналтын Еррөнхий газрын хяналт шалгалтыг бууруулах чиглэл барьсан болохоор зардал нэмэгдээгүй. Цаашид хяналт шалгалтыг цахим юм уу, сүлжээний хэлбэрт оруулах хэрэгтэй.
Ингээд цаас ашиглахыг багасгах зорилгоор компьютерийн сүлжээг бий болгочихвол нэлээд мөнгө хэмнэх боломж байна. Ер нь хариуцаж байгаа салбаруудын төсвийг аль болох хэмнэх бодлого барьж ажиллалаа. Харин хоёр салбарыг онцгойлон авч үзсэн. Онцгой байдлын ерөнхий газар хүнд нөхцөлд ажиллаж байгаа болохоор найман тэрбум төгрөгийн төсвийг ирэх оны улсын төсөвт суулгуулсан байгаа. Гэхдээ Австри улсын буцалтгүй тусламжаар 16 машин, хоёр мянга гаруй тоног төхөөрөмж авахаар болсон. Нөгөө нь Стандарт хэмжилзүйн газар байна.
Цаашдаа боломж байвал Стандарт хэмжилзүйн газарт төсөв нэмэх хэрэгтэй. Европын стандартыг хэрэгжүүлэх гэж байгаа учраас Стандарт хэмжилзүйн газарт хөрөнгө мөнгө нэмж өгөөч гэдэг хүсэлтийг Засгийн газарт тавьсан боловч санасан хэмжээнд хүрэхгүй байна. Үнэхээр улс орны эдийн засаг ийм хүнд байгаа нөхцөлд бид ойлгохоос өөр аргагүй. Түүнээс биш янз бүрийн лобби хийж төсөв нэмэгдүүлэх сонирхол алга.
-Онцгой байдлын ерөнхий газарт тоног төхөөрөмж дутагдалтай байгаа талаар жил бүр л ярьдаг. Ирэх жил төсвийг нь бууруулахгүй байх хүсэлт тавьсан гэлээ. Хэрвээ төсөв нь буурахгүй байвал шаардлагатай тоног, төхөөрөмжөө хангаж чадах уу?
-Ирэх жилийн Онцгой байдлын ерөнхий газрын төсвийг өнгөрсөн жилийн хэмжээнээс битгий бууруулаач гэдэг хүсэлт тавьсан. Ямар ч байсан бууруулаагүй байна. Мөн Австри улсаас 12 орчим тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж буцалтгүй тусламжаар орж ирнэ гэж би хэлсэн. Мөн гурав, дөрвөн шат, нисдэг тэрэгний асуудал яригдаж байгаа.
Гэхдээ төсвөөс болоод зарим зүйлийг авч чадахгүй байна. Дэлхий нийтэд 16 давхараас дээш давхартай барилгад өөрт нь гал унтраах хэрэгсэл суурилуулсан байдаг юм байна. Тэр стандартыг манай барилгын компаниуд мөрдөөд явах хэрэгтэй байх. Мөн олон улсын жишгээс харахад ийм шаардлагыг холбогдох байгууллагуудад хүргүүлж, хяналт тавьж ажиллах ёстой байдаг юм байна.