О.Содбилэг: Улс төрийн зөвшилцөл хийнэ гэдэг нь Засгийн газарт орж ажиллана гэсэн үг биш
УИХ-ын гишүүн О.Содбилэг
2014.11.05

О.Содбилэг: Улс төрийн зөвшилцөл хийнэ гэдэг нь Засгийн газарт орж ажиллана гэсэн үг биш

УИХ-ын гишүүн О.Содбилэгтэй ярилцлаа.

-Ирэх оны төсөвт Орхон аймагт хэдэн төгрөгийн санхүүжилттэй, ямар объект барихаар тусгасан бэ?

Төсөв хэлэлцэхээс өмнө би тойрогтоо ажиллаад ирлээ. Төсвийн төсөлд Орхонд 12 төрлийн хөрөнгө оруулалтын ажлын жагсаалт гаргасан. Хамгийн гол нь төсвийн төсөлд оруулсан объектуудыг барьж дуусгах мөнгө байна уу, үгүй юү гэдэг нь чухал.

Засгийн газраас оруулсан төсөвт манай аймагт 7.5 тэрбум төгрөг төсөвлөсөн ч хөрөнгө оруулалтын 12 ажлыг дуусгахад 30 гаруй тэрбум төгрөг шаардлагатай гэсэн орон нутгийн тооцоо гарсан.

Манай тойрогт хуваарилсан мөнгө хаанаа ч хүрэхгүй байна. Тэгэхээр энэ жилийн төсөв хүнд болж байгаагийн нэг илрэл нь энэ шүү дээ. Орон нутагт 30 тэрбумын ажлыг 7.5 тэрбум төгрөгөөр хийхийг санал болгож байна гэхээр Монгол Улсын төсвийн төлбөрийн чадвар ямар байдалд орсныг тод харж болно.

Тойргоос сонгогдсон гишүүний хувьд нийгмийн чиглэлийн бүтээн байгуулалтад анхаарал хандуулж байна. Манай намын мөрийн хөтөлбөрт ч энэ чиглэлд анхаарахаар заасан байдаг. Өмнө нь бизнесийн салбарынхан ажил хийхэд хэцүү байна гэж ярьдаг байсан. Харин одоо иргэд ядарч байгаагаа хэлэх боллоо.

Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдээгүй байхад бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн хэвээрээ байна. Шинэчлэлийн Засгийн газар байгуулснаас хойш олон мянган ажлын байр бий болголоо гэсэн мэдээлэл өгсөн. Гэтэл бодит байдал дээр “Би ажил орлоготой боллоо” гэж ярьж байгаа хүн цөөхөн. Энгийн жишээ хэлэхэд, надад ирдэг өргөдлийн тоо сүүлийн хагас жилийн хугацаанд маш их өсч байна.

Өргөдлийн агуулга нь ихэвчлэн гуйлт, хүсэлт байдаг Амьдрах орон гэр өгөөч, хүүхдүүдийг нь ажилд оруулж туслаач гэсэн хүсэлт байдаг Тэгэхээр иргэдтэй уулзахад ч, надад ирсэн өргөдлөөс харахад ард түмний амьдрал улам муудаж байна. Орхон аймагт хэрэгтэй бүтээн байгуулалтын ажил хийх боломж бололцоо төдийлөн гарахгүй байна. Засгийн газраас манай аймагт маш сайн байрлалтай газар “Эко хороолол” гэж байгуулсан.

Гэхдээ Засгийн газар ажлаа маш муу хийсэн. Тиймээс Ерөнхий сайдыг огцруулах төслийг өргөн барьсан.

Олон мянган хүнийг ажилтай болгох байсан газар нэг давхар зуслангийн байшин шиг хороолол барьсан. Энэ хороололд 40 орчим айл орсон. Төсвийн мөнгийг ингэж үр ашиггүй зарцуулж болохгүй.

-Танай аймагт царцаасан объект хэр олон байна вэ. Ер нь ирэх онд санхүүжилт нь шийдэгдэх нь үү?

Манайд царцаасан объект нэлээд хэд бий. Төсвийн тодотголоор санхүүжилтийн эх үүсвэрийг шийднэ гэсэн тодотгол хийгээгүй. Цэцэрлэг, сургуулийн өргөтгөл царцаасан объектууд дотор багтаж байгаа. Орхон аймгийн 25 багийн хоёр нь цэцэрлэггүй. Энэ хоёр багийн хүүхдүүдийг цэцэрлэгтэй болгох санал гаргахаар тодотголоор шийднэ гээд байгаа.

Хичээлийн шинэ жил болохоор цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ муу байна, өдөржин, шөнөжин дугаарладаг гэсэн гомдол гардаг. Тиймээс үүнд анхаарахаар өнгөрсөн жилийн төсөвт тусгасан ч санхүүжилт нь ороогүй.

-Засгийн газраас 30 тэрбумын хөрөнгө оруулалтад 7.5 тэрбумыг өгсөн юм байна. Үлдсэн санхүүжилтийг хаанаас хэрхэн бүрдүүлэх юм бэ?

Нэмэлт санхүүжилт яаж олох вэ гэдэг нь тодорхойгүй байна. Засгийн газар төсвийн орлогоо бүрдүүлж чадаагүй болохоор ирэх оны бүтээн байгуулалтад өгөх мөнгө байхгүй. УИХ төсвийг нь баталж өгсөн. Гэхдээ Засгийн газар ажлаа маш муу хийсэн. Тиймээс Ерөнхий сайдыг огцруулах төслийг өргөн барьсан.

-Төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх тухай ярьж байсан ч энэ санал уначихлаа. Сөрөг хүчнийхэн яагаад эсэргүүцээд байгаа юм бэ?

Орон нутагт төсвийн эрх мэдэл шилжүүлснээр сайн тал байгаа. Орон нутгийн ИТХ нь ямар асуудалд анхаарал хандуулах вэ гэдгээ шийддэг болно гэсэн үг. Нөгөө талаас Засгийн газар хариуцлагаас бултахын тулд орон нутагт бүх ачааг үүрүүлж байгаа дүр төрх харагдаж байгаа юм. Тиймээс үүнийг УИХ- ын чуулганаар ярилцаад буцаасан. Монгол Улс нэгдсэн төсөвтэй улс учраас ярилцаж байж шийдвэр гаргах ёстой.

-Хотын дарга Э.Бат-Үүл нийслэлийн төсөвт нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Үүнийг ямар байдлаар шийдэж байна вэ?

Орхон аймагт үүссэнтэй адилхан нөхцөл байдалтай байгаа. Өөрөөр хэлбэл, нийслэлийн хийх ажилд Засгийн газраас төсөвлөсөн мөнгө нь хүрэлцэхгүй байгаа. Нийслэлээс шаардсан мөнгийг өгөх боломжгүй гэдгийг Ерөнхий сайд хэлсэн шүү дээ. Төсвийн боломж байна уу, үгүй юү гэдгийг гишүүд удахгүй байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ.

-Гишүүн болгон ирэх оны төсвийг Маш муу” боллоо хэмээн дүгнэж байгаа. Ер нь сайн зүйл ганц ширхэг ч алга уу?

Парламентад олон жил суусан туршлагатай улстөрчид “Сүүлийн хэдэн жил байгаагүй муу төсөв боллоо” гэж дүгнэж байна. Төсөв, мөнгөний бодлого барьдаг хүмүүс ч ярьж байна. Яг үнэнийг хэлэхэд сайн зүйл нэг ч харагдахгүй байна.

Энэ нь өмнөх жилийнхээс давуу болжээ гэх зүйл алга. ССАЖЯ гэхэд төрөл бүрийн худалдан авалтад 17 тэрбум төгрөг зарцуулна гээд заачихсан байна. Уг нь энэ мөнгөөр сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьж болно. Мөнгө хэмнэнэ гэсэн мөртлөө тусгай сан нэрийдлээр мөнгө зарцуулж байна.

-Жил бүр төсвөө муулж байгаад баталдаг жишиг тогтсон. Энэ байдлаар нь баталбал 2015 оны иргэдийн аж амьдрал ямар төрхтэй бууж байна вэ?

Иргэдийн амьдрал ямар байх вэ гэдэг нь энэ төсвөөс хамаарах нь ойлгомжтой. Монгол Улс төсвийн хөрөнгө оруулалтаар нэг ч сургууль, цэцэрлэг, эмнэлэг барихгүй. Ийм явдал манай улсын түүхэнд гарч байсан юм уу. Тэгэхээр хуучин эхлүүлсэн ажлаа дуусгана гэж байгаа ч мөнгө нь хүрэлцэхгүй байна. Ийм л байдалд бид орлоо. Дээр нь төсөв хариуцсан улс төрийн албан тушаалтан болох Сангийн сайд нь байхгүй.

Жишээ нь, 80 гаруй сая хүнтэй Герман улс сонгуулийн саналаа автомат машинаар тоолдоггүй. 

Ерөнхий сайд нь мэднэ гээд байгаа. Тэгэхээр энэ төсвийг зарцуулж, орлогоо төвлөрүүлэх ёстой хүн нь алга. Гэсэн ч хуулиндаа захирагдаад бид яриад явж байна. Мэдээж шинэ сайд Сангийн яаманд очиж таарна. Тэр үед асуудал үүслээ гэхэд “Намайг байхгүй байхад энэ төсвийг баталсан би мэдэхгүй” гээд зогсчихвол яах юм.

-Яагаад төсвийг жил болгон яаруу сандруу баталдаг юм бэ?

Уг нь хуулиараа хаврын чуулганаар төсөвтэй холбоотой дагалдах хуулиудыг хэзээ, хэрхэн батлах вэ гэдгийг тодорхой болгодог. Үүний дагуу хийхгүй байгаа учраас асуудал үүсээд байна. Засгийн газар таван сарын хугацаанд бэлдсэний дараа төсвөө оруулж ирэх ёстой байсан. Нэг баталсан хуулийнхаа дагуу ажиллаж чадахгүй. Цагийг нь тулгачихаад батлахаас өөр аргагүй гээд зүтгэж байна. Ингэхээр төсвийн сахилга бат алдагдаж, төлөвлөсөн ажил нь хэрэгжихээ больж байгаа юм.

-Засгийн газрын бүтцийн өөрчлөлт, Ерөнхий сайдыг огцруулах асуудал яагаад төсөвтэй зэрэг ороод ирэв ээ?

Улс төрийн хүрээнд бужигнаан болж байгаа нь хариуцлагаас зугтахаар зэхэж байгаа хүмүүст ашигтай байх. Засгийн газрын бүтцийг оруулаад дараа нь бүрэлдэхүүнээ танилцуулсан. Төсөв бол хуулийн хугацаандаа явж байгаа. Харин Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг одоо гаргаж тавихгүй бол улс орны эдийн засаг улам хүндэрч эхэлнэ. Энэ өнцгөөс харж манай бүлгээс өргөн барьсан. УИХ дахь МАН-ын бүлгээс төсөвтэй зориуд давхцуулж оруулж ирсэн зүйл байхгүй.

-Эрх баригчид Ерөнхий сайдыг хамгаалаад үлдэх гэж байгаа юм биш үү?

Урьдчилж хэлэхэд эрт байна. Уг нь АН, МАН-ын эдийн засаг гэж байхгүй шүү дээ. Бүгдээрээ Монголдоо амьдарч байгаа учраас сандал ширээтэй зууралдахаас илүү улс орны эрх ашгаа түрүүнд тавих ёстой.

-Сүүлийн үед намууд улс төрийн зөвшилцөл хийх талаар яриа их гарах боллоо. Намын бүлэг дээр албан ёсоор энэ тухай ярьсан уу?

Германд сонгуулийн саналаа бүгдийг нь гараар тоолдог.

Улс төрийн зөвшилцлийн талаар манай намаас УИХ-ын 2012 оны сонгуулиас хойш ярьж эхэлсэн. Манай намын бүлгийг бий болгохгүй олон сар явсан. МАН-ын гишүүдийг байнгын хороонд оруулахгүй удсан. Сүүлдээ чуулганы хуралдааны ирц хүрэхгүй, УИХ-ын ажил зогсох байдалд орсон.

Тиймээс МАН-ын гишүүдийг дахин байнгын хороонд хуваарилж, ажил хэвийн явж байна. Эндээс нэг зүйлийг ажиглаж болно. АН, МАН гэдэг улс төрийн хоёр том нам тодорхой асуудалд шийдэлд хүрэхгүй нэгнийхээ эсрэг харж зогсоод байвал төрийн ажил урагшлахгүй. Бид олон удаа хэлсэн.

Одоо АН-ын зарим гишүүн дэмжиж эхэлсэн. Улс төрийн зөвшилцөл хийнэ гэхээр зарим хүн Засгийн газарт хамтарна гэж буруу ойлгоод байх шиг байна. Тийм зүйл огт байхгүй

-Та Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт орсон. Яагаад хууль боловсруулах ажил удаашраад байна вэ?

Ирэх оны төсвийг хэлэлцэж дууссаны дараа Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намуудын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ гэсэн хүлээлт намын бүлгүүдэд байна. Бүс хариуцсан нарийн бичгийн даргын хувьд иргэдтэй уулзаж байхад сонгуультай холбоотой олон санал, санаачилга гаргадаг.

Зарим нь санал хураах хар машиныг хэрхэн ажилладаг гэдгийг нь мэдэхгүй байна гэдэг. Түүнчлэн гараар давхар хяналтын тооллого хийх саналтай хүн ч байна. Сонгуулийн хар машиныг анх оруулж ирэхдээ алдаатай нэвтрүүлсэн. Энэ машины эрсдэл юу вэ, хаанаа алдаа заах боломжтой вэ, гадны хүчин зүйл нөлөөлөх боломж бий юү гэдэгт ямар ч эрсдэлийн аудит хийхгүйгээр шууд худалдаж авсан.

Тэгээд УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн гурван шатны сонгууль хийсэн. Тиймээс эрх баригчид “Гурван шатны сонгууль зохион байгуулсан сайн байна шүү дээ” гэдэг. Анхнаасаа хөндлөнгийн ажиглалт хийх хэрэгтэй байсан. Өмнө нь СЕХ-оос Солонгосоос санал хураах машин оруулж ирэх санал гаргасныг муулсаар байгаад авч хэлэлцээгүй юм билээ.

Хамгийн гол алдаа нь сонгуулийн санал тоолох хар машинд эрсдлийн аудит хийгээгүй. Ер нь иргэдийн эргэлзээг нэг тийш нь болгох хэрэгтэй. Ингэхийн тулд хяналтын тооллогыг гараар хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Ер нь сонгуулийн хар машины давуу тал нь сонгогчдын өгсөн саналыг хурдан шуурхай нэгтгэдэгт байна гэж сурталчилсан. Гэтэл бодит байдалд сонгуулийн дүн тийм ч хурдан гараагүй. Тэгэхээр үнэхээр давуу тал байна уу, үгүй юү гэдгийг харах хэрэгтэй.

Жишээ нь, 80 гаруй сая хүнтэй Герман улс сонгуулийн саналаа автомат машинаар тоолдоггүй. Сонгуулийн саналаа бүгдийг нь гараар тоолдог. Түүнээс гадна Нью-Йоркийн сонгуулийг ч гараар тоолсон. Өмнө нь машинаар тоолдог байсан ч иргэдийн хүсэлтээр больсон юм билээ. Дэвшилттэй гэдгээр нь хүлээж авахгүйгээр бусад орны жишгийг харсан нь дээр. Өндөр хөгжилтэй орнууд сонгуулийн машинаас татгалзсан тохиолдол олон байна.