"Иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авах, шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт" сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо "Иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авах, шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт" сэдвээр өнөөдөр / 2014.11.06 / Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт яам, агентлагийн Төрийн захиргаа удирдлагын газрын дарга нар, Хууль зүйн яам, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, УИХ-ын Тамгын газрын Судалгаа шинжилгээний хэлтсийн төлөөлөл болон Щвейцарийн хөгжил, хамтын ажиллагааны агентлагийн Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн менежер Жак Мира нар оролцож санал солилцов.
Хэлэлцүүлэгт иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг одоогийн хуулиар хэрхэн зохицуулж байгаа, Төрийн байгууллагуудад өргөдөл хүлээн авч, шийдвэрлэхэд хэрэглэж байгаа программ хангамжийн өнөөгийн байдалд хийсэн судалгаа болон бусад орны туршлагын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Шинэчлэлийн Засгийн газар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авдаг 11-11 төвийг ажиллуулж эхэлснээс хойш ирүүлсэн өргөдөл, гомдол хэн гэдэг албан тушаалтанд, хэзээ очсон талаар мэдээллийн бааз бий болгож, бүхий л мэдээлэл цахим хэлбэрт орсон тухай холбогдох албаныхан танилцуулсан.
Харин өнөөдрийн хэлэлцүүлгээр иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг төрийн байгууллагуудад хэрхэн дамжуулан шилжүүлдэг, техник технологийн дэвшлийг хэрхэн ашиглаж болох талаар санал солилцож, хэрхэн шийдвэрлэх талаар ярилцлаа.
УИХ-ын Тамгын газрын Судалгаа шинжилгээний хэлтсийн референт Ө.Мөнхтунгалаг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандан гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин сайн хөгжсөн бусад орны туршлагын талаар танилцуулсан юм.
Тухайлбал, Их Британи,Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад иргэд хууль тогтоох байгууллага болон Засгийн газар, түүнчлэн төрийн бусад байгууллага, албан тушаалтнуудад ихэвчлэн тухайн улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа дүрэм журамд өөрчлөлт оруулах хүсэлт болон олон нийтийн эрх ашигт хамааралтай асуудлаар Парламент болон Засгийн газарт хандан хүсэлтээ илэрхийлдэг байна.
Тус улсад иргэн төрийн байгууллагын талаарх гомдлоо шат дараалсан тогтолцоонд хандан барагдуулах боломжтой байдаг аж. Төрийн байгууллагын доторх иргэний өргөдөл, гомдол барагдуулах нэгж, Иргэний өргөдөл, гомдол барагдуулах төрийн байгууллагын гэрээт ажилтан, Төрийн байгууллагын талаар иргэний гаргасан гомдлыг барагдуулах төрийн байгууллагын олон нийт болон эрүүл мэндийн үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэнд хандан өргөдөл, гомдлоо барагдуулах боломжтой байдаг байна.
Эдгээр туршлагаас өөрийн оронд хэрхэн нэвтрүүлэх, нутагшуулах асуудлаар хэлэлцүүлэгт оролцогчид саналаа солилцов.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч О.Содбилэг, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нар оролцсон юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.