УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2013.07.01

Бид ОХУ-ын жижиглэнгийн үнээс хоёр дахин үнэтэй шатахуун хэрэглэдэг

УИХ-ын чуулганы Баасан гаригийн /2013-06-28/ үдээс хойшхи хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатараас Уул уурхайн сайдад тавьсан “Газрын тосны бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлийг тогтворжуулах ажлын хүрээнд Монголбанк, Уул уурхайн яамтай хамтран 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр баталсан Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн явц байдлын талаарх асуулга”-ын хариуг сонслоо. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсан.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Ерөнхий сайд нэг мэдэгдэлдээ тагнуулын ерөнхий газрын дэд дарга байх чинь газрын тосны хүнээ тавиад нөгөө үнээ нэм гэсэн хүн чинь олдохгүй байна гэсэн. Дараа нь нөгөө хүнээ тагнуулын дарга болгосон. Одоо тэр хүн олдсон уу. Нэг ёсондоо Монгол Улсын эсрэг газрын тосны үнээ нэм гэж хэлсэн гэж ойлгож байгаа.

Мөн Петро Дачин Тамсагийн гэрээг ил болгох цаг болсон юм биш үү. Монголын ард түмэн сайн мэддэггүй, нууц юм шиг ярьдаг. Тэр нээлттэй гэрээ юмуу хаалттай гэрээ юм уу. Учир нь хөөсөн хөрөнгө оруулалт нэмэгдээд байна гэж би хардаад байгаа. Хэдэн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж үздэг вэ. Өнөөдөр монголын газар нутаг дээр тийм их хэмжээний хөрөнгө оруулалт орсон нь үнэн үү?

Оросын хилээр гарангуут мянган төгрөгөөр бензин авч болдог бол Монголын хилдээ оронгуут 2000 төгрөгөөр бензин ашигладаг.

Түүнчлэн Оросын хилээр гарангуут мянган төгрөгөөр бензин авч болдог. Монголын хилдээ оронгуут 2000 төгрөгөөр бензин ашигладаг. Энэ бүсүүд дээр шатахууны нөөцийн агуулах нээн тэндээсээ орж ирэнгүүт тодорхой хэмжээгээр хуваарилалт хийгээд хилийн бүсийн захын дүүргүүдээ хямд шатахуунаар хангах бололцоо байдаггүй юм уу.

Жилийн жилд үнийн тухай ярьж байхаар Монгол улсын Засгийн газар урт хугацааны тогтвортой үнийн гэрээ хийх бололцоо бий юу. Яагаад гэхээр Оросын засаг тодорхой хэмжээгээр тогтвортой байгаа.

Тэр хэмжээг нь бодоод гэрээний асуудлаа монголд багадаа 1100-гаар шатахуун хэрэглэх бололцоо бий юу. Оросууд жижиглэнгийн үнээр 1000 төгрөгөөр хэрэглэж байхад бид бөөний үнээр авч байгаа мөртлөө хоёр дахин үнэтэй байдаг гэлээ.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Үнээ нэмээч гэж хэлсэн асуудал УИХ дээр хоёр ч удаа яригдаж байсан. Холбогдох хууль хяналтын байгууллага нь тогтоох ёстой гэж бодож байна. Өнгөрсөн оны орон нутгийн сонгуулийн өмнө бензиний үнэ мэдээлэгдэх үе болоогүй байхад хэсэг залуус хуурамч бичиг баримт бүрдүүлээд тодорхой телевизээр үнэ нэмэгдлээ гэж мэдээлж байгаад манай холбогдох хуулийн байгууллага барьж, шалгаж тогтоосон.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Газрын тосны бүтээгдэхүүний үнэ түүхий газрын тосныхоо үнээс шалтгаалаад хэлбэлздэг.

Петро Чайнагийн тухайд “Соко ойл” компанитай хийсэн гэрээ үргэлжлээд явж байгаа. Гэрээнд нуугаад байх зүйл байхгүй. Одоо газрын тосны тухай хуулиа баталсан тохиолдолд энэ компанитай байгуулсан гэрээний үндсэн нөхцлийг өөрчлөлгүйгээр эргэж харах нөхцөл бүрдэнэ. Газрын тосны салбарт мөнгө ихээхэн шаардагддаг.

Нэг цооногийг нэгээс гурван сая доллараар өрөмдөх асуудал бий. Хайгуул бүтээн байгуулалтын ажил хийсэн зардал нь өсч нэмэгдэж байдаг. Эхлээд улсын тухайд тодорхой хэмжээний газрын тосоор нөөц ашигласны төлбөр, тухайн засгийн газрын авах татварыг авчихаад, үлдсэнээс нь зардлыг хасаад үлдсэнийг нь хуваадаг.

Газрын тосны тухай хуулиа баталснаар эдгээр зардалд хөндлөнгийн хараат бус аудит хийлгэх нөхцлийг бүрдүүлсэн. Өнөөдөр төрөөс татаас өгөхгүй бол ямар ч үйлдвэрт үйлдвэрлэсэн газрын тосны бүтээгдэхүүн нэг тонн нь мянга орчим доллартай байна.

Ерөөсөө газрын тосны бүтээгдэхүүний тухайд үнэ түүхий газрын тосныхоо үнээс хэлбэлзэж байдаг. Гэхдээ санхүүгийн үүсмэл хэрэгслүүдийг ашиглаад тодорхой хугацаанд гэрээ хийх саналуудыг тавьсан. Одоо нэг орны нэг компаниас хараат байсан бол нилээн хэдэн үүсвэртэй болсон. Тиймд бид өрсөлдүүлээд ийм боломжийг бүрдүүлэх талаасаа ажиллаж байгаа гэлээ.