Д.Батцогт:Төрийн өмчийн хороог бараг нууцаар хуралдуулаад л шийдчихлээ
УИХ-ын гишүүн Д.Батцогт
2013.01.18

Д.Батцогт:Төрийн өмчийн хороог бараг нууцаар хуралдуулаад л шийдчихлээ

Өнгөрсөн долоо хоногт Төрийн өмчийн хорооноос МҮАН-ын дарга М.Энхсайханыг  Монголын Төмөр замын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Энэ талаар тус намын гишүүн Д.Батцогтой ярилцлаа.  

-М.Энхсайхан даргыг ажлаас нь чөлөөлчихлөө.  Намын гишүүний хувьд энэ асуудалд хэрхэн хандаж байна вэ?

-Өнгөрсөн долоо хоногт М.Энхсайхан даргыг ажлаас нь халлаа.  Бид энэ асуудлаар албан ёсны хурал хийгээгүй ч хоорондоо санал, мэдээлэл солилцсон. Энэ шийдвэрийг буруу гэж бодож байгаа. Яагаад гэвэл, салбарын сайд нь дур мэдэн Ерөнхий сайдаасаа зөрөн байж ийм шийдвэр

Монголын Төмөр замын дарга асан М.Энхсайхан

гаргасан нь нөгөө танхимын зарчмаа алдагдуулж байгаагийн нэг жишээ. Энэ нь юуг харуулж байна гэхээр Энэ Засгийн газрын салбарын сайд болон Ерөнхий сайд нэгдмэл байр суурьгүй байна гэсэн үг. Манай М.Энхсайхан дарга их ажил хэрэгч хүн. Тэрбээр энэ ажлыг хэрхэн үр ашигтай, урт настай өгөөжтэй хийх вэ гэсэндээ л зарим зүйл дээр нь нэлээн том зарчмын зөрүүтэй саналуудыг гаргаж дэвшүүлсэн. Ер нь агентлагын дарга ч юм уу, яамны харьяа газрын дарга өөрийн гэсэн бодлоготой байдаг. Улс орны эрх ашгийг л тэд тэргүүнд бодох ёстой болохоос утсан хүүхэлдэй мэт хэн нэгний үгээр асуудлыг шийддэггүй. Тиймээс ч бондын мөнгийг үрэн таран хийж болохгүй, үр бүтээлтэй зүйлд зарах ёстой.  Эргээд маш хурдан хугацаанд мөнгө олж болох тэр цэг рүү хөрөнгө оруулалтаа хийж, хариуцлагатай байх ёстой гэдэг зарчим л барьсан юм билээ.   Иймээс сайдынх нь гаргасан шийдвэрийг буруу гэж би үзэж байгаа.  

-М.Энхсайхан даргыг ажлаас чөлөөлсөн шийдвэрээс хамаарч танай нам цаашид Засгийн газартай хамтарч ажиллах, эсэх нь шалтгаалах байх гэж бодож байна?

-Ер нь нэг хүнээс болж Засгийн газар доргидог, унадаг байж болохгүй.  Харин хэн нэгэн дур мэдэн буруу шийдвэр гаргавал тэр хүнд нь хариуцлага тооцдог асуудал бол байж болно. Түүнээс нэг хүнийг ажлаас халахаар л Засгийн газрыг унагана гэж хөөсрөөд, дэгэж дэрвээд байж болохгүй л дээ. МҮАН тийм бодлоготой нам биш ээ.  Бид нэг хүнд үйлчилдэг биш, үндэсний эрх ашиг, улс эх орны эрх ашгаа урдаа тавьдаг.

-Та бүхэн тэгж боддог байж болно.  Гэтэл МАХН арай өөрөөр бодоод байх шиг.  Намын дарга Н.Энхбаяраасаа болоод Засгийн газраас гарах талаар ч мэдэгдэж байсан.  УИХ-д эвсэж байгаагийн хувьд үзэл бодол чинь эсрэг байгаад байна л даа?

-Эвсэл хоёр намаас бүрдэж байгаа. Урьд нь МАХН-ын нөхөд маань ийм асуудал тавихад бид Засгийн газар тогтвортой ажиллах ёстой гэсэн байр суурин дээр хатуу байсан.  Одоо ч  Засгийн газар тогтвортой байх ёстой гэдэг энэ бодлого дээрээ хэвээрээ хатуу зогсож байгаа.

-Та намын даргатайгаа уулзсан уу. Энэ асуудлыг юу гэж ярих юм?

-Өчигдөр \уржигдар\ уулзсан. Урьд нь энэ асуудлыг бидэнд ярьдаг байсан.  Орос, Хятадын талд ийм асуудал байгаа юм байна, үүнийг ингэж тавибал эдийн засгийн үр ашиг нь өндөр байх нь. Эхний ээлжинд ингэж тавих нь зөв байна гэхчилэн зарим нэг асуудлаар ярилцдаг байсан.  Зөвхөн бидэнд ч биш, Засгийн газар, УИХ-ын удирдлагуудад өөрийнхөө бодлогыг ойлгуулах гэж хичээж ажиллаж байсан. Тэгэхээр М.Энхсайхан гэдэг хувь хүн дангаараа бүх асуудлыг шийдэх гээд явсан зүйл ерөөсөө байхгүй. Хэн нэгэнтэй зөвлөлдөж өөрийн барьж буй бодлогыг ойлгуулж, мөн тэдний санаа бодлыг авч ажиллаж байсан. Энэ бүхнийгээ л ярьсан. “Надад буруу хийсэн юм байхгүй. Яахав дээ, ажиллах сонирхолгүй байгаа бол гэртээ сууж л байя” гэж байна лээ.

-Ажлаас чөлөөлөх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх байсан юм биш үү.  Салбарын сайд дангаараа шийдвэр гаргачихаж байгаа нь хэр зүйд нийцэх асуудал юм бол.  Та юу гэж бодож байна?

-Яахав, салбарын сайд асуудал тавьж болно. Гэхдээ Ерөнхий сайдтайгаа зөвлөлдөөд ийм асуудал байна, тиймээс энэ хүнийг өөрчлөх саналтай байна гэдэг ч юм уу, зөвлөлдөж ярилцаж байж асуудлыг оруулах ёстой байсан гэж бодож байна. Гэтэл ийм зүйл болсонгүй. Маш хурдан, шуурхай бараг нууцаар Төрийн өмчийн хороог хуралдуулаад л шийдчихлээ.  Энэ тухай Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нь ч мэдээгүй байх. Энэ процедур иймэрхүү л байдлаар явж өнгөрлөө. Төмөр зам бол  Монгол Улсын стратегийн том салбар. Бидний ирээдүйн хөгжлийг Төмөр замгүйгээр төсөөлөхгүй байхын аргагүй. Энэхүү том салбарыг босгъё, хөгжүүлье, хийе бүтээе гэж зүтгэж байгаа хүнээ зүгээр л нэг даргатайгаа муудалцсан ажилтанг халж байгаа юм шиг шууд сольж болохгүй. Буруу зүйл байсан бол ярилцаж ойлголцох хэрэгтэй. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг дээ. Ийм  л байдлаар асуудлыг шийддэг байх шаардлагатай. Түүнээс хэн нэгэн албан тушаалтанд таалагдаагүйн төлөө халдаг, сольдог байж болохгүй.

-М.Энхсайхан Төмөр замын дарга болсон явдал гэнэтийн зүйл байсан.  Түүнийг улс төрийн тохиролцоо ч гэж нэрлэж байсан.  Тэгвэл тохиролцоондоо хүрээгүйгээс болж ийм байдалд хүрчихэв үү?

-М.Энхсайхан бол парламентад суудалтай намын дарга хүн шүү дээ.  Ер нь энэ хүний мэдлэг чадварыг Монгол төр ашиглах ёстой. Тиймээс ч Засгийн газар шийдвэр гаргаад Төмөр замын даргаар томилсон байх гэж бодож байна.  Түүнээс үүнд ямар нэгэн тохиролцооны асуудал байхгүй.  М.Энхсайхан дарга Төмөр замын даргаар очоод нэлээн олон ажил төлөвлөж, ажил ч урагштай явж байсан. Гэтэл гэнэт нэг өглөө сольчих юм. Үүний учир шалтгааныг шүүн, тунгаах байлгүйдээ.  

-Харин та энэ асуудлын учир шалтгааныг харах гэж оролдов уу?

-  М.Энхсайхан даргын ярьж байсан зүйл, бодлогоос харахад буруу юм хийгээгүй. Засгийн газар нь ч гэсэн тийм бодлого барьж байсан гэж ойлгож байгаа.  Тэгэхээр энд шал өөр сонирхлын л юм байгаа байх гэж бодож байна. 

-Тухайлбал, ямар?

-Би тэрийг нь хэлж мэдэхгүй.

-Таны ярианаас асуудлыг салбарын сайдтай холбож үзэх гээд байх шиг байна.  Тэгэхээр салбарын сайдыг шалгуулж, хариуцлага тооцох ёстой гэж бодож байна уу тэ?

-Би түрүүн хэлсэн. Үүний цаана сонирхлын асуудал байна гэж. Иймээс одоохондоо хариуцлага тооцох, тооцохгүй тухай ярих нь эрт байна. Бид асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандахгүй тал талаас нь авч үзнэ.

-АН “Шударга ёс” эвсэлтэй хамтарч эвслийн Засгийн газрыг байгуулаад ажиллаж байна.  Гэтэл МАХН-ын даргыг аавын хаалгыг татуулаад, мөн МҮАН-ын даргыг ажлаас нь чөлөөлчихлөө шүү дээ.  Ийм тохиолдолд “Шударга ёс” эвсэл засагт хамтрах шаардлага байна уу?

-Нэг намын дарга нь шоронд орчихлоо, нөгөө намын дарга нь ажлаас халагдчихлаа гэдэг нь үнэн.  Гэхдээ ард түмэн биднийг сонгохдоо улс орныхоо төлөө, ард иргэдийнхээ төлөө аль болох эвтэй, ойлголцож, хамтарч ажилла гэдэг даалгаврыг өгсөн.  Гэтэл энэ мэт асуудлаас болоод төр засгийг тогтворгүй болгох эрх бидэнд байхгүй. Цаг хугацаа биднийг хүлээхгүй. Тиймээс энэ Засгийн газар ажлаа хэвийн явуулах нөхцлийг бид бүрдүүлэх ёстой.  Гэхдээ үнэхээр хуудуутай асуудал яваад байвал нүдээ таглаад, чихээ бөглөөд суухгүй.

-Эвслийн “хоёр толгой” байхгүй энэ үед бодлогоо хэрхэн авч явах вэ?

-М.Энхсайхан МҮАН-ын дарга хэвээрээ байгаа. Тиймээс намынхаа бодлого шийдвэрт оролцоод л явна.  Тэгэхээр манай намын үйл ажиллагаа хэвийн. Ямар нэгэн байдлаар нам толгойгүй, удирдлагагүй болчихсон зүйл байхгүй.

-М.Энхсайхан дарга “Чингис” бондыг нэлээн шүүмжилж байсан.  Харин МҮАН эвслийн хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Бонд гэдэг бол өрийн бичиг.  Бид УИХ, Засгийн газарт таван тэрбум төгрөгийн бонд гаргах зөвшөөрлийг өгсөн. Ингэснээр эдийн засгаа тэлж, хөгжөөгүй дэд бүтцүүдээ хөгжүүлье, үйлдвэрүүдийг барья, эдийн засгийн хямралаас гарна гэж л тооцоолсон. Энд хийгдпэхээр яригдаж байгаа төслүүдээс авах гээхийн ухаанаар нарийн судалж, тооцоо судалгаан дээр нь сайн суух хэрэгтэй. Өрийн бичиг гэдэг шууд утгаараа ухаанаа уралдуулах учиртай шүү гэдгийг бэлээхэн хэлээд өгч байгаа юм. Ний нуугүй хэлэхэд энэ төслүүд дотор мөнгө урсахаар асуудлууд ч байгаа. Иймээс бид маш сайн судлана, нарийн шүүлгүүрээр оруулна. Бондын мөнгийг зөв зүйлд зарцуулж, эргээд асар хурдан нөхөгдөх төсөл рүү түлхүү хөрөнгө оруулах хэрэгтэй. Тийм төслүүдийн нэг нь Төмөр зам.  Хэрвээ бондын мөнгийг буруу зарцуулж, үрэн таран хийвэл түүнийг яг хариуцаж ажиллаж байсан хүмүүстэй хатуу хариуцлага тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх бодолтой байгаа. 

-Засгийн газар байгуулагдаад хэдэн сар болчихлоо. Түүний үйл ажиллагааг хэрхэн харж бас дүгнэж байна вэ?

-Би Засгийн газрын үйл ажиллагааны  талаар нэлээн өөдрөг бодолтой байгаа.  Одоохондоо айхтар юм хийгээгүй ч цаашид асар их зүйлийг хийхээр төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, зоримог, зоримог алхамуудыг хийж байна.  Үүнийг нь зөвтгөж байгаа. Хамгийн гол нь ам, ажлын зөрүү гарч болохгүй.  Үнэхээр баахан зүйл хийнэ гэчихээд худлаа байж таарахгүй.  Тэгэхээр төлөвлөсөн ажлаа хийж амжуулахын тулд асар хурдтай, хариуцлагатай л ажиллах шаардлагатай. Энэ утгаараа Засгийн газрыг яаран дүгнэх нь хэтэрхий эрт байна.  Ямартай ч бонд гаргаад хөрөнгөтэй болчихсон.  Түүгээрээ юу хийж үр ашигтай зүйлд зарцуулж үр дүнд хүрэхийг цаг хугацаа л харуулах байх.

-Бонд гэж ярихаар заавал хүү гэж зүйл яригдах ёстой.  Гэтэл та үүнийг орхигдуулаад байх юм?

-Ямар ч зээлд хүү байдаг.  Яг энэ дагуу л хийгдэж байгаа ажил.  Энэ мөнгөө маш хурдтай үр ашигтай зүйлд зарцуулахгүй бол хүү явах нь ойлгомжтой.  Энэ хэрээрээ Монгол Улс ирэх тавдугаар сараас эхлээд хүүгийн төлбөрөө хийж эхэлнэ.  Тиймээс бид хоорондоо улстөржиж, маргалдаж, байхаар яг энэ бүтээн байгуулалт энэ төсөлдөө анхаарлаа хандуулж ажлаа эхлэх ёстой. Тиймээс бидэнд хүлээх эрх байхгүй.