2012.03.06
Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 3-р сарын 5-ны Мягмар гарагийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.УИХ-аас 2012 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр баталсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг УИХ 2012 оны долдугаар сарын 15-ны өдрөөр товлосон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт хориг тавьсан юм. Энэхүү хэсэгчилсэн хоригт Монгол Улсын иргэн бүр хуулийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн тулгуур зарчмыг үндэс болгон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүчин төгөлдөр дагаж мөрдөх хугацааг 2012 оны тавдугаар сарын 1-ний өдрөөр тогтоон, хэрэгжүүлэх хугацааг наашлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Ерөнхийлөгчийн хоригийг танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хуулийн төслийг хэлэлцэх үеэр 5-р сарын 1 гэсэн санал яригдаж байсан, 7-р сар болгодог нь түүнийг хэрэгжүүлэх, сурталчлах бэлтгэл ажлыг хангах зорилготой байсныг тайлбарлаад хууль хэрэгжих бэлтгэл ажлын явц хэр байгааг асуусан юм. Энэ асуултанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамрын газрын дарга Д.Баттулга хариулахдаа:-Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд хэсэгчилсэн хориг тавьснаа 2-р сарын 17-нд УИХ-д мэдэгдсэн. Энэ өдөр Ерөнхийлөгч бас АТГ болон хууль хяналтын байгууллагынхантай уулзаж энэ асуудлаар ярилцахдаа хууль хэрэгжих бэлтгэл ажлыг хугацаанд нь хангах боломжтой эсэхийг лавлахад боломжтой гэсэн хариу өгсөн гэлээ. Х.Тэмүүжин гишүүний хувьд "7-р сарын 15 гэсэн хугацааг нааш нь татахгүй бол уг хууль өнөөгийн УИХ-ын бүрэн эрхийн хугацааг өнгөрөөж байж хэрэгжиж эхлэх нь ээ гэсэн шүүмжлэл олон нийтийн зүгээс удаа дараа гарч байгаа тул хууль хэрэгжүүлэх журмуудаа сайтар боловсруулан гаргаж, УИХ энэ чиглэлээр ажлаа шуурхайлбал хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг 5-р сарын 1 болгох боломжтой. Орон нутгийн захиргааны хуулийн хэлтсүүдээс ч энэ асуудлаар сургалт авах хүсэлт Хуульзүйн яаманд ирж байгаа тул энэ 2 сардаа багтаан төрийн албан хаагчдад сургалт явуулан, нэр дэвшигчдээс бусад төрийн албан хаагчдаас сонирхлын зөрчлийн мэдүүлгийн маягт хэзээ авахаа тогтчих хэрэгтэй" гэсэн саналтай байв.
Түүний хэлснийг дэмжин Ж.Сүхбаатар гишүүн хэлсэн үгэндээ төрийн албан хаагчид сонирхлын зөрчлийн мэдүүлэг гаргаж өгөх цаг нь болсныг онцлоод "Энэ мэдүүлгийг гаргуулах маягтандаа зоригтойхон заалтууд оруулж өгвөл Ерөнхийлөгчийн хориг үр дүнтэй болох тул маягт боловсруулах ажилд Байнгын хороо анхааран ажиллах ёстой"-г тэмдэглэсэн юм. Ингээд хуралдаанд оролцсон 11 гишүүний 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.