2021.11.16

Б.Энх-Амгалан: Хууль хэрэглээнийхээ хувьд буцааж хэрэглэх үү, үгүй юу гэдэг асуудал барьж байгаа гэдэг тайлбар хэлэмгүй байна

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн \2021.11.16\-ний өдрийн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах томилгооны сонсгол хийж байна.

Сонсголын үеэр УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Шүүхийг бие даасан, хараат бус болгоё. Улс төрийн ямар нэгэн албан тушаалтан, даргын хамааралгүй болгоё, томилгоогүй болгоё. Шударга шүүхээр бүгд шүүлгэдэг болгоё. Авилгаас шүүхийг ангид байлгая. Шударга шүүхээр бүгд шүүлгэдэг болгоё. Хүн бүр шүүхийн өмнө ижил тэгш эрхтэй байлгая. Хууль дээдлэе. Шүүхийн хонгилыг нураая. Шүүхэд итгэх ард түмний итгэлийг нэмье. Шүүхийн нэр хүндийг сэргээе гэж хийсэн. Тийм ч учраас шүүгчдээс томилдог зүйлд бид нөлөөлөхгүй. Мэргэжлийн шүүгчид нь Шүүхийн ерөнхий зөвлөлдөө ордог юм байгаа биз. Яг Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулахдаа шүүгчид буюу шүүхийн салбарт ажиллаж байсан хүмүүсийг оруулахгүй гэсэн зарчим барьж Монгол Улсын Их хурлын байнгын хорооны 2021.03.10-ны өдрийн 06 тоот тогтоолыг баталсан юм. Энэ журамд цагаан дээр хараар маш тодорхой бичсэн. Журмын 2.2.5–д Шүүгчээр ажиллаж байгаагүй, ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаагүй, Шүүхийн захиргааны ажилтнаар ажиллахгүй байгаа, өмгөөлөгчөөр ажиллахгүй байгаа хүмүүсийг л сонгоё.

Яагаад гэвэл ашиг сонирхлын зөрчил битгий орчихоосой, ахиад шүүхийн зөвлөл дээр асуудал буруугаар битгий эргэчихээсэй гэж бодсон үүднээс энэ журмыг гаргасан. Тэгтэл хууль хэрэглээнийхээ хувьд буцааж хэрэглэх үү, үгүй юу гэдэг асуудал барьж байгаа юм гэдэг тайлбар өмнөөс хэлэмгүй байна.

Би 3 нэр дэвшигчээс асууя. Н.Отгончимэгээс асууя. 2020-2021 онд Улсын дээд шүүхийн тамгын газарт Захиргааны хэргийн шүүхэд зөвлөх, 2021 оноос одоог хүртэл Улсын дээд шүүхийн дэргэдэх ШССМХ-ийн захирал гэхчилэн захиргааны ажил хийж байна. Журмын дагуу та өөрийгөө тэнцэж байна гэж үзэж байна уу?

Н.Мөнхцэцэг нэр дэвшигчээс, 2003-2008 онд Нийслэлийн өмгөөллийн холбооны өмгөөлөгч, 2013 оноос одоог хүртэл Улсын дээд шүүхийн дэргэдэх практик судлалын хэлтсийн дарга, шинжээч ажилтай байна. Захиргааны ажилд ажиллахгүй байгаа гэдэгт тохирч байгаа юмуу?

Н.Баасанжав нэр дэвшигчээс, Та бол Баасанжав консалтинг гэдэг өмгөөллийн компанитай хүн юм байна. 2013 оноос эхлэн одоог хүртэл өмгөөлөгч хийж байгаа юм байна. Энэ журмын 2.2.8-д Өмгөөлөгчөөр ажиллахгүй байх ёстой. Тэгтэл өмгөөлөгчөөр ажиллаж байгаа хүн орж ирж болж байгаа юм уу? Журамд таарч байна уу гэдэгт нэр дэвшигчид хариулж өгөөч.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн асуултад 3 нэр дэвшигч хариуллаа.

Хариулт сонссоны дараа Б.Энх-Амгалан гишүүн тодруулга хийх үүднээс ахин асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: 

Бид нар Монгол Улсын шүүхийг шударга болгохын төлөө зорьсон. Мэргэжлийн шүүгчдийн дунд манай шүүгч бус гишүүд орж ажиллах зориулалттай. Тэдэнтэй ёс зүйн болон сахилгын алдаа гаргахгүй байх л үүрэгтэй. Тийм учраас шүүгч бус гэдэг тодорхойлолт явж байгаа юм. Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны 06 тоот тогтоолоор батлагдсан энэ журмыг уншаагүй юм байна л даа.

“Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Сахилгын хорооны шүүгч бус гишүүнд тавих шаардлагыг хамгийн сайн хангасан гишүүнийг сонгон шалгаруулна” гэж байгаа юм. Энэ журмын 23 дугаар зүйл “Ерөнхий зөвлөлийн болон Сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага” тэгэхээр зөвхөн Сахилгын хорооны гишүүн биш байгаа биз. Үүний 2.2.7-д “Шүүхийн захиргааны ажилтнаар ажиллахгүй байгаа” гэж байгааг та 2 одоо ажиллаж байгаа учраас журмаа зөрчсөн байна гэсэн үг.

Хоёрдугаарт, Сүүлийн 5 жил өмгөөлөгчөөр ажиллаагүй байгаа гэж байгаа. Та 2-3 сарын өмнө өмгөөлөгчөөр ажиллахаас татгалзах бичгээ өгсөн хэргүүдээсээ татгалзсан гээд сууж байгаа, 2013 оноос одоог хүртэл өмгөөлөгч хийж байна гэж оруулсан. Өөрийнхөө нэртэй өмгөөллийн компанитай юм байна. Тиймээс та 3 энэ журмаар бол тэнцэхгүй. Хууль хэрэглээний хүрээнд гэдэг байдлаар битгий тайлбарлаачээ гэж хүсэх байна.

Бид шүүхийн захиргааны ажилтанг, Сахилгын ажилтанг системд нь байгаа эд эсийг нь хөндлөнгийн хяналтаар оруулмааргүй байна. Шүүгч бус гишүүн гэдэг нь энэ сонгон шалгаруулалтын гол зарчим. Тэртээ тэргүй шүүгч гишүүд ороод ирнэ. Тэдэнд бид нөлөөлөхгүй. Харин шүүгч бусыг нь бид шүүхийн шинэчлэлийнхээ хүрээнд авч үзмээр байна.

Өчигдөр шүүхийн ерөнхий зөвлөлд гурван удаа сонгогдсон хүн сахилгын хороонд орж ирсэн. 200-300 шүүгчийг тэр албан тушаалд томилоход шийдвэр гаргалцсан хүн байгаа. Ингэж болохгүй. Асуудалд жаахан зарчимтай хандах ёстой гэж бодож байна.