2015.12.28

Хууль зөрчсөн захиргааны албан тушаалтанг 10 жил хүртэл нийтийн албанд ажиллуулахгүй гэж хуульчилсан

Хууль зүйн яамны мэргэжилтэн Ц.Ариунжаргалтай 2016 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжих “Захиргааны ерөнхий хууль”, түүний авлигаас урьдчилан сэргийлэхэд ямар ач холбогдолтой талаар ярилцлаа. 

- Шинээр батлагдсан "Захиргааны ерөнхий хууль"-ийн ач холбогдлын талаар товчхон?

Шинэ хууль 2017 оны долдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ. Одоогоор захиргааны байгууллагын үйл ажиллагааг түүнд холбогдох 250 орчим хуулиар зохицуулж байна. Гэхдээ эдгээр хууль тогтоомж нь захиргааны байгууллагад эрх олгосон, иргэдэд үүрэг ногдуулсан байдаг учраас иргэн, захиргааны байгууллагын хооронд тэгш бус харилцааг үүсгэдэг. 

"Захиргааны ерөнхий хууль"-тай болсноор захиргааны байгууллага зөвхөн шийдвэр гаргаж, иргэн түүнийг нь биелүүлдэг байхаа больж захиргааг хариуцлагажуулах болно. Ингэснээр иргэн, нийтийн албаны ажилчид хооронд түншийн харилцаа тогтох нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн иргэдэд чиглэсэн шийдвэр гаргахад ямар үе шатууд дамжихийг хуульчилж өгсөн.

Хэн нэгэн албан тушаалтан өөрийн дураар иргэний аливаа асуудлыг эзэнд нь мэдэгдэлгүй шийдэж, тэрхүү шийдвэрийг тухайн иргэн хэдэн жилийн дараа мэддэг байдал арилна. Ингэснээр авлига гарах магадлалыг багасгана гэсэн үг. 

- Хуулинд заасан захиргааны үйл ажиллагааны хэлбэр түүн дотор захиргааны гэрээ, захиргааны акт зэрэг ойлголтыг тодруулна уу?

Өмнө нь олон тооны захиргааны гэрээ байгуулагдаж байсан ч чухам яаж байгуулах, ямар харилцаанд хамааруулах вэ гэдэг нь тодорхой бус байсан. Тэгвэл энэ хуулинд тусгагдсан захиргааны гэрээ гэдэг ойлголтыг тодорхой жишээн дээр тайлбарлавал ойлгомжтой болно. Тухайлбал, орон нутгийн нэг иргэний өвөлжөөнд хамаарах газарт уул уурхайн компани олборлолт явуулахаар болсон тохиолдолд заавал тухайн иргэнээс зөвшөөрөл авч, харилцан зөвшилцсөний үндсэн дээр сум, аймгийн Засаг даргатай гэрээ байгуулна гэсэн үг.

Захиргааны акт нь өргөн агуулгатай бөгөөд хуулинд тусгай бүлэг болгон оруулдаг. Жишээлбэл, Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөг батлахдаа олон нийтийг хамарсан сонсгол, хэлэлцүүлэг явуулна гэдгийг энд дурдаж болно.  

- Төрийн буюу нийтийн албан тушаалтан нь иргэний аливаа асуудлыг шийдвэрлэхдээ чирэгдэл учруулах, зохиомлоор шат дамжлагыг олшруулж хүнд суртал гаргадаг байдлыг энэ хуулиар зохицуулсан уу?

Энэ нь захиргааны хэм хэмжээний актад хамаарна. Тухайлбал, иргэн нэг асуудал шийдвэрлүүлэхийн тулд уг нь гурван баримт бичиг бүрдүүлэх ёстой ч шаардлагагүй бичиг баримт нэмж шаардах нь бий. Тодорхой хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дүрэм журмыг "Хууль зүйн яам" хянаж үзээд, тухайн хуулинд нийцэж байвал бүртгэн авч "Хууль зүйн мэдээлэл" сэтгүүлд нийтэлснээр хүчин төгөлдөр болдог. Тэрхүү дүрэм журмыг хуулийн хэрэгжилтийг хангах төрийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтан гаргадаг. Тийм болоод ч тэр үү аливаа хуулийг дагалдаж гарсан дүрэм журам нь хуулиасаа давж гарсан, өөрийн дураар төлбөр хураамж тогтоодог явдал бий.  

- Энэ мэт зөрчил гаргасан төрийн албан тушаалтанд ямар шийтгэл ногдуулах вэ?

Зөрчлөөс нь хамааруулаад өөрт нь зөрчлийн талаар нээлттэй болон хаалттай сануулах, цалингийн 20 хувийг 6 сар хүртэл хугацаагаар хасах, ажлаас халах, нийтийн албанд 1-10 хүртэл жилээр ажиллах эрхийг нь хасах гэсэн 4 төрлийн шийтгэл ногдуулах тухай хуулинд тусгасан.