Төрийн алба хүчгүйдсэн нь хуультай холбоогүй
Төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн, судлаач Б.Энхбаяр
2015.12.25

Төрийн алба хүчгүйдсэн нь хуультай холбоогүй

Төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн, судлаач Б.Энхбаяртай "Өндөр түвшний авлига" сэдвийн хүрээнд төрийн албан дахь авлигын талаар ярилцлаа. 

- Төрийн алба тогтворгүй байгаагийн гол шалтгааныг та юу гэж харж, ойлгож байна? Төрийн албаны хууль тийм муу хууль уу?

Анхны “Төрийн албаны хууль” 1995 онд батлагдсан. Уг хууль нь улс төрийн үйл ажиллагаанаас ангид, зөвхөн хуулинд захирагддаг, тогтвортой, мэргэшсэн, карьерын зарчмаар шат ахидаг төрийн мэргэшсэн албыг хэвшүүлэх зорилготой хууль байсан. 2002, 2008 онуудад өөрчлөлт орж байсан. Одоо хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн бариад байна. Хуулийн үзэл баримтлал, суурь үзэл санаа 95 оныхтой адилхан хэвээр.

Сүүлийн 20 жилд төрийн алба сонгууль болгоны дараа улс төрийн намуудын бялуу хуваах дайнд нэрвэгдэж ирсэн. Төрийн албан хаагчдаа хамгаалах, Монголын төрийн дархлааг бий болгох эрх зүйн орчин байхгүй гэж асуудлыг хууль руу чихдэг. Төрийн албанд ажилладаг судлаачийн хувьд түүнтэй санал нийлдэггүй. Тухайлбал, төрийн албанаас халагдсан хүмүүс шүүхээр эрхээ сэргээлгэх гээд зарга үүсгэхэд 50% нь заргаа авч, эргэж ажилдаа ордог. Энэ тийм ч бага хувь биш.

Нөгөө талаас, Төрийн албаны зөвлөлд (ТАЗ) их хэмжээний дархлагдсан эрх өгсөн. Сонгон шалгаруулалтад тэнцээд ТАЗ-өөс санал болгосон хүнийг заавал ажилд авах ёстой. Энэ тохиолдолд Засгийн газар эсвэл тухайн байгууллагын оролцох боломжийг хуулиар олгоогүй. Аливаа маргаантай томилгоог шууд цуцлах эрх ТАЗ-д бий. Гэхдээ ТАЗ энэ эрхээ хэрэгжүүлж чадаж байна уу, эсвэл улс төрчдийн гар хөл болчихоод хүчгүй болчихов уу гэдгийг бодох л хэрэгтэй.

Сүүлийн жилүүдийн судалгаа, шүүхийн практик болон гадны туршлагаас харахад асуудал хүндээ байна гэдэг нь тогтоогдсон. Хэн дарга байхаас бүх зүйл хамаардаг. 2004, 2008 оны сонгуулийн дараа төрийн албанд харьцангуй бага хөдөлгөөн орж, нийт албан хаагчдын 5 орчим хувь нь өөрчлөгдсөн. Гэтэл 2014 онд энэ тоо 11 хувь болж өссөн. Энэ нь төрийн алба тогтворгүй байгааг харуулж байна.

Улс төрчид сонгуулийн дараа халаа сэлгээ хийхдээ ажил хийдэггүй, эсвэл авлига авдаг хүмүүсийг халж байна гэдэг ч үнэн хэрэгтээ өөрийн хүмүүсийг томилдог. ТАЗ ийм зүйлийг мэддэг ч дуугүй өнгөрдөг нь тогтворгүй байдлыг улам гааруулж байна. Тиймээс төрийн алба савлагаатай байгаа нь улс төрийн намуудын төлөвшил, хувь хүнтэй шууд холбоотой гэж бодож байна. 

1990 оноос хойш олон намын тогтолцоо бий болж, намыг төрөөс салгасан гэж байгаа ч үнэндээ төрийн алба нь улс төрийн намаар дамжиж, мөнгөөр зодож төрд шургалах гэсэн хүмүүсийн нэгдэл болчихоод байна.

- Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж парламентын гишүүдийг 99 болгох тухай ярьж байна. Төрийн албаны хүрээ улам нэмэгдэх юм шиг?  

Монголын төр авлигад идэгдсэн нь хэтэрхий цөөхөн хүнд эрх мэдлийг төвлөрүүлсэн, тэр тусмаа цөөхөн парламентын гишүүдтэй мөртлөө УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүнээр нэгэн зэрэг ажиллах боломжийг олгосонтой холбоотой. 76 гишүүний 40 орчим нь ямар нэгэн байдлаар даргын ажил хийдэг. Ийм нөхцөлд сул гишүүдэд дарга болох амбиц бий болж, эцэстээ парламентын гишүүд хууль тогтоох биш дарга болох асуудалд илүү санаа тавьдаг болчихсон. Парламент Засгийн газарт хяналт тавьдаг болохоос хүн томилдог газар биш.  

Сайд болохын тулд УИХ-ын гишүүн болно гэдэг чинь юу гэсэн үг вэ...

Цөөхөн хүн эрх мэдэлтэй учраас байнгын хороонд 3-4 хүн л улс орны хэмжээний бодлого тодорхойлж байна. Нэг гишүүн 2-3 байнгын хороонд харъяалагддаг. Долоо хоногт 2 удаа байнгын хорооны хурал боллоо гэхэд харъяа байнгын хорооны хурал нь давхцах тохиолдол гарна. Тухайн гишүүнд асуудалтай танилцах боломж олгодоггүй. Үр дүнд нь аливаа шийдвэрүүд өнгөц, хөнгөн хуумгай гардаг. Ингэхээр авлигажих магадлал өндөр. Тиймээс олон хүн асуудлыг хэлэлцэх нь илүү үр дүнтэй, хэн нэгний нөлөөлөл бага болно гэж харж байна.