Хууль тогтоомж өөрөө авлига цэцэглэх нэгэн хөрс болдог
Яагаад хуулиудад авлигын эрсдлийн үнэлгээг хийх ёстой гэж?
Авилгын эрсдлийн үнэлгээг аливаа хууль тогтоомж батлагдахаас өмнө, дараа нь мэргэжлийн судалгааны төвүүд, төрийн байгууллагууд, “Ил тод байдлын түншлэл” гэх зэрэг 11 ТББ-ыг эгнээндээ нэгтгэсэн иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээ хамтран хийдэг. Ингэхдээ тодорхой аргачлалын дагуу хуулинд нийцүүлж хийх ёстой. Учир нь авлигын асуудал хуулийн хүрээнд шийдэгдэж, хуулиар авлига мөн эсэхийг нь тодруулж, шаардлагатай бол хариуцлага хүлээлгэдэг.
Авлигын эрсдлийн үнэлгээ нь хууль тогтоомжийн төслийн ил тод байдал, хариуцлага гэсэн өргөн хүрээний ойлголт юм. Өмнө нь хууль тогтоомж боловсронгуй биш байгаагаас ил тод байдал алдагдаж, авлига үүсэх эрсдэлтэй байсан. Бид хуульд эрсдлийн үнэлгээг хийхийн тулд хуулийн төсөлд хийх үнэлгээний аргачлалыг судалсан. Энэ нь олон улсад түгээмэл дэлгэрсэн, манай улсад ч ашиглаж буй арга зүй юм.
Авлигын эрсдлийн үнэлгээг яг яаж тогтоодог гэсэн үг үү?
Хууль хэлэлцэх процесс ил тод байна уу, өргөн баригдсаны дараа олон нийтэд нээлттэй, ил тод байршуулж байгаа эсэх болон хуулийн заалтуудын агуулгад анхаарал хандуулдаг. Авлигын эрсдэлд үйл явцын эрсдэл, нээлттэй ил тод байдал, хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаа, нийтийн хөрөнгө ашиглалт, зарцуулалтад иргэд хяналт тавих боломжтой эсэх, эрх мэдлээ хэтрүүлж эсвэл урвуулан ашиглах боломж хэр байна, төрийн албан тушаалтанд давуу байдал олгож байна уу, тухайн хуулийн хүрээнд холбогдох этгээдэд хүлээлгэх хяналт, хариуцлагын механизм тодорхой юу, ямар нэгэн мэдээллийг устгах тухай зүйл заалт орсон эсэх асуултуудаар авлигын эрсдлийн үнэлгээг тогтоодог.
Нэгэн жишээ дурдахад, “Улс төрийн намын тухай” хуулийг авч үзвэл намууд хандив, тусламжаа ил тод болгоно гэж заасан. Гэвч энэ нь зөвхөн “Сонгуулийн Ерөнхий Хороо”-ны өмнө л ил тод болгоно гэсэн заалттай. СЕХ тухайн мэдээллийг ерөнхий байдлаар мэдээллэдэг. Энэ мэтчилэн хууль тогтоомж нь өөрөө авлигыг бий болгох, нэмэгдүүлэх маш том эрсдлийг дагуулж байдаг.
Хамгийн сүүлд ямар хуулийн төсөлд авлигын эрсдлийн үнэлгээ хийсэн бэ?
“Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийн төсөлд үнэлгээ хийсэн. Тухайн үед “Эдийн засгийн өршөөлийн хууль” гэж ойлгогдож байсан ч 2014 оны зургадугаар сарын 9-нд Өршөөлийн тухай биш “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хууль болж, орж ирсэн. Энэ хуулийг судлахад татвар, нийгмийн даатгал, гаалийн татвар, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой олон асуудлыг хамарсан хууль болж таарсан. Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хамрагдаж буй ААН, компанийн өмнөх санхүүгийн тайлан, холбогдох баримтыг устгана гэж заасан байсан.
Хуулийн төсөлд үнэлгээ хийх аргачлал нь ил тод байдлыг чухалчилдаг.
Хуулийн төсөлд үнэлгээ хийх аргачлал нь ил тод байдлыг чухалчилдаг. Гэтэл тус хуульд энэ процесс хаалттай явагдахаар байсан. Тиймээс бид үүнд анхаарлаа хандуулж, хэд хэдэн үе шаттайгаар хуулийн төсөлд үнэлгээ хийсэн. Тухайн хуулийн заалтуудад авлигын эрсдлийг хэр байна, хуулийн төслийг хэлэлцүүлж буй үйл явц нь ил тод байна уу гэдгийг давхар шалгасан. Энэ хуулийн хувьд ил тод биш байна гэсэн үнэлгээ гаргасан.
Төрд ой санамж байх ёстой. Өршөөгдлөө гээд өмнөх бүх мэдээллийг шууд устгаж болохгүй. Тиймээс энэ хуулийг дээд зэргийн авлигын эрсдэлтэй байна гэж үзээд 2015 оны нэгдүгээр сард хуулийн төслийг хоёр дахь удаагаа өргөн барьсны дараа УИХ-ын гишүүдэд хандан мэдэгдэл гаргаж, “нууцлана” гэсэн үгийг хуулийн төслөөс хасуулсан.