Эдийн засгийн хямрал бол авлига багасах том боломж
“Интерактив Би Ай” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Чимэддоржтой бизнесийн салбар дахь авлигын талаар ярилцлаа.
- Бизнес эрхлэх явцад авлигатай холбоотой асуудал тулгарч байв уу?
Манай компани 2007 оны есдүгээр сарны 29-ний өдөр байгуулагдаад хоёр өдөр гүйлгээ хийж, 20 сая төгрөгийн орлого олсон. Аравдугаар сарын нэгэн гэхэд тайлангаа гаргаад татварын албанд өгтөл, хүлээж аваагүй. Компаниа УБЕГ-т бүртгүүлчихээд байхад бүртгэлийн мэдээлэл нь ТЕГ-т очоогүй байсан. Өөрөөр хэлбэл бид Татварын албанд бүртгэлгүй компани болчихож байгаа юм. Тэр үед онлайн холболт байгаагүй болохоор бүртгэлийн мэдээлэл сарын дараа очдог байлаа.
Ингээд жилийн эцэст бид тайлангаа дахин аваачиж өгөхөд компанийн бүртгэл баталгаажсан байсан боловч өмнөх 20 сая төгрөгөөс олсон орлогоо мэдүүлээгүй, татвараа хугацаанд төлөөгүй байна гээд 60 сая төгрөгийн акт биччихсэн. Өөрөөр хэлбэл хоёр байгууллагын харилцан уялдаагүй ажилласнаас үүдээд 20 сая төгрөгийн орлого олсныхоо төлөө 60 сая төгрөгийн зардал гаргахаар болсон. Татварын байцаагч "Танайд 60 сая төгрөгийн торгууль тавьчихлаа. Одоо та яах гэж байна?" гэж асуусан нь "Надад хэдийг өгөх гэж байна вэ?" гэж асуусантай адилхан сонсогдсон. Би манай компанид тавьсан торгуулийг хүлээн зөвшөөрөөгүй учраас шүүхэд хандсан.
Татварын байцаагч “Та ялагдана, шүүх манай талд” гэж итгэлтэй хэлж байсан.
Би хоёр жил шат, шатны шүүхээр явж, найман удаа шүүхэдсэн ч ялагдсан. Яваандаа би тэдниийг ийм төрлийн сүлжээ үүсгэсэн, зохион байгуулалттай бүлэглэл байсныг ойлгосон. Эцэст нь байцаагчийн гарын үсэгтэй торгуулийг төлөхөөс өөр аргагүйд хүрсэн. Хэдийгээр хуулийн дагуу гэж байгаа ч заалтууд нь хоёрдмол утга агуулсан, нэг асуудлаар хоёр төрийн байгууллага дээр очихоор хоёр өөр янзаар тайлбарлана.
Одоо бодоход татварын байцаагчид нь зохих хэмжээний авлига өгөөд салсан нь арай бага хохиролтой болж таарсан. Манай найзууд ч бас авлигыг нь өгсөн дээр гэж хэлж байсан юм.
- Үүнээс өөр төрийн байгууллагуудтай холбоотой ямар хүндрэлүүд байна вэ?
Манай компани мэдээллийн технологийн чиглэлээр төр, хувийн хэвшлийн маш олон байгууллагатай хамтран ажилладаг. Ажиглаад байхад тогтолцоотой холбоотой асуудал их үүсдэг юм шиг. Хууль тогтоомж, дүрэм нь тодорхой бус. Миний бодлоор хуулиудыг энгийн ойлгомжтой, тодорхой болгож, төрийн бүх төрлийн үйлчилгээг цахимжуулж, хүмүүс хоорондоо уулзах шаардлага гарахгүй байх тусам авлига багасна. “Шилэн дансны тухай” хууль гарсан нь нэг чухал алхам гэж бодож байна. Цаашлаад төрөл бүрийн зөвшөөрөл олгодог байгууллагуудын үйлчилгээг цахимжуулах ёстой. Төрийн байгууллагын үйлчилгээ олон шат дамжлагатай, иргэдэд шууд болон шууд бус замаар дарамт үүсгэдэг нь авлига үүсэх нөхцөл болоод байна.
Төрийн бүх үйлчилгээг цахимжуулснаар авлига аяндаа багасна.
- Өнөөгийн эдийн засгийн хүндрэл авлигыг улам гааруулж байна уу, эсвэл?
Эдийн засгийн хямрал нь төрд бугшсан идээ бээр гадагшлах нэг аятайхан боломж гэж харж байна. Олон компани дампуурч, хүмүүс ажилгүй болоод ирэхээр идэж уух мөнгөний хэмжээ багасдаг. Энэ нь хямралын сөрөг тал хэдий ч нөгөө өнцгөөс нь хараад үз. Хямралын үед хүмүүс илүү тэмцэгч шинжтэй болдог. Улс төрд орсноор мөнгөтэй болно гэсэн хандлага нэг хэсэг давамгайлж байсан бол одоо тэр нь хумигдаж байна. Өөрөөр хэлбэл хямрал нь энэ тогтолцоог зөв голдрилд нь оруулах боломж олгож байна.