Хятад компанид Монголын газрыг 15 жил эзэмших эрхийг хэн өгөв?
Орон нутагт юу болж буйг тухайн аймаг, сумын иргэдийн ихэнх нь мэддэггүй. Түүнээс гадна дээрээс тавих хяналт сул. Энэ байдал нь улсын төсөв дээр суусан орон нутгийн удирдлагууд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх нөхцлийг бүрдүүлдэг. Авлигатай тэмцэх газар сүүлийн жилүүдэд орон нутгаар явж ажиллаад үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний зөрчлүүдийг илрүүлжээ. Энэ талаар АТГ-ын Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Б.Бат-Отгонтой ярилцлаа.
- АТГ орон нутагт авлигын асуудлаар нэлээд судалгаа хийсэн гэсэн. Энэ судалгааныхаа үр дүнгээс ярихгүй юу?
2013 оноос орон нутгийн төсвийн эрх мэдэл нэмэгдсэнтэй холбоотой сүүлийн хоёр жил нэлээд тулж ажиллаж байна. 2013 онд 21 аймгаар явж аймаг бүрийн 3-4 суманд 2014 онд төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагаанд хөндлөнгийн шинжээчдийн үнэлгээгээр хамгийн муу үнэлгээ авсан долоон аймгийн 123 суманд ажиллалаа. Ингэж ажилласны дүнд аймгуудын авлигын эсрэг үйл ажиллагааны биелэлт 2013 онд дунджаар 51,3 хувь байсан нь 2014 онд 61,95 хувьтай үнэлэгдсэн. Яахав ахиц ажиглагдаж байгаа ч орон нутагт авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр зөвхөн Авлигатай тэмцэх газар ажиллах ёстой юм шиг хандлага түгээмэл байна. Өөрөөр хэлбэл ялангуяа удирдах ажилтнуудын санал санаачлага хангалтгүй, заавал шахаж шаардуулдаг зовлонтой. Хуулийг амьдралдаа хэрэглээ болгох, хариуцлага тооцдоггүй байдал хавтгайрсан. Энд удирдлагын санаачлагыг онцолж байгаагийн учир нь ил тод байдлыг хангахад айхтар их төсөв мөнгө шаардахгүй харин тэдний санал, санаачлага, оновчтой зохион байгуулалт л хамгийн чухал байдаг учраас тэр.
- Орон нутагт төсвийн зарцуулалт ямар үзүүлэлттэй гарав?
Орон нутгийг хөгжүүлэх төсвүүдийг зориулалтын бусаар зарцуулдаг явдал маш их байна. Сум хөгжүүлэх сангийн багагүй мөнгийг сумдууд маш үр ашиггүй зарцуулж байна гэдэг асуудлыг бид өнгөрсөн жилээс тавьж ирсэн. Ямар ч үр дүн тооцоогүй, судалгаа хийгээгүй байхад нь нэмээд л өгөөд байдаг. Бидний ажилласан сумдын 90 хувьд нь сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр гарт баригдах ажил бараг байхгүйтэй адил. Үлдсэн 10 хувь нь дундаж үзүүлэлттэй. Улс төржчихсөн орон нутгийн удирдлагууд тэр их мөнгийг зохион байгуулалтгүй, хариуцлагагүй зарцуулдаг. Хамаатан садан, танил талдаа өгдөг. Гэтэл яг нутаг усандаа юм хийж чадахаар хүмүүс төслийн мөнгийг авч чаддаггүй. Биднийг очиход худлаа үнэн цаас үзүүлдэг, газар дээр нь очоод үзье гэхээр үзүүлэх зүйлгүй байх нь элбэг. Дээрээс нь ой, баяр наадамд зарцуулж буй мөнгө маш их. Сум 5 сая, аймаг 10 сая төгрөгт багтааж наадам хийх хуультай ч бараг бүгд давуулсан. Ялангуяа олон сум ойгоо тэмдэглэсэн 2013 онд бүр ч завхарсан зүйл болсон.
Энэ зүгээр нэг авлигын хэрэг биш, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх асуудал.
Орон нутгаар явж ирсний дараа бид бодит байдлыг УИХ, ЗГХЭГ, Ерөнхийлөгчийн Тамгын Газарт хүргүүлсэн. Аймаг, сумдад авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй, ямар нийтлэг зөрчил дутагдалтай талаар 2014 оны эхээр хуулийн хэрэгжилтийг хангуулахад голлох үүрэгтэй ЗГХЭГ-т тухайлан хүргүүлсэн боловч бидний мэдээллийн ул мөрөөр ямар арга хэмжээ авсан эсэх нь тодорхойгүй. Энэ нь хуулийг хэрэгжүүлэхгүй байж болно гэсэн хандлагыг өөгшүүлж байгаа юм.
- Орон нутагт улсын мөнгийг голдуу ямар сувгаар шамшигдуулж байна вэ?
Газартай холбоотой худалдан авах ажиллагаан дээр авлига гардаг. Уул уурхай эрхэлдэг аж ахуй нэгжүүдээс хандив нэрээр маш их мөнгө авсан жишээнүүд гарсан. Нэг компаниас 150 сая төгрөгийн хандив авчихсан байх жишээтэй. Тэгээд юунд зарцуулсан гэхээр нөгөө л ойн баяр тэмдэглэх ажилд зарцуулсан гэдэг. Гэвч ой тэмдэглэнэ гэдэг бүтээн байгуулалт биш учраас хяналт тавихад хэцүү. Сумын Засаг дарга Хятадын нэгэн компанид газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаатай өгчихсөн тохиолдол гарсан. Нийгмийн хариуцлагын гэрээндээ тусгахдаа “Энэ компаний үйл ажиллагаанд ЗДТГ-ын зөвшөөрөлгүй ямар нэгэн шалгалт хийхийг хориглоно” гээд кирилл, хятад ханз хоёроор биччихсэн байсан. Тэр гэрээ нь одоо хүртэл надад бий.
Гэхдээ эцсийн эцэст ийм хэргүүдэд захиргааны хариуцлага хүлээлгээд л өнгөрдөг.
- Энэ чинь юу гэсэн үг вэ?
Энэ зүгээр нэг авлигын хэрэг биш, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх асуудал. Тэр гэрээ нь олон нийтэд хаалттай. Тухайн сумын удирдлага хэдэн ААН-тэй нийгмийн хариуцлагын гэрээ байгуулсан, хэдэн төгрөгний хандив хэнээс авсан гэдэг мэдээлэл нь байхгүй. Энэ мэтийн мэдээллийг олон нийт нь байтугай ЗДТГ нь мэдэхгүй зөвхөн нь Засаг дарга, эсвэл орлогч нь мэдэж байсан сумдууд байна.
АТГ үүнийг нь Засгийн газарт мэдүүлсэн. Бидэнд хариу өгч арга хэмжээ авахаар болсон. Гэхдээ эцсийн эцэст Сонирхлын зөрчлийн тухай хуулинд зааснаар ийм хэргүүд нь захиргааны зөрчил болдог учраас захиргааны хариуцлага хүлээлгээд л өнгөрдөг. Энэ л нүхийг орон нутгийн удирдлагууд ашиглаад байна.
Авлигын индекс болон авлигад өртөх эрсдэл, аймаг, нийслэлээр. 2013 онд. Эх сурвалж. АТГ
Худалдан авах ажиллагаатай холбоотой олон зөрчил гардаг. Жишээ нь Завхан аймгийн нэгэн суманд 2010 онд 175 сая төгрөгөөр цэцэрлэг баригдсан ч хоёр жилийн дараа ашиглах ямар ч боломжгүй болсон. Нар, салхи нэвтэрсэн байшин болчихсон. Гэтэл тийм цэцэрлэг барьсан компани нь 2013 онд дахиад хэд хэдэн тендер авчихсан байх жишээтэй. Аймгийнхаа ЗДТГ-ын барилгын дээврийг янзалсан ч тэр нь нураад уначихсан. Хамгийн хачирхалтай нь тэр компанитай хариуцлага тооцоогүйгээр барахгүй дахиад тендер өгчихсөн. Шалгалт хийсэн аудитын дүгнэлт хүртэл гарчихсан байхад шүү. Юу л болоод байна даа гэж бодмоор.
- Шилэн дансны тухай хуулиар энэ асуудал цэгцрэх болов уу?
Нэлээн найдлага тавьж байна. Хэрэв ямар нэгэн асуудал буруу тийш эргээд улсын мөнгийг буруу зарцуулвал дохио дуугардаг систем ажиллана хэмээн ярьж байгаа. Тухайлбал наадмын төсөв 5 сая даваад эхэлвэл хяналтын байгууллагад мэдээлэл очдог тийм л системийг хүлээж байна. Хэрэв Шилэн дансны хууль шил шиг тунгалаг байж чадвал асуудал цэгцэрнэ.
2011 онд Мэдээлэл авах эрхийн тухай хууль гэж маш чухал хууль батлагдсан. Гэвч хууль батлагдаад хоёр жил болчихоод байхад 2013 онд биднийг орон нутгаар явж үзэхэд энэ хуулийн талаар жирийн иргэд байтугай төрийн албан хаагчид нь сонсоогүй байх жишээтэй. Төрийн албанд хүний нөөц, төсөв, худалдан авах ажиллагаа, тухайн байгууллагын үйл ажиллагаа гэсэн үндсэн дөрвөн мэдээлэл олон нийтэд ил тод байх ёстой байтал бүгд нууцлагдмал байсан.
Төрийн албан хаагчдын дунд иргэд байтугай судлаачид очоод мэдээлэл авах гэхээр өгөхгүй байх хандлага өнөөдрийг хүртэл байсаар байна. Нөгөө 2011 онд баталсан хуулийн хэрэгжилт хаа байна?