Хуулиар баталгаажсан "тогтолцооны авлига" хамгийн аюултай
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Б.Бат-Отгонтой ярилцлаа.
- Намын санхүүжилт, сонгуулийн санхүүжилт нь авлигын хэрэгтэй хэрхэн холбогдож байна вэ?
Олон улсын жишгээр намын болоод сонгуулийн санхүүжилтын зөрчлүүд улс төрийн авлига гэсэн ангилалд багтдаг. Манай улсад авлигын нөхцөл байдал нэн тэргүүнд анхаарал хандуулах шаардлагатай асуудлын нэг болсоор нэлээд хэдэн жилийн нүүр үзэж байгаа.
Монгол улсын хувьд авлигын шалтгаан нөхцөл юу болоод байгааг нь тогтооход тийм ч ухаантай байх шаардлагагүй болов уу. Учир нь гол шалтгаан нь улс төрийн нам болон сонгуулийн санхүүжилтын тогтолцоо гэдэг нь олон төрлийн судалгаа, бодит амьдралаар ч нотлогдоод байна.
Тиймээс юу болоод байна гэж асуух бус яаж шийдэх вэ гэдэг дээр ирчихээд байна. Албан тушаалын наймаа, хавтгайрсан улс төржилт нийгмийн амьдралын нэг хэсэг болчихлоо. Ялангуяа орон нутгаар яваад үзэхэд улс төржилт төрийн ажлыг цалгардуулж, нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлөх байдал ажиглагдаж байна.
- Улс төржилт, бизнесийн сонирхол төрийн тогтолцоонд идээ бээр шиг тархчихсан ийм нөхцөлд энэхүү нөлөөг бага ч гэсэн хумихад юу хийх хэрэгтэй вэ?
Одоо байгаа тогтолцоогоо шинэчлэх, тэр дундаа намын болон сонгуулийн санхүүжилтыг ил тод болгох хэрэгтэй. Хэдийгээр ажлын хэсгүүд байгуулагдаад, хуулийн төсөл яригдаж байгаа ч шинэчлэл удаашраад байна. Олон улсын байгууллага ч тэр, манай газраас ч тэр судалгаа хийгээд үзэхээр хамгийн их авлигатай институциудын нэг нь улс төрийн нам гэсэн дүгнэлт байнга гардаг.
Тиймээс юу болоод байна гэж асуух бус яаж шийдэх вэ гэдэг дээр ирчихээд байна.
Зөвхөн улс төрийн авлига гэлтгүй бусад төрлийн авлигаас урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга нь ердөө л ил тод байдлыг хангах. Дээрээс нь хариуцлагын тогтолцоо маш тодорхой байх ёстой. Мөн хариуцлагад хяналт тавьдаг механизм нь ажилладаг байх ёстой. Өнөөдрийн хуулийн зохицуулалтаар хяналт маш бүрхэг. Улс төрийн намын санхүүжилттэй холбоотой зөрчлүүдэд оноож буй захиргааны арга хэмжээ нь торгууль байгаа нь үр дүнгүй.
Сонгуулийн зардалд хяналт тавих, хариуцлага тооцоход Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газар хоёр оролцдог. Гэхдээ эдгээр байгууллагуудаас нэгдсэн журмаар гаргасан статистик тоо мэдээ байдаггүй, Үндэсний аудитын газраас хяналт тавиад Сонгуулийн ерөнхий хороогоор дүгнэлт гаргуулахаар хүргүүлж байсан эсэх нь тодорхой бус байна. Ийм байхад ил тод байх боломжгүй.
Энэ байдлыг халахын тулд Улс төрийн намын болон Сонгуулийн тухай хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлагатай гэдгийг гадаад, дотоодын шинжээчид хэлээд байгаа. Гэтэл эдгээр хуулиудыг шинэчлэх асуудалд улс төрийн бүх намууд нэлээд хойрго санаачлага муутай байгаа юм болов уу гэж санагддаг. Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар Р. Бурмаа гишүүний ахалсан ажлын хэсгээс санал оруулахаар УИХ-аар оруулсан ч олонхи гишүүд дэмжихгүйгээр хойшлуулсан.
Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийг үнэлсэн манай дотоодын шинжээчид ч гэсэн ийм дүгнэлт гаргасан байгаа. Авлигатай тууштай тэмцэхэд нэн тэргүүнд улс төрийн хүсэл зориг бүхнээс чухал. Үүнийг одоо БНХАУ-д өрнөж байгаа авлигын эсрэг үйл ажиллагааны жишээнээс харж болно.
- Хууль тогтоогчид маань өөрсдөө шинэчлэлийг хүсэхгүй байгаа нөхцөлд өөр ямар арга зам байж болох вэ?
Манай улс Үндсэн хуулиараа хүмүүнлэг, иргэнийн ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгосон байдаг. Ардчилсан улсад иргэний нийгмийн оролцоо маш чухал байдаг. Энэ утгаараа УИХ-аас авлигын нөхцөл шалтгаан болохуйц хууль гарахгүй байхын тулд хууль батлах процессод иргэний нийгмийг түлхүү оролцуулах хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодын санал, санаачлага бодитой туссан байх ёстой. Тухайлбал бид УИХ дахь авлигын эсрэг албан бус бүлэгтэй хамтраад Сонгуулийн шинэчилсэн хуулийн төслийг өргөн барихаас өмнө судалгаа хийж байна. Судалгааны дүн, тайланг тус хуулийн төсөл УИХ-д өргөн баригдахаас нь өмнө иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн судлаачдад танилцуулах, хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байна.
Ардчилсан улсад иргэний нийгмийн оролцоо маш чухал байдаг.
Иргэний нийгмийн шахалт гэдэг бол ардчилсан нийгэмд хамгийн үр дүнтэй арга байдаг. Улс төрийн намууд мөрийн хөтөлбөртөө нийгэмд шударга ёсыг тогтоох, авлигын эсрэг чиглэсэн шинэчлэлийг хийхээр тусгадаг ч харамсалтай нь биелэлт нь амласан шигээ шуурхай байдаггүй. Тэгэхээр иргэд тэрхүү мөрийн хөтөлбөрийн биелэлтийг шаардах эрхтэй. Энэ боломжийг нь төр хангах үүрэгтэй.
- Авлига маань дотроо олон янз. Мөнгө өгч, авдаг нэг хэсэг байхад системийн шинжтэй болчихсон, нам гэдэг институцийг бизнесийн хэрэгсэл болгодог, хуулиар дамжуулж өөртөө ашигтай шийдвэр гаргадаг маш аюултай нэг хэсэг байна. Үүнээс нийгэмд учрах хор хөнөөлийн талаар та ярихгүй юу?
Наадахад чинь бид “өндөр түвшний буюу тогтолцооны авлига” гэсэн тодорхойлолт өгчихөөд байгаа. Өнгөрсөн зургаан сараас бид энэ асуудлыг хөндөж олон нийт, мэргэжлийн бүлгүүдээр хэлэлцүүлж эхэлсэн. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой хамтран энэ асуудлаар үндэсний хэмжээний форум зохион байгуулсан.
Үнэхээр авлига системжсэн хандлагатай болж байгааг тус арга хэмжээг угтан зохион байгуулсан судалгааны дүн болон чуулганд оролцогчидын илтгэл харуулсан. Цөөнхийн эрх ашигт нийцсэн боддого, хууль гаргуулах гэдэг бол авлигын аюултай хэлбэр яах аргагүй мөн. Яагаад гэвэл гарсан шийдвэрээс ашиг хүртэх хүн цөөхөн.
Жишээлбэл тодорхой нэр төрлийн түүхий эд юмуу эсвэл бүтээгдэхүүн экспортлоход гаалийн татвараас чөлөөлөх хууль байлаа гэж бодъё. Гэтэл яг үнэндээ хуулиас үр шим хүртэх хүмүүс нь тухайн салбарт компанитай хэдхэн бизнесмен байх жишээтэй.
Гэтэл яг үнэндээ хуулиас үр шим хүртэх хүмүүс нь тухайн салбарт компанитай хэдхэн бизнесмен байх жишээтэй.
Ингэхдээ нөгөө хуулиа үйлдвэрлэлийг хөгжүүлнэ, ажлын байрыг нэмнэ гэх мэтээр гоё гоё лоозонтой баталдаг. Энэ маань нөгөө системжсэн авлига болоод байна. Үүнийг анзаарч харахад, харлаа гэхэд нотлоход маш хэцүү. Яагаад гэвэл хууль болоод гарчихсан учраас. Иймэрхүү хуулийг голдуу бүрхэг байдлаар боловсруулдаг.
Бид дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж байсан. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг гаалийн татвараас чөлөөлөх ажил явж байгаад зогсчихсон үе байсан. Тэд хөнгөлөлтийг үргэлжлүүлж эдлүүлээч гэсэн хүсэлтийг Сангийн сайдад тавьсан. Сангийн яамнаас олон тэрбум төгрөгөөр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн учраас хангалттай гэсэн хариу авч. Тэгэхээр нь нөгөөдүүл маань тойрч суугаад чухам хэн үүнээс ашиг хүртсэн бэ гэдгийг ярилцсан. Гэтэл үнэндээ жижиг дунд үйлдвэр эрхлэгчид бус цөөн хэдэн том компани ашгийг нь хүртсэн байсан. Яагаад гэвэл тэр үед жижиг дунд үйлдвэр гэж ямар үйлдвэрийг хэлэх вэ гэдгийг хуулиндаа тусгаж өгөөгүй үе байсан. Бүрхэг хууль ингэж л батлагддаг.
Тэгвэл үүнийг яаж болиулах юм бэ?
Хамгийн үр дүнтэй арга иргэдийн хяналтыг сайжруулж, ил тод байдлыг бий болгох. Хуулийг гарахаас нь өмнө тэр хууль чухам юуг зохицуулах гэж буй, хэний эрх ашгийг хамгаалахыг иргэд мэдэж байх ёстой. Солонгост ийм туршлага байдаг. Тэнд хуулийн төсөл батлагдахаас нь өмнө үнэлгээ хийдэг байх хуулийн шаардлагатай. Сонирхлын зөрчилгүй хуулийг парламентад оруулдаг.
Гэтэл манайд авлига, сонирхлын зөрчлийн үнэлгээ битгий хэл эдийн засгийн үнэлгээг нь тэр болгон хийдэггүй. Чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн баригдсан хуулиудын талаар хийгдсэн судалгаа нь маш хангалтгүй байдаг.
Намын санхүүжилтын тухай хуулинд ил тод байдлыг хангахад шинээр батлагдсан Шилэн дансны хуультай адил зарчмуудыг тусгаж өгөх хэрэгтэй.
Тэгээд ч эдүгээ хаалттай чигээрээ яваад байх боломж багасч байна. Яагаад гэвэл нийгэм, цаг үе маань өөрчлөгдөж байна. Ил тод байхыг шаарддаг боллоо. Хэн түрүүлж санал, санаачилгатай ажилласан нь хожно. Дараачийн сонгуульд ил тод байж чадсан хүн илүү хожиж ч магадгүй.
- Орон нутагт улс төржилт, намчирхал газар авсан. Танай байгууллагаас орон нутаг дахь авлигын талаар ямар судалгаа хийж байна вэ?
2013 оноос орон нутгийн төсвийн эрх мэдэл нэмэгдсэнтэй холбоотой сүүлийн хоёр жил нэлээд тулж ажиллаж байна. 2013 онд 21 аймгаар явж аймаг болгоноос 3-4 суманд 2014 онд төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагаанд хөндлөнгийн шижээчдийн хийсэн үнэлгээгээр хамгийн муу үнэлгээ авсан 7 аймгийн 123 суманд ажиллалаа. Ингэж тулж ажилласны дүнд аймгуудын авлигын эсрэг үйл ажиллагааны биелэлт 2013 онд дунджаар 51,3% байсан нь 2014 онд 61,95% хувьтай үнэлэгдсэн.
Яахав үүнээс ахиц ажиглагдаж байгаа хэдий ч орон нутагт авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр зөвхөн Авлигатай тэмцэх газар ажиллах ёстой юм шиг хандлага түгээмэл байна. Өөрөөр хэлбэл ялангуяа удирдах ажилтнуудын санал санаачлага ихээхэн хангалтгүй, заавал шахаж шаардуулдаг хандлага нийтлэг байна.
Хуулийг амьдралдаа хэрэглээ болгох, хариуцлага тооцдоггүй байдал хавтгайрсан. Энд удирдлагын санаачлагыг онцолж байгаагийн учир нь ил тод байдлыг хангахад айхтар их төсөв мөнгө шаардахгүй харин санал, санаачлага, оновчтой зохион байгуулалт л хамгийн чухал байдаг.
Орон нутгийг хөгжүүлэх төсвүүдийг зориулалтын бусаар зарцуулдаг явдал маш их байна. Сум хөгжүүлэх сангийн багагүй мөнгийг сумдууд маш үр ашиггүй зарцуулж байна гэдэг асуудлыг бид өнгөрсөн жилээс тавьж ирсэн. Ямар ч үр дүн тооцоогүй, судалгаа хийгээгүй байхад нь нэмээд л өгөөд байдаг. Бид улс даяар хангалтгүй байгаа гэж хэлэхэд бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Учир нь нийт сумдын гуравны нэгт нь бид хүрч ажиллаж чадсан байна.
Эдгээр сумдын 90 хувьд нь сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр гарт баригдах ажил бараг байхгүйтэй адил. Үлдсэн 10 хувь нь дундаж үзүүлэлттэй. Улс төржчихсөн орон нутгийн удирдлагууд тэр их мөнгийг зохион байгуулалт муутай, хариуцлагагүй зарцуулж байна. Хамаатан садан, танил талдаа өгч байна.
Гэтэл яг нутаг усандаа юм хийж чадахаар хүмүүс төслийн мөнгийг авч чадахгүй байна. Биднийг очиход худлаа үнэн цаас үзүүлдэг, газар дээр нь очоод үзье гэхээр үзүүлэх зүйлгүй байх нь элбэг. Дээрээс нь ой, баяр наадамд зарцуулж буй мөнгө маш их.
Сум 5 сая, аймаг 10 сая төгрөгт багтааж наадам хийх хуультай ч бараг бүгд давуулсан. Ялангуяа олон сум ойгоо тэмдэглэсэн өнгөрсөн жил бүр ч завхарсан зүйл болсон. Наадмын байнд зориулж хилээр оруулж ирсэн машины үнэ хэдэн арван тэрбумт хүрсэн тухай ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан.
Орон нутгаар явж ирсний дараа бид бодит байдал ийм байна гэдгийг УИХ, ЗГХЭГ, Ерөнхийлөгчийн ТГ-т танилцуулгаар хүргүүлсэн. Аймаг, сумдад авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байгаа, ямар нийтлэг зөрчил дутагдал байгаа талаар 2014 оны эхээр хуулийн хэрэгжилтийг хангуулахад голлох үүрэгтэйн хувьд ЗГХЭГ-т тухайлан хүргүүлсэн.
Бидний мэдээллийн ул мөрөөр ямар арга хэмжээ авч байгаа нь тодорхой бус байдаг. Энэ нь хуулийг хэрэгжүүлэхгүй байж болно гэсэн хандлагыг өөгшүүлээд байх талтай.
Орон нутаг дахь төсөв мөнгөний зарцуулалттай холбоотой зөрчил дутагдлыг арилгахад нөгөө л ил тод байдал хэрэгтэй. Ер нь Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд нэлээн найдлага тавьж байгаа.