2016.01.11

Авлигатай тэмцэх нэгдсэн цогц хөтөлбөртэй болох шаардлагатай

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Б.Бат-Отгонтой "Авлигын эсрэг үндэснйи хөтөлбөр" батлахын ач холбогдлын талаар ярилцлаа. 

- Монгол Улсаас авлигын эсрэг эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр хэд хэдэн хууль үйлчилж байна. Үндэсний хэмжээний хөтөлбөр зайлшгүй шаардлагатай гэж үү?

УИХ-аас 2002 онд баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжих хугацаа 2010 онд дууссан. Түүнээс хойш Авлигын эсрэг үндэсний хэмжээний ямар нэгэн бодлогын баримт бичиг гараагүй. Харин 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэд “Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр” боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж, хөтөлбөрийн төслийг боловсруулан, УИХ-д батлуулахаар өргөн барьсан юм.

Авлигын эсрэг эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээнүүд тасралтгүй хийгдэж буй нь аргагүй үнэн. 2005 онд Монгол Улсын элсэн орж соёрхон баталсан НҮБ-ын Авлигын эсрэг Конвенциас гадна Авлигатай холбоотой 7 хууль үйлчилж байна. Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулиудад авлигын гэмт хэрэгтэй тэмцэхтэй холбогдуулан орсон нэмэлт өөрчлөлтүүд, шинээр батлагдсан “Төсвийн тухай” хууль, “Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулиудад авлигаас урьдчилан сэргийлэх зорилго, агуулга бүхий заалт, зохицуулалтууд орсон нь бүгд авлигын эсрэг эрх зүйн орчныг сайжруулахын тулд хийж буй алхмууд.

Эдгээр алхмыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан “Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр”-тэй болж, авлигын эсрэг урт хугацааны, тогтвортой, шат дараалсан арга хэмжээ авах бодлого хэрэгтэй байна. Хөтөлбөрийн гол ач холбогдол нь авлигын эсрэг авч хэрэгжүүлж буй бодлого, бодит ажлуудыг улс төрөөс ангид, тогтвортой явуулах нөхцөл бүрдэнэ гэж тайлбарлаж болох юм. Авлигын эсрэг үйл ажиллагаанд эдийн засаг, нийгмийн салбар бүрийг хамруулж, авлигаас урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах зайлшгүй шаардлагатай байна.

- Энгийнээр тайлбарлавал?

Авлигын зөрчил, гэмт хэрэг ихэвчлэн төсвийн хөрөнгө, түүний зарцуулалтын хүрээнд явагддаг, хууль бус үйлдэл байдаг.  Энэ мэтчилэн үйлдлийг таслан зогсоох, боломжийг хаасан эрх зүйн болон үйл ажиллагааны зохицуулалтыг бүрдүүлэх хэрэгтэй. Ингэхдээ энэ зохицуулалтыг бодитой хэрэгжүүлэх нөхцлийг нь бүрдүүлэхэд нөлөөлөх магадлалтай тодолрхой салбарын бодлогыг хооронд нь уялдуулснаар үр дүн гарна. Төсвийн гүйцэтгэлийн хяналт хийх чиг үүрэг “Үндэсний аудитын газар”-т ногддог.  Тэгвэл аудитын салбарын хууль, холбогдох журамд энэ хяналтыг хийх арга механизм болон хүний нөөц, төсөв санхүүгийн боломжийг харгалзах нь зүйтэй.  

- Өнөөгийн нөхцөлд уялдаагүй байдлаас болж үүссэн зөрчлүүд гэвэл?

Хамгийн ойрын жишээ нь хандивтай холбоотой зохицуулалтууд. “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” тухай хуулиар “хандив авахтай холбоотой хязгаарлалт”-ыг зохицуулсан байдаг.

... Монгол Улсад 430 орчим хууль байгаагийн 10% буюу 40 хуульд хандивтай холбоотой зүйл заалт орсноос эдгээрийн 37 нь хандив авахыг зөршөөрсөн байна ...

Энэ нь дээр дурдсан хуулийг нэг мөр хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байна.

“Мэдээллийн ил тод байдал мэдээлэл авах эрхийн тухай” хууль 2011 онд батлагдсан хэдий ч төдийлөн үр дүнтэй хэрэгжихгүй байгаа нь хуулийн хэрэгжилтэд хяналт тавих зохистой механизмыг нь бүрдүүлээгүйтэй холбоотой байж болох юм.

... “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр” нэртэй шинэ хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-д дахин өргөн бариад байна ...

“Хууль зүйн байнгын хороо”-ноос нэгдсэн чулганаар хэлэлцүүлэхээр дэмжсэн шийдвэр гарсан. Ойрын хугацаанд хэлэлцэгдэнэ гэж найдаж байна