Сонгуулиар хууль зөрчих олонхийн саналыг авбал яах вэ?
Хуульчдын холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Н.Ариунболдтой ярилцлаа.
Туршлага: 2008 оноос хойш сонгуулийн маргаантай холбоотой асуудлаар бие даан практик, онолын харьцуулсан судлагааг хийсэн.
-Сонгуулийн маргааныг шуурхай шийдвэрлэх, шүүхийн процессыг хөнгөвчлөх асуудлыг их ярьдаг. Хуулийн шинэчлэлд хэрхэн тусгах ёстой вэ?
2008 оны хар өдөр хүмүүс яагаад гудамжинд жагсав. Яагаад шүүх тэр үед өрнөсөн сонгуулийн маргааныг шийдэж чадсангүй вэ гэдэгт судлаач хүний зүгээс хариултыг хайсан. Хэрвээ тухайн үед сонгуулийн маргааныг шийдвэрлэх хууль зүйн шийдэл нь байсан бол хүмүүс маргаанаа хүчирхийллийн замаар бус, эрхзүйн зарчмын дагуу шийдвэрлээд явах боломжтой байсан.
Сонгуулийн маргааныг хэрхэн шийдвэрлэх шийдэл хуульд байхгүйн улмаас хууль хяналтын байгууллагууд түүнчлэн шударга ёсны индэр болсон шүүх энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй, бие биедээ бичиг цаас шилжүүлэхээс өөр зүйл хийж чадаагүй. Иймээс хүмүүс жагсаал цуглаан хийх, жагсах байдлаар эрхээ хамгаалахад хүрсэн. Улмаар асуудал нь шийдэгдэхгүй улмаас хүчирхийлэлд шилжсэн. Өөрөөр хэлбэл 2008 онд үйлчилж байсан хуулиар сонгуулийн маргааныг шийдвэрлэж чадахааргүй байсан.
Ялсан гэж өөрийгөө үзэж байгаа нэр дэвшигчдийн гомдлыг яах вэ. Санал тоолсон дүн мэдээ зөв үү. Үнэхээр А гэдэг хүний нэрийг Б гэж дуудсан уу гэдгийг шалгах тогтолцоо хуулинд байгаагүй. Улмаар сонгуулийн маргаан дөрвөн жил явсаар байгаад 2012 оны сонгуультай золгосон.
Улмаар нэгэнт үүссэн байсан нөхцөлийг давтахгүй тулд, сургамж аван төрөөс сонгуулийн автоматжуулсан систем хэрэглэх шийдвэр гаргаж хэрэгжүүлсэн нь зөв болж, маргааныг шийдвэрлэх асуудал цэгцэндээ орсон.
Ер нь бол хүн гомдолтой байна нь тэнд түүний эрх нь зөрчигдсөн байгааг харуулдаг. Гэтэл эрх зөрчигдсөн эсэхийг нь тогтооё, сэргээн тогтооё гэхээр шийддэг газар байхгүй. Үндсэн хуулийн цэц, шүүх, захиргааны шүүх аль нь ч шийддэггүй. Энэ судлагааны явцад 2012 оны сонгуулийн дараа хоёр зүйл ажиглагдсан.
-Ямар зүйл ажиглагдсан бэ?
Хоёр үндсэн асуудлыг хууль тогтоогчид шийдэх ёстой. Жинлүүр гэж үзвэл нэг талд ард түмний олонхийн сонголт, нөгөө талд хууль байна. Гэтэл сонгогдсон гэх хүн хууль зөрчөөд олонхийн саналыг авсан бол яах вэ. Олонхийн саналыг дагах уу, хуулиа дээдлэх үү. Тэгэхээр энэ хоёрын алтан дунджийг олох хэрэгтэй гэдгийг л миний бие ойлгосон.
Шүүх үүнийг жинлэж үзэх ёстой. Нэг талд ард түмний сонголт, нөгөө талд нь хууль буюу хуулийг хамгаалах механизм. Сонгууль бол хуулийн хүрээнд шударга явах ёстой. Тэгэхээр олонхийн сонголтыг авсан л юм чинь хууль зөрчсөн нь хамаагүй гээд хүлээн зөвшөөрөх үү, эсвэл хууль зөрчсөн этгээдтэй хариуцлага тооцох уу.
Хурдан морины уралдаантай зүйрлэвэл даагыг азаргатай уралдуулах уу. Мөнгө тараасан хүнийг мөнгө тараагаагүй хүнтэй өрсөлдүүлэх үү.
Цаашлаад хууль зөрчсөнд нь хариуцлага тооцчихлоо гэхэд дараагийн хүнийг сонгогдсонд тооцох уу. Иймээс хуулиа зайлшгүй шинэчлэх хэрэгтэй.
-Дараагийн хүнийг шууд жагсаалтаар оруулж ирэх нь хэр зүйтэй вэ. Өөрчлөх ёстой юу?
Тэр тойрог дээр дахин сонгууль л явуулчих хэрэгтэй. Эхлээд хууль зөрчсөн нэр дэвшигчтэй хариуцлага тооцож, нэр дэвших эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах, дахин сонгууль явуулах бүх зардлыг гаргуулах. Ингэвэл хууль зөрчихгүй байх нэг нөхцөл бүрдэх байхаа гэж бодож байна. Өөрөөр хэлбэл хуулийг төр хамгаална гэхээсээ илүүтэйгээр энэ эрхийг сонгогчдод, нэр дэвшигч нарт олгочихвол уг асуудал аяаандаа өөрөө явчихна.
Ийм байдлыг гаргахгүй, аль болох шийдэлтэй, өөрөөр хэлбэл “цоорхойгүй” хууль гаргамаар байна.
Сонгууль дөхөхөөр хуульч нараас хуулийн гарц юу байна гээд асуудаг. Ийм байдлыг гаргахгүй, аль болох шийдэлтэй, өөрөөр хэлбэл “цоорхойгүй” хууль гаргамаар байна. Хууль зөрчвөл уучлаарай хариуцлагаа хүлээ гэдэг зөв, шударга, дунджыг барьсан механизм хэрэгтэй байна.
-Таныг сонгуулийн маргаантай холбоотой өмгөөлөл хийж байхад ийм асуудлууд гарч байсан уу. Маргаан хэрхэн шийдэгдсэн вэ?
Ялангуяа УИХ-ын сонгууль дээр сонгуулийн хууль зөрчсөн маргааныг хэн шийдэх нь маш бүрхэг байдаг. Шүүх шийднэ, шийдэхгүй, цэц шийднэ шийдэхгүй гээд л.
Тиймээс ямар нэгэн асуудал байгаа болоод гомдол гардаг учраас шийдэх гарцыг тодорхой болгох хэрэгтэй байна. Сонгууль гэдэг өөрөө Үндсэн хуулийн эрх зүйн чухал институци. Энэ бол хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг байгуулах чухал элемент учир маргаан шийдэгддэг байх ёстой. Мөн хурдан шийдэгддэг байх учиртай. Дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацааны хоёр жилд нь маргаад өнгөрвөл хэцүү.
-Сонгуулийн хуулийн маргааныг шийдвэрлэх тусгай байгууллага байгуулах нь зүйтэй гэдгийг мэргэжилтнүүд ярьж байсан. Та үүнтэй санал нийлэх үү?
Ажлын хэсгээс ярьж байсан. Сонгуулийн маргааныг олон улсад янз бүрээр шийддэг. Сонгуулийн шүүх, СЕХ, ерөнхий харьяаллын шүүх, захиргааны шүүх, Үндсэн хуулийн шүүх, парламент өөрөө гэх мэт олон байдлаар шийдвэрлэдэг. Янз бүрийн систем бий.
Манай улсын хувьд сонгуулийн ямар зарчимтай вэ, шүүх ямар эрх мэдэлтэй вэ гэдгээс хамаарч тохирох механизмыг сонгох нь зүйтэй болов уу. Миний хувьд сонгуулийн маргаан таслах комиссыг байгуулж болно гэж харж байгаа. Маргаан шийдвэрлэлтийн хугацааг богиносгоё, нэг газар шийддэг байя.
-Хууль бус үйлдэл гаргаад сонгогчдын саналыг худалдаж авсан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх ёстой вэ?
Одоогийн хуулиар бол хөдөлмөрийн хөлсийг тодорхой хэмжээгээр нугалж торгох асуудал хуульчлагдсан байгаа. Гэхдээ мөнгөндөө гол нь биш байдаг.
Мөнгөөр хариуцлага хүлээлгэхээр мөнгө тараасан этгээдийн цаана байгаа жинхэн эзэн нь торгуулийг хэд нугалаад ч төлж чадна. Тиймээс зөрчлийг гаргуулахгүйн тулд шинэ хуулинд торгуулийн санкци, эдийн засгийн эрх, хөшүүрэгтэй нь ярих ёстой. Улс төрийн эрх, төрийн албан хаагчийн эрхтэй нь давхар ярих ёстой.
-Таны ажилласан хэргүүд дээр эцэслэн шийдвэрлэгдсэн ямар хэрэг байдаг вэ?
Өмгөөлөгчийн хувьд орон нутгийн сонгуулийн маргаан болон улсын их хурлын сонгуулийн маргаан дээр ажиллаж байсан. Шийдэгдсэн хэрэг гэвэл тойргийн маргаан дээр хууль хэрэглээний маргаантай холбоотой асуудал байсан.
Тойргийн сонгуулийн хороотой бид хуулийг буруу хэрэглэсэн гэдэг үндэслэлээр маргалдсан. 2012 оны УИХ-ын сонгуулийн Сонгино-Хайрхан дүүрэгт гарсан асуудал. Санал өгсөн сонгогч гэж хэнийг хэлэх вэ, санал өгснийг юм уу, саналыг нь тоолсоныг тооцох юм уу гэдэг асуудал байсан.
Яагаад маргаан гарсан гэхээр 100 мянган хүн санал өглөө гэхэд 10 мянга нь ямар нэгэн байдлаар буруу өгөөд санал нь хүчингүй болчихжээ. Тэгэхээр 100 хувиа 100мянгаас тооцох уу, эсвэл 90 мянгаас тооцох уу гэдгийг шийдэх асуудал байсан.
-Санал тоолох журам байдаг биз дээ
Хуулинд өөр өөр томьёололтой байсан учраас маргалдах нөхцөл бүрдсэн. Гэхдээ ихэнхи маргаан хууль бус сурталчилгаатай холбоотой байдаг.
-Сонгуулийн санхүүжилт дээр та ямар санаа бодолтой байдаг вэ?
Улс төрийн намын санхүүжилтэд тодорхой хязгаарт тавих ёстой. Хуульчийн зүгээс үзэхэд хууль бус далд санхүүжилт, хууль ёсны гэж санхүүжилт гэж хоёр зүйл ажиглаад байгаа. Тиймээс ил тод болгох ёстой.
Хандиваа орлого, зарлагаа ил тод мэдээлэх ёстой. Тэгэхгүй бол нэгэнт далд хандив авсан юм чинь далд байдлаар л зарцуулна шүү дээ. Бэлэн мөнгөний хэрэглээг сонгуулийн үеэр хязгаарлах ёстой. Сонгууль богино хугацаанд болдог учраас аливаа зүйлийг шалгаж илрүүлнэ гэдэг төрийн байгуулгын хувьд хүндрэлтэй. Тиймээс өрсөлдөгч нарын гомдол байхаас гадна шударга иргэдийн мэдээлэлд тулгуурлан асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх нь зөв гэж үзэж байна.