Хамгийн хэрэггүй зүйл бол "НАМЧИРХАЛ"
Монголын нутгийн удирдлагын холбооны дэд тэргүүн Г.Маналжав
2014.12.17

Хамгийн хэрэггүй зүйл бол "НАМЧИРХАЛ"

Хоёр сонгуулийг хамт хийх нь Үндсэн хууль зөрчсөн хэрэг 

Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ. Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" буландаа “Сонгуулийн хуулийн шинэчлэл”-ийн асуудлыг хөндөж, экспертүүдийнхээ санал бодлыг олон нийтэд хүргэж байна. Энэ удаад Монголын нутгийн удирдлагын холбооны дэд тэргүүн Г.Маналжавтай сонгуулийн хуулийн шинэчлэлийн асуудлаар ярилцлаа.

-Сонгуулийн хуулийн шинэчлэлийг юунаас эхлэх ёстой вэ. Нутгийн удирдлагын холбооны хувьд ямар саналыг өгөх вэ?

Бид нар 2012 оны сонгуулиар жишээ аваад орон нутаг, аймаг сум, дүүргийн түвшинд олон хэлэлцүүлгийг хийж, гарсан саналыг хуулийн шинэчлэлийн ажлын хэсэгт хүргүүлсэн.

Аймаг, сум багийн төлөөлөгчид хоёр гол зүйлийг хэлж байгаа юм. Үүнд: Нэгдүгээрт, УИХ-ын сонгууль, аймгийн сонгууль, сумын сонгуулийг нэг өдөр, нэг дор хийхээ больё. Үндсэн хуулинд УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага, харин аймгийн хурал, сумын иргэдийн хурлын төлөөлөл нь тухайн нутаг дэвсгэрийн иргэний байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага гээд заачихсан. Хэрэв Улсын их хуралтай хамт хийх гээд байгаа бол өөрөө удирдах ёс гэдгээ больчих хэрэгтэй.

Сонгуулиудыг нэг дор хийж байгаа нь Үндсэн хуулийн зарчим зөрчиж байгаа хэрэг гэж Үндсэн хуулийн эх баригч, хуульч Чимид гуай амьд сэрүүндээ хэлсэн.

Мөн тэрээр хэлэхдээ, төрийн дээр нам гарчихлаа шүү болохоо болилоо гэж нэг бус удаа сануулсан. Амьд байхад нь шүтээд л байсан улс төрчид, намууд одоо хараач, бодооч, сэтгээч.

-Орон нутгийн төлөөлөгч нар өөр ямар асуудлыг шийдэхийг хүсч байсан бэ?

Нам гэдэг зөвхөн төрийн дээр гараад зогсохгүй аймаг, сум, баг, хорооны түвшинд эзэгнэчихлээ. Өнгөрсөн 2012 онд аймаг сумын сонгуулийг намаас нэр дэвшүүлж нэг гаргаад, намын жагсаалтаар дахин оруулчихаар, намууд л суудал авчихбал иргэдийн төлөөлөл хамаагүй болсон.

Энэ завхарлаас болоод аймаг сумын дотор засаг даргаа томилж чадахгүй хичнээн ажил болов оо. Ардын нам, Ардчилсан намын гишүүд хоорондоо суудал булаацалдаж, хичнээн наймаа болов.

Энэ чинь гэр бүлийн амьдралд хүртэл нөлөөлж, эхнэр нөхөр салсан бодит жишээтэй. Тиймээс манай төлөөлөгчид орон нутагт намчирхаж, талцдаг байдлыг цэглэж өгөхийг улс төрчдөөс хүссэн. 

Орон нутгийн цөөн хүн амд хамгийн хэрэггүй зүйл намчирхал байна. Улс төрчдөд цэглэх зориг байх ёстой.

-Орон нутагт байгаа улс төрчдийн талцал, намчирхсан хүмүүсийн хандлагыг яаж өөрчлөх вэ?

Хандлага, бодлогыг Улсын их хурал, Засгийн газар тодорхойлох ёстой. Бидний саналаар татвараар ажил хийж байгаа хүмүүс. Тэд тэнгэрээс бууж, бурхнаас зарлигдсан хүмүүс биш ээ.

Хуучин социализмын үед 99.9 хувь саналаа өгдөг байсан бол 50-60 хувиар л хүмүүс саналаа өгч сонгуулийн ирц буурсан нь улс төрчдийн талцал, намчирхалтай холбоотой. Яагаад улс төрчид зориг гаргаад үүнийг өөрчилж, сонгуулийн хуулиа шинэчилж болохгүй юм.

-Зарим улс төрчид бүх шатны сонгуулийг хамт хийх нь асар их зардал хэмнэнэ гэж хэлж байсан. Та үүнтэй санал нийлэх үү?

Төр өөрийгөө ард иргэдээс байгуулахад мөнгө хэмнэх тухай асуудал байж болохгүй. Харин яаж төсвөө хэмнэж, засаг бүтэц, агентлагаа ажиллуулах вэ гэдэгтээ л ярих нь зөв. Хэрвээ нэг дор хийх нь сонгуулийг хэлбэрдсэн, ёс төдий зүйл болгох гээд байгаатай холбоотой.

Тэр ч байтугай аймгийн хурал, сумын хурал нь тусдаа явах ёстой. Гэхдээ бүр тухайн газар нутгийнхаа онцлогт тохируулаад тариалантай аймагт бол өвөл зохион байгуулж болно. Нутгийн төлөөлөгчдөө сонгох гэж байгаа юм чинь нутгийн иргэд л шийдэх ёстой.

-Орон нутгийн сонгуульд намаас нэр дэвшдэг явдлыг зогсоож, иргэдээс нэр дэвшдэг болгосноор намуудын талцал, улс төржилд аймаг, сум баг хорооны түвшинд арилах болов уу?

Намаас нэр дэвшүүлэх, намын жагсаалтаар оруулж ирэхийг бүр болих учиртай. Энэ эрхийг иргэдийн байгууллага учраас иргэдэд л өгмөөр байна.

Улс төрийн намууд булааж авч байна. Ерөнхийлөгч энэ будлианыг мэдээд иргэдийн өөрийнх нь оролцоог нэмэгдүүлэх шууд ардчиллыг хүчтэй тавих болсон шүү дээ. Энэ чинь Үндсэн хуулинд хосолж байх ёстой хоёр зарчим.

Би үүнтэй холбогдуулан Үндсэн хуулийн цэцийг шүүмжилмээр байна. Үндсэн хуулийг “мана” гээд  ажилтай, албатай, цалинтай, хөрөнгөтэйгээр байгуулж өгсөн байтал иргэдээс л гомдол ирвэл хэлэлцээд, илэрхий Үндсэн хууль зөрчсөн асуудалд ганц ч удаа дуугарахгүй байгаа юм. Үндсэн хуулийн цэц гэдэг Үндсэн хуулийн шүүх.

Гэтэл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр буруу гэдэг нь тогтоогдсоор байтал УИХ үгүй гээд хүчингүй болгож байна. Энэ чинь юу болж байгаа юм бэ. Дээд шүүхийнхээ дээр Улсын их хурал гарчихсан байна.

Зүй нь бол Үндсэн Хуулийн цэц өөрсдөө дор нь дуугаараад, алдаагаа засахыг шаардах ёстой. Гэтэл өнөөдөр цэцийн даргыг УИХ томилж байна. Дэвшүүлэх эрхийг ард иргэдэд өгмөөр байна.

Манайд аливаа байгууллагын олон нийтийн зөвлөлийг нэр дэвшүүлэхдээ ерөнхийлөгч гурвыг, Улсын их хурал гурвыг,  Засгийн газар гурвыг санал болгож дэвшүүлдэг. Нөгөө олон нийт, иргэд хамаа байхгүй.

МҮОНРТ-ийн удирдах зөвлөлд бас ерөнхийлөгчийн дэвшүүлсэн, их урлын дэвшүүлсэн хүмүүс ордог. Энэ мэтээр явсаар байгаад бүх асуудал төрийн тогтолцооны үйл ажиллагаа нь гажуудсан гэдгийг илтгэдэг. 1992 оны Үндсэн хууль бол сайн хууль. Манайхан үндсэн хуулиа зөрчсөн л хууль гаргаад байгаа.

-Улс төрийн намын санхүүжилт, сонгуулийн санхүүжилт ямар байх ёстой вэ. Мөнгөний нөлөөг хэрхэн бууруулах вэ?

Намын гүйцэтгэх товчоо, намын их хурал, удирдах зөвлөл гээд цөөн хэдэн хүний эрх ашигт хуваагдчихсан. Тэд нар нь мөнгөтэй хүмүүс. Одоо зарим улс төрчид намд төсвөөс мөнгө өгөх нь зүйтэй гэж байгааг буруу гэж боддог.

Намууд өөрсдөө л хандиваа бүрдүүлээд, намын бодлого хөтөлбөрөө сурталчлах учиртай. Нэр дэвшигч өөрөө сурталчилгаагаа хийнэ. Гэхдээ үе үеийн  намууд засгийн эрх аваад өмнөх бүх зүйлээ хүчингүй болгосоор байгаад монгол улс маань өөрийн гэсэн номлолгүй болчихлоо.

-Санхүүжилтын асуудлыг ил тод, нээлттэй, хяналттай болох ёстой гэх асуудал ТББ-ын зүгээс хүчтэй гаргаж байгаа. Та энэ талаар юу хэлэх вэ?

Сайн засаглалын нэг шинж нь ил тод, нээлттэй байдал. Манайхан оронцоглоод сонгууль болоод өнгөрсний хойно, тайлангаа мэдээлсэн болдог.

Эхнээсээ ил тод байсан бол өөр.  Улс төрийн нам мөнгөтэй хүний л нам болсон. Мөнгөтэй хүн л үгээ хэлж, үсгээ зурж байна. Мөнгө далд байна нь УИХ-д булхайтай хүн орно гэсэн үг.

Уг нь монгол улс 1990 оны ардчилсан хувьсгалыг өрнүүлэхдээ төрийн дээр нам гарчихлаа, намын улс төрийн товчоо бүхнийг шийддэг болчихлоо, тиймээс нам шийдэхгүй, төр шийднэ гээд хувьсгалыг хийсэн учиртай.

Төр төвтэй нийгэм байгуулья гэсэн ч өнөөдөр хоёр нам л төрийг барьж байна. Саяхан гэхэд засгийн газрыг унагах асуудлыг намууд л шийдчихлээ. Засгийн бүтцийг томилохдоо хүртэл намуудын зөвшилцөл, наймаа, хуйвалдаанаар зохицууллаа.

Ард түмэн оролцдог зүйл гэж байна уу. Ард түмэн чинь Үндсэн хуулинд заасан засгийн эрх бүх ард түмний мэдэлд байна гэсэн эрхийг эдлэх боломж байна уу.

Засаг уналаа зөв үү, буруу юу, яаж байгуулах вэ гэдгийг ерөөсөө асуухгүй байна. Гэтэл нам гэдэг чинь монголын насанд хүрсэн хүн амын 20-30 хувийг бүрдүүлж байгаа цөөнх. Цаана нь 60-70 хувийг бүрдүүлж байгаа иргэд яах болж байна.

Тиймээс сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулах ёстой. Улс төрийн нам, намын санхүүжилт, сонгуулийн хуулийн шинэчлэлээр бүх хүмүүсийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, санал асуулга аваач. Тэгэхгүй бүхнийг мэдэж, далдыг хардаг 100 далай ламын  үгээр яваад шийдээд байж боломгүй.

Бас УИХ-ын гишүүд зарим талаар ашиг сонирхлын зөрчилтэй байан. Тухайлбал тэд ирэх сонгуулийн хуулиа өөрсдөө боловсруулаад өөрсдөө батлах нь өөртөө л үйлчилж байна гэсэн үг биз дээ. Энэ их хурлын баталсан хуулиар 2020 оны сонгуулийн хийдэг байх нь зөв шүү дээ.

Хийсэн зүйл нь Үндсэн хууль зөрчсөн, иргэнхийхээ эрх, эрх чөлөөг хумисан зүйл гарч байна. Хамгийн сүүлийн санал нь сонгуулийн санал тоолох зарчмыг гараар л тоолдог болгох хэрэгтэй. Ялангуяа орон нутгийн сонгуулийг тоолох хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.