А.Бакей: Олонхи 50:50 гэсэн холимог тогтолцоог дэмжиж байгаа
УИХ-ын гишүүн А.Бакей
2014.07.10

А.Бакей: Олонхи 50:50 гэсэн холимог тогтолцоог дэмжиж байгаа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтэй ярилцлаа.

-Ээлжит чуулган бүрийн өмнө Төрийн байгуулалтын байнгын хорооноос тухайн чуулганаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг гаргаж батлуулдаг. Өнгөрсөн хаврын чуулган төлөвлөгөөгөө хэрхэн биелүүлэв?

-Хаврын чуулган төлөвлөгөөгөө бүрэн биелүүлээгүй. Гол гол асуудлаа хэлэлцэж шийдвэрлэхээр хичээсний үр дүнд зарим хуулийг баталлаа. Зарим асуудлаа хэлэлцэж амжаагүйн шалтгаан нь ойлгомжтой. Улс орны хөгжилд чухал ач холбогдолтой хуулийн төслүүдийг хэлэлцэхийн оронд Засгийн газрын гишүүнийг огцруулах, эсвэл улс төрийн шийдэл гаргах асуудлыг хэлэлцэж хамаг цагаа барлаа.

Хэрэв ингээгүй бол төлөвлөснөөсөө ч илүү их хууль тогтоомжийг батлан гаргах байлаа. Ямартай ч хаврын чуулганаар нийтдээ арав орчим бие даасан хууль баталж, 40 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Чамлахаар чанга атга гэгчээр маш их цагаа хэрүүл уруулд зарцуулсан ч гэсэн шаардлагатай хуулийн төслүүдийг баталж чадсан. Тухайлбал, Соёлын өвийг хамгаалах тухай, Малын индексжүүлсэн даатгалын тухай, Шилэн дансны тухай хуулийг баталсан.

Хаврын чуулганаар баталсан хуулийн төслүүдээс иргэдийн амьдралд шууд нөлөөлөх хууль нэлээд хэд бий. Үндсэн хуульд мал сүрэг төрийн хамгаалалтад байна гэсэн заалт бий. Малын индексжүүлсэн даатгалын тухай хуультай болсноор Үндсэн хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэх бүрэн боломжтой боллоо.

Байгалийн гамшгаас болж малаа алдсан малчдын хохирлыг барагдуулдаг болно гэсэн үг.

Мөн “Амгалан” дулааны цахилгаан станцад шаардлагатай болон жижиг, дунд үйлдвэрлэлийн тоног, төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлсөн.
-Ирэх намрын чуулганаар чухал ямар хуулийн төслүүд хэлэлцэхээр төлөвлөөд байна вэ?

-УИХ-ын бүрэн эрхийн хугацааны хамгийн чухал чуулган нь ирэх намрын чуулган гэж бодож байгаа. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллын тухай УИХ-ын тогтоолын төслийг батлуулсан. Жагсаалтад багтсан хуулийн төслүүдийг хэд хэдэн чиглэлд хувааж байгаа.

Нэгдүгээрт, эдийн засгийн чиглэлтэй хуулийн төслүүд бий. Тодруулбал, Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөл. УИХ-ын дарга захирамж гаргаж уг багц хуулийн төсөл дээр ажиллах ажлын хэсгийг томилсон. Мөн Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Манай улсын нийт хүн амын нэлээд хэсэг нь худалдаа наймаа эрхэлж амьжиргаагаа залгуулж байгаа.

Гэвч эдгээр хүнд зориулсан хууль байдаггүй. Тиймээс Худалдааны тухай хуулийн төслийг шинээр боловсруулж байгаа. Түүнчлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хөдлөх хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хэлэлцэнэ.

Хоёрдугаарт, хууль зүйн салбарын шинэчлэлтэй холбоотой нэлээд олон хуулийн төслииг хэлэлцэхээр төлөвлөөд байна. Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Заримыг нь хэлэлцээд эхэлсэн гэдгийг уншигчид мэдэж байгаа байх.

Гуравдугаарт, нийгмийн чиглэлийн нэлээд хэдэн төсөл бий. Тухайлбал, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын баримт бичиг, Монгол хэлний тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

Дөрөвдүгээрт байгаль орчны чиглэлийн төслүүд багтаж байгаа. Нэлээд удаан хугацаанд маргаан дагуулж буй “Урт нэртэй” хуулийн төслийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн.

Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Сая хаврын чуулганы төгсгөлд Ашигт малтмалын тухай хуулийн хэдхэн заалтад өөрчлөлт оруулсан. Харин ирэх намар хуульд бүхэлд нь өөрчлөлт оруулах юм.

Тавдугаарт, Ерөнхийлөгчийн санаачилсан том төрөөс ухаалаг төр рүү бодпогын хүрээнд батлах хуулийн төслүүдийг онцолж байгаа. Энэ хүрээнд Хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Мөн Ерөнхийлөгч чуулган завсарлахаас өмнө нэлээд хэдэн хуулийн төсөл өргөн барихаар бэлтгэж байгаа тухайгаа танилцуулсан. Энэ хуулийн төслүүд ороод ирвэл бусад гэдэг ангилалд багтаан хэлэлцэнэ.

-Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай зэрэг улс төрийн тогтолцоог өөрчлөх хуулийн төслүүдийг хэлэлцэх үү. Таныг энэ УИХ- ын бүрэн эрхийн хугацааны хамгийн чухал чуулган нь ирэх намрын чуулган гэхээр чинь энэ төслүүдийг хэлэлцэх нь гэж ойлгосон. Гэтэл та сая нэрийг нь дурдсангүй?

-Хэлэлцэнэ. УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж ажилласан гурван том хуулийн төсөл бий. Эхнийх нь Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл. Ажлын хэсэг ерөнхийдөө хуулийн төслөө боловсруулж дууссан.

Харин одоо намуудтай зөвшилцөх асуудал үлдээд байна. Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг ч төслөө бэлэн болгочихсон. Удахгүй өргөн бариад намрын чуулганаар хэлэлцүүлнэ.

Мөн, УИХ-ын даргын захирамжаар бас нэг том ажлын хэсэг байгуулж Монголын Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулж байгаа. Уг тогтоолын төслийг намрын чуулганаар хэлэлцэнэ. Үүнийг Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хэмжээний цогц бодлогыг шинэчилж байгаа гэж ойлгож болно. Эдгээр хуулийн төслийг баталчих юм бол 2014 оны намрын ээлжит чуулган Монгол Улсын хөгжилд томоохон хувь нэмэр оруулах эрх зүйн шинэчлэлхийлээ гэж үзэж болно.

-Сонгуулийн нэгдсэн хуулийн төслөөр намуудтай зөвшилцөх л үлдсэн гэлээ. Ер нь хуулийн төсөлдөө УИХ-ын сонгуулийн тогтолцоо ямар байна гэж тусгаад байгаа юм бэ?

-УИХ-ын сонгуулийн тогтолцоо нь ийм байна гээд ганц хувилбар санал болгохгүй. Нэлээд олон хувилбарыг хэлэлцэж байгаад сонгоно. МАН-ын бүлэг мажоритари тогтолцоотой байвал яасан юм бэ гэсэн саналтай байгаа.

АН болон эвслийн бүлэг 50:50 гэсэн холимог системтэй байвал яасан юм 69 гэсэн саналтай байгаа. Ажлын хэсэг төслөө өргөн барихаасаа өмнө намын бүлгүүдтэй зөвшилцөөд аль нэг хувирбарыг нь сонгож өргөн барих ёстой.

-Үүнээс гадна намын бүлгүүд санал нийлэхгүй байгаа асуудал бий юү?

-Нам, эвслийн бүлгүүд санал нийлэхгүй байгаа бас нэг асуудал нь холимог тогтолцоотой боллоо гэхэд жагсаалтаа яаж эрэмбэлэх вэ гэдэг асуудал байна.

Тухайлбал, “Шударга ёс” эвслийн бүлэг жагсаалтад орох хүмүүсээ бас иргэдээр сонгуулдаг байх санал гаргасан. Мөн орон нутгийн сонгуульд намын оролцоо байх уу, үгүй юү гэдэг асуудал дээр байр бүлгүүдийн байр суурь зөрөхөөр байгаа.

-УИХ-ын ээлжит чуулганаас өмнө ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулна гэсэн мэдээлэл бий. Энэ талаар ярьж тохирсон зүйл байгаа юм уу?

-Албан ёсоор ярьж тохирсон зүйл алга. Гэхдээ Наймдугаар сарын сүүлчээр ээлжит бус чуулган хуралдуулж магадгүй. Яагаад гэвэл, хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалтай холбогдуулан хүндэтгэлийн чуулган хуралдуулаад үргэлжлүүлэн ээлжит бусаар хуралдахыг үгүйсгэхгүй.