76 хүн идсэн нь дээр үү, 1 хүн идсэн нь дээр үү
Баячууд засаглаж байгаа учраас баячуудыг хамгаалсан хууль гардаг
Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ. Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" буландаа “Сонгуулийн хуулийн шинэчлэл”-ийн асуудлыг хөндөж, экспертүүдийнхээ санал бодлыг олон нийтэд хүргэж байна. Энэ удаад улс төрийн намын төлөөлөл болгож Монголын Ногоон намын дарга О.Бум-Ялагчтай ярилцлаа.
Мэргэжил: Биофизикч, Аялал жуулчлалын менежер
Ажилласан жил: 15 жил
Туршлага: 2000, 2004 онд УИХ-д нэр дэвшсэн, 2006 онд ЧД-ийн орон нутгийн сонгууль, 2009 онд СБД-ийн орон нутгийн сонгууль, 2012 онд УИХ-ын сонгуульд Монголын ногоон намын жагсаалтад нэгдүгээрт бичигдсэн.
-Монголын ногоон намын зүгээс сонгуулийн хуулийн шинэчлэлийг хэрхэн харж байгаа вэ, ямар агуулга, концепцитой байх ёстой талаар саналаа хэлнэ үү?
Дэлхий дээр сонгуулийг шударга явуулах ганцхан зам байгаа нь саналыг гараар баталгаажуулан тоолох явдал юм. Жишээ нь: Афганистан улс гараар тоолж байна.
Ер нь машинаар уу, гараар уу, юугаар ч тоолж болох ч гагцхүү баталгаажуулан тоолох эрхийг ард түмэн, сонгогчдод өгдөг. Байнга маргаан гардаг учраас ард иргэдээрээ тоолуулсан нь дөрвөн жилд нэг удаа эдэлж байгаа эрхийг нь хүндэтгэсэн маш том алхам. Манай улс ч гэсэн үүнийг дагахгүй бол 2008 оны 7 сарын 1 шиг үйл явдал болж магадгүй.
Шуудайнд чулуу хийж байсан хүмүүс өнөөдөр мөнгөтэй болоод зэвсэгтэй эсэргүүцэл гаргахыг үгүйсгэхгүй. Тиймээс юун түрүүнд 2016 оны сонгуулийг шударга явуулахад анхаарах ёстой. Үүний тулд НҮБ-ын зөвлөмжийн дагуу сонгогчдоор тоолуулах ёстой.
Хоёрдугаарт улс төрд мөнгөтэй хүмүүсийг оруулахгүй байх хэрэгтэй. Улстөрд мөнгөтэй хүмүүс орохоор ямар хямрал болдгийг өнөөдрийн парламент харуулж байна. Зөвхөн баячуудыг баяжуулах хууль батласны жишээ нь: Алтны роялтийн татварыг 5 байсныг 2,5 хувь болгож бууруулснаас харж болно.
Гэтэл нийт хүн амын 1/3 нь ядуу өлсгөлөн байна. Өнөөгийн манай шийдвэр гаргах эрхтэй улстөрчид үүнийг олж харахгүй байгаа ба ихэнхи мөнгөтэй хүмүүс Гитлер шиг бодож нийгмийн эмзэг давхаргыг устгах тухай л боддог.
-Яагаад?
Ядуус хоолны сав учир татвараас мөнгө өгөх хэрэгтэй болдог. Монголын нэг баян хүн “Монгол тулгатны зуун эрхэм” ТВ-ийн нэвтрүүлэгт оролцохдоо Энэтхэгт жинхэнэ ядуу хүмүүс гудамжаар хэвтээд байж байдаг.
Харин монголд тийм зүйл байхгүй гэж ярьж байсан. Баян хүн амьдралаас тасарч, шал өөр сэтгэж байна. Монголд сүүлийн жилүүдэд 700 гаруй хүн хөлдөж үхэж байхад Афганистанд жилдээ үсрээд 200 хүн бөмбөгдөлтөд өртдөг. Баячууд засаглаж байгаа учраас баячуудыг хамгаалсан хуулийг гаргаж байна. Сая урт нэртэй хуулийг болиулах гээд Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн баталсан.
УИХ дээр уул уурхайн сайдыг баталж байхад алтны 100 компанийг яаж дэмжих вэ гээд л ямар их асууж байна вэ. Гэтэл хөдөлмөрийн яам, хүн амын хөгжил нийгмийн хамгаалал дээр юу ч хэлээгүй ш дээ. Тэд хэзээ ч ядууст зориулсан бодлого явуулахгүй. Энэ чинь Ленины онолоор батлагдсан зүйл.
Тийм учраас ядуу баян гэж ялгагддаг. Баян хүн улам баян болж ядуусыг хядахыг боддог. Баячууд нийгмийн эмзэг давхаргын дайсан. Тийм учраас Монголын Ногоон намаас баячуудын засаглалыг зогсооё гэж уриалдаг.
-Хэрхэн зогсоох ёстой вэ. Энэ асуултын дагуу улс төр мөнгөний хамаарал болон сонгуулийн санхүүжилт, хандивын асуудлыг хөндмөөр байна.
Сонгуульд баян хүмүүсийг оруулж болохгүй. Намд мөнгө хэрэгтэй учраас нэр дэвшигчдээс босго мөнгө авдаг. Өмнөх сонгууль луйвартай болсон учир сонгуулийн хуулийг өөрчилье гэж ярьж байгаа. Намуудад мөнгөтэй хүмүүсийг оруулж ирүүлэхгүй байхын тулд парламентад суудалгүй намууд нэг санал дээр нэгдээд байгаа. Санхүүжилтыг төр хариуцаж, сонгуулийг нь явуулж өгье. Бусад улс оронд ч ийм жишиг бий.
Намууд нэр дэвшигчийнхээ зураг, мэдээллийг файлаар өгөөд Сонгуулийн Ерөнхий хороо нь хэвлээд бүгдийг нь ижил байдлаар тарааж болно. Төрд хамаагүй ашигтай. Төрийн нэг компани ажилтай болно.
Хоёрдугаарт сурталчилгааг төр хариуцаж байгаа юм чинь намууд баячуудаас мөнгө гуйх шаардлагагүй болно. Харин жинхэнэ улстөр сонирхдог, мэргэжлийн хүмүүст орон зай олдож ард нийтийг төлөөлж ажиллаж чадахуйц хүмүүс нэр дэвших болно.
Баячуудыг төрд гаргахгүйн тулд улс төрч сэтгэлгээтэй улс төрчдийг оруулах ёстой. Төрд баячуудыг оруулж болохгүй. Н.Номтойбаяр, Б.Наранхүү нарыг оруулахгүй гэсэн үг. Баячуудыг энэ засаг төрөөс “амбаардаж” хөөж явуулах ёстой. Үүнийг хуулийн хүрээнд шийдэж чадахгүй бол зэвсгээр, хувьсгалаар хийх болно.
-Сонгуулийн зардлыг бууруулах боломжийн талаар ямар саналтай байна вэ?
Сурталчилгааны материалыг тараахыг төрөөс зохион байгуулалтаар шийдэх хэрэгтэй. Нийт сонгогчдын тал хувь нь сонгуульд очихгүй байгаа учир айл болгоны хаалга тогших албагүй. Германд сонгуульд ороогүй байсан ч баталгаажуулж тоолох эрхийг нь хүмүүс өгдөг зарчимтай. Тооллогыг хамгийн гол нь ард иргэд хийх ёстой.
Гэтэл одоо хоёр намын ярьж байгаа зүйл нь маргаан гарсан газар тоолоод, ингэхдээ хар машиныг манаж байсан хүмүүс нь тоолно гэсэн. Жишээлбэл би 100 хонь тоолж өгчихөөд нэгийг нь алдчихсан бол буцааж тоолохдоо 100 л гэж тоолно ш дээ.
Ийм заваан зүйл байж болохгүй. Энэ хоёр асуудал дээр парламентад суудалтай болон суудалгүй намууд маргалдаад байгаа юм.
-Улс төрийн намуудын хуулийг өөрчлөхдөө Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахаар ярьж байгааг та юу гэж боддог вэ?
76 хүн идсэн нь дээр үү, 1 хүн идсэн нь дээр үү. 1 хүн идсэн нь дээр юм шиг ард түмэнд санагдана. Гэхдээ өнөөгийн байдлаар Ерөнхийлөгчийн засаглал дээр санагдах ч алс хэтдээ парламент нь зөв. Бидний зүгээс Үндсэн хуулинд өөрчлөлт оруулна гэдэг нь дордсон долоон өөрчлөлтийг буцаая гэсэн санаа. Өмнө нь Үндсэн хуулийн 29-р зүйлд өөрчлөлт оруулаад УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн болох бололцоог нээж өгч, өнөөгийн “давхар дээлтнүүд” бий болсон.
Яагаад гэвэл тухайн үед АН манайд сайд болох хүн алга учраас их хурлын гишүүдээс сайдыг томильё гээд өөрчлөлт оруулж байсан.
Үндсэн хуулийн цэц 2000 оны 11 сард хуралдаад энэ долоон өөрчлөлт ҮХ-ийг зөрчиж байна гээд №2 тогтоол гаргаж буцаасан. Гэтэл тухайн үед МАХН ихэнхи суудал авчихсан ёстой л бяр нь амтагдаж байсан учир цэцийн шийдвэрийг хүлээж аваад 7 өөрчлөлтийг буцаасан. Тэгсэн хэрнээ долоон өөрчлөлтөө үг үсэг алдахгүй дахин батласан.
Шийдвэрээ уншаад алх цохилгүй батласан. Тэр үед Энэбиш гуайн албан бланкан дээр бичээд ҮХ-ийн цэцэд албан мэдээ явуулсан. Тэрийг нь өнөөдөр хүртэл дагаж мөрдөж байгаа.
Гэтэл ҮХ-ийн цэцийн дарга П.Очирбат гуай ҮХ-ийг зөрчиж байгаа ганцхан газар бол УИХ, үе үеийн засгийн газар гэдгийг хэлсэн. Өнөөдрийн Монгол улсын Ерөнхийлөгч дордсон долоон өөрчлөлтийг буцаая гэж байгаа. УИХ хуралдаж буцаах ёстой. Тогтоол гаргах ёстой. Ингэвэл 1992 оны хууль хүчинтэй болж УИХ-ын гишүүн ЗГ-ын гишүүн байхыг хориглоно.
Одоо ҮХ-д өөрчлөлт оруулах бол бүх ард нийтийн санал асуулга явуулах ёстой. Яагаад гэвэл ҮХ гэдэг бол ард түмэн, төр засгийн хооронд байгуулсан гэрээ. Бүх хүмүүсийн хороондоо байгуулсан тоглоомын дүрэм. Хүн бүр оролцох эрхтэй.
-Сонгуулийн хуулинд өөр ямар санал байна вэ?
38х38-ийг манай нам дэмжиж байгаа. Дэлхийн 90 гаруй улс төрийн намыг нэгтгэсэн Даян Дэлхийн Ногоонтнууд маань өөрийн гэсэн тунхагтай. Социал демократ намууд мөн тунхагтай байдаг. Тэнд ирээдүйд улс төрд пропорциональ тогтолцоог дэмжиж ажиллавал илүү эрүүл гэдгийг хэлсэн байдаг.
-Хэрвээ улс төрийн намын жагсаалтад орж байгаа хүмүүс муу байвал яах вэ. Намтай яаж хариуцлага тооцох вэ?
Тэр намыг дэмжихээ больчихно. АН олон гишүүнтэй учраас сонгоно гэж бодох нь өнөө маргаашийн асуудал. Яваандаа намд шинэ үе ирж, мэдлэгтэй, боловсролтой хүмүүс гарч ирнэ. АН дотроо эсрэг кноп даралцаж эхэлж байгаа нь эхлэл гэж ойлгож байгаа.
Тийм учраас намынхаа гишүүдээс дэмжлэг авсан, олон нийтийн дэмжлэг авсан хүмүүс улс төрд хүчтэй орж ирнэ. Ингэж байж нам өөрөө авлигажихгүй, шударга болно. Улс төрийн намыг эрүүлжүүлэх нь олон нийтийн захиас.
Хандив, сонгуулийн үеийн санхүүжилтийг төрөөс өгдөг болгоё. Улс төрийн нам дэргэдээ сантай байхыг манайд хуулиар зөвшөөрчихсөн. Парламентад суудал авангуут төсвөөс тэр сан руу нь мөнгө ордог. Тэр сан нь тухайн намын үзэл баримтлалыг дэмжих бодлого явуулдаг. Намд нь мөнгө өгөхгүй. Соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Харин намын өдөр тутмын зардлыг гишүүдийн татвар, хандиваар зохицуулах ёстой.
Энэ утгаараа гишүүнчлэлийн татвар, хандиваар санхүүжүүлэхийг зөв гэж үздэг. Санхүүжилт, хандивыг ил тод болгож, хэмжээг нь зааж өгөх ёстой. Өөрөөр хэлбэл Б.Наранхүү 50 сая доллар намдаа өгсөн гэж таамаглан ярьдагаа больж тодорхой болно гэсэн үг. Намын санхүүжилт ил тод хөндлөнгийн хяналттай байх ёстой.
Бид социализмаас авч үлдэх ёстой байсан хяналт гэдэг зүйлийг аваад хаячихсан. Бүх зүйлд хяналт гэж алга. Хяналт үгүй болонгуут хаос, анархи болж байна. Иймэрхүү анархи сэтгэлгээтэй хүмүүсийг зайлуулах ёстой. Мөнгөтэй нэр дэвшигчид эмэгтэй нэр дэвшигчдийг айлгадаг. Иймээс улс төрд эмэгтэйчүүд цөөдөж байна. Бид эмэгтэй улс төрчийг илүү шударга гэж үздэг. Баян хүн хийх зүйлээ олж ядаад улс төрд орох гэдэг үү. Үгүй хууль өөрчлөх гэж, өөрийн компани бизнест хэрэгтэй хууль өөрчлөх гэж ордог.
Ард түмнээ сайхан амьдруулах гэж ордоггүй. Монголын ард түмэн бол баячуудыг дахиж оруулж болохгүй. Хэрвээ Монголын Ногоон нам засгийн эрхийг авбал хээл хахуулыг зосооно. Үндэсний томоохон үйлдвэрлэгчдийг төрийн бодлогоор дэмжинэ. Өмнөд Солонгос үүний бодит жишээ биш үү.