Э.Энхтөр: Нэг намын давамгайлал дор дүүргийн ажил урагшлахгүй байна
БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч Э.Энхтөр
2014.10.15

Э.Энхтөр: Нэг намын давамгайлал дор дүүргийн ажил урагшлахгүй байна

БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч Э.Энхтөртэй дүүрэгт нь тулгамдаж байгаа асуудлаар ярилцлаа.

-Баянгол дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дийлэнх нь АН-ын хүмүүс байдаг. Үүнээс болж дүүргээс иргэд рүү чиглэсэн үйлчилгээнд дээр ямар нэгэн асуудал гарч байна уу ?

2012 оны сонгуулиар ИТХ-ын 41 тэргүүлэгчээс Ардчилсан намаас 30 хүн, Монгол ардын намаас есөн хүн, МАХН-аас хоёр хүн сонгогдон ажиллаж байтал 2014 оны Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар МАН-ын бүлгээс хоёр хүн гарч бусад намд элссэн. Ингэснээр олонх болсон нам ны цөөнхөө улам дарах, бид нарын саналыг тоохгүй байх зэргээр Дүүргийн иргэдийн хурал алдаа оноотой шийдвэр гаргасаар байна. Үүнээс болоод сүүлийн хоёр жилийн хугацаанд дүүргийн иргэдийн хурлаас гарсан газартай холбоотой асуудлууд нь шүүх дээр очоод унах жишээтэй.

Гэтэл гаргасан шийдвэр нь амьдрал дээр хэрэгжиж байна уу, хууль эрх зүйн чадамж хэр байна гэдгийг нягтлах хэрэгтэй юм. Тэгэлгүй нэг намын давамгайлал дор ажлаа явуулж, цөөнхийн үгээ сонсолгүй, дарамталж, гадуурхах бүр цаашлаад дүүргийн ажилд оролцуулахгүй байх зэргээр шахаж байгаа нь манай нам болон МАХН-ын төлөөлөгч нарт таалагдахгүй байна.

-Танай намын зүгээс гаргасан ямар асуудлыг тоохгүй байна вэ ?

Ер нь 2012 оноос эхлэн ихэвчлэн нэг л асуудлыг шийдсэн нь газрын асуудал.Газрыг зөвшөөрөлгүй өгсөн, дахин төлөвлөлтөнд ороогүй, батлагдаагүй газар өгсөн зэрэг асуудлыг маш ихээр цуцалсан. Тэгсэнээ сэргээх эрхийг нь тэргүүлэгчдэд шилжүүлсэн. 

Үүнийг манай намын зүгээс татгалзсан ч олонхоор батлаад шийдсэн.  Дүүргийн тэргүүлэгч нь долоон хүн байдгаас нэг хүн нь манай намынх. Гэхдээ ямар нэгэн байдлаар сэргээх газрын асуудал гарч ирвэл 6:1 гээд олонхоор шийдэх болно. Энэ мэт жишээний том асуудал дээр нэг намын давамгайлал гарч байна.

-Одоогоор хэд орчим газрын асуудал байгаа вэ ?

Өнөөдрийн байдлаар 200 гаруй газрын асуудал байгаа. Гэхдээ эдгээрээс хэдийг нь сэргээж байгааг мэдэх боломжгүй байна.

-Энэ жил Дүүргийн төсвийг хэдэн тэрбум төгрөгөөр баталсан бэ. Төсвийн гүйцэтгэл хэдэн хувьтай байна вэ ?

Жилийн төсвийг 50 орчим тэрбум төгрөгөөр баталсан. Орон нутгийнхаа төсөвтэй нийлээд  100 тэрбум төгрөгийг дүүрэгтээ хөрөнгө оруулалтаар шийдсэн байгаа. Түүнчлэн төсөвт тусгаснаар нь засварын ажлууд ч хийгдсэн.

Жишээ нь хороодод байгаа хуучин байшингийн дээвэр засах, цахилгаан шат засах, камержуулалт, гэрэлтүүлэг зэрэг ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдсэн. Мөн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тал дээр ч ажилласан. Ерөнхийдөө дүүргийн хувьд жилийн төлөвлөгөөнд тусгагдсан тогтмол үйл ажиллагаанууд хийгдэж байна.

-Улаанбаатар хотын дүүргүүдэд тулгамдаж байгаа асуудал цэцэрлэг, сургууль. Энэ асуудал Баянгол дүүрэгт хэр байна вэ ?

Аль ч дүүрэгт тулгамдаж байгаа асуудал. Гэр хорооллын хувьд талбай байгаа учир цэцэрлэгийн асуудал арай гайгүй бөгөөд, харин орон сууцтай айлуудын хувьд илүү том асуудал болж байна.  Жишээлбэл  Баянгол дүүргийн  долдугаар хороо гэхэд  12 мянган хүн амтай бөгөөд гурван жижиг сумтай тэнцэх хэмжээний хүн амьдарч байна. Гэтэл тэр гурван сум бол тус тусдаа цэцэрлэг, сургууль байдаг. Харин энд нэг л цэцэрлэг байх жишээтэй. 

Энэ асуудлыг манай намын тэргүүлэгчдийн хувьд дараа жилийн дүүргийн төсөвт шийдвэрлэх талаас нь санал оруулна. Мөн шинээр хороо байгуулах саналыг ч гаргана. Учир нь нэг хороо таваас зургаан мянган хүнтэй байж тэнд сургууль цэцэрлэгийг нь шийдэн стандарт байлгая гэсэн саналыг хэлнэ. Заавал ч үгүй  нэг дүүрэг 12 мянган хүн амтай байж, түүнээс үүдээд төрийн үйлчилгээ цалгардаж болохгүй.

Баянгол дүүргийн хувьд өөр хүчин зүйлээс болоод ажил цалгардаж байгаа тал байна уу ?

Баянгол дүүргийн хувьд нэг харамсалтай зүйл байдаг нь гэр бүлээрээ дүүргийг удирддаг асуудал юм. Учир нь дүүргээс сонгогдсон төрийн түшээ маань өөрийн хүргэнээ дүүргийн орлогч дарга болгочихсон,  охиноо иргэдийн хурлын төлөөлөгч болгосон.

Түүнчлэн өөрсдийн тойрон хүрээлэгчиддээ дүүргийн удирдлагаар ажиллуулж байх жишээтэй. Хэдий тэдгээр хүмүүсийг ард түмэн сонгосон ч ажлаа ном журмын дагуу хийхгүй байгаад нь харамсаж явдаг.Үүнээс болж нэг хүний бодол санаагаар дүүргийн ажил хийгдэж байгаа юм. Энэ бол маш эмгэнэлтэй зүйл. Би залуу хүний хувьд ардчиллыг өөрөөр хардаг. Гэтэл итгээд сонгосон ард түмний итгэлийг алдаж байгаа юм.

-Сүүлийн үед Дүүргийн хороодод ямар ажлууд хийгдэж байна вэ ?

Энэ сарын 19-нд долдугаар хорооны залуучуудынхаа дунд сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Хорооны залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, цаашлаад дүүргийн АШТ-нл хорооны шигшээ багийг бүрдүүлэх давхар зорилготой тэмцээн болно