Г.Шийлэгдамба: Улстөрийн намууд ямар тохироо, наймаа хийснийг мэдэхгүй
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2014.08.19

Г.Шийлэгдамба: Улстөрийн намууд ямар тохироо, наймаа хийснийг мэдэхгүй

МАХН-ын  ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сүүлийн үед МАХН- ын дотоод зөрчил улам бүр нэмэгдэж байх шиг. Нэг хэсэг нь уриалга гаргахаар нөгөө хэсэг нь мэдэгдэл гаргаад л. Чухам юу болоод өрнөөд байна вэ?

-МАХН-ын гүйцэтгэх товчоо хуралдаж, цаг үеийн асуудлыг авч хэлэлцэн, улстөр, нийгмийн нөхцөлбайдалд тодорхой үнэлэлт өгч үүнтэй холбогдуулан мэдэгдэл гаргасан. Өөрөөр хэлбэл энэ мэдэгдэл цөөн хүний байр суурь биш гэсэн үг.

Гэтэл улстөрийн хүрээнд, бусад намуудын зүгээс МАХН- ын гүйцэтгэж байгаа үүрэг хариуцлагатайгаа холбоотойгоор зарим нөхцөл байдал үүсч эхэлсэн.

Тухайлбал хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр олон нийтэд эргэлзээтэй ойлголт төрүүлэх зорилгоор янз бүрийн асуудал хөндсөн мэдээлэл тарааж байна.

Өнөөдөр нийгэм, эдийн засгийн байдал нэлээд хүндхэн байгаа нь тодорхой болсон учраас улстөрийн нөхцөл байдал ч тогтворгүй, намуудын дотор ч зөрчилдөөн үүсгэж болохуйц асуудал гарч байна.

МАХН-ын хувьд 2012 оны сонгуулийн үр дүнгээр бусад намуудтай хамтарч Засгийн газрыг байгуулан ажиллаж буй улстөрийн хүчин. Тиймээс төр, засгийн өнөөгийн үйл ажиллагаа, тогтворжуулах үйл явцад нөлөө үзүүлэх хүчний хувьд МАХН-тай холбоотой янз бүрийн асуудал үүсгэх эрмэлзлэл, хүсэл сонирхол, санаархал улстөрийн хүчин, бүлэглэлүүдэд байна гэж бидний зүгээс үзэж байгаа.

Тэр ч утгаараа  МАХН-ын дарга болон бусад  удирдлага, цаашлаад үйл ажиллагаагаа явуулж буй цагаан байшинтай холбоотой янз бүрийн асуудал гаргаж байна. Энэ нь ч эрчимжлээ. Үүндээ МАХН-ын зарим хүнийг татан оролцуулах асуудлыг ч хөндөж эхэлсэн.

Тиймдээ ч дээр гаргасан мэдэгдлийн ач холбогдлыг гуйвуулах, харах өнцөгт байгаа асуудлыг өөр тийш нь хандуулах гэсэн санаархлууд бодитойгоор үүссэн. Өөрөөр хэлбэл төр засгийн үйл ажиллагаа, 'улстөрийн хүрээн дэх нөхцөл байдлыг тогтворгүй болгохын тулд МАХН-аас үүдэлтэй мэт харагдуулах зорилго гэж ойлгох хэрэгтэй.

-Эдийн засгийн нөхцөл байдлыг тодорхойллоо гэж та хэллээ. Түүнчлэн өнөөдөр валютын ханшийн өсөлтийг ч тогтоон барьж дийлэхгүй байна. Үндсэндээ Засгийн газар эсвэл Монголбанкны ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай яригдах боллоо. МАХН-ын хувьд эдгээр асуудалд ямар байр суурьтай байгаа вэ. Хамтарсан гэдэг шалтгаанаар нүдэн балай, чихэн дүлий суугаад байх уу?

-Бид үүссэн аливаа нөхцөл байдалд ажиглагчийн байр сууринаас ханддаггүй. МАХН цаг үеийн байдлаас хамаарч асуудалд тодорхой үнэлэлт дүгнэлт өгч, авч хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлохын төлөө ажиллаж ирсэн.

Бид эдийн засгийн хүндэрсэн нөхцөл байдалтайгаар холбоотой үнэлэлт дүгнэлт өгч, Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой шүүмжлэл, таны хэлсэнчлэн валютын ханшийн өсөлт зэрэгт бүхий л анхаарлаа хандуулж ажиллаж байгаа. Тиймээс ч УИХ-ын хаврын чуулганы үйл ажиллагаанд ч дүгнэлт өгсөн.

Баяр наадмын өмнө МАХН-ын удирдах зөвлөлийн хурлаар дээрх асуудлуудыг авч хэлэлцсэн. Түүнчлэн 2012 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэн тавьсан Шударга ёс бүлгийн мөрийн хөтөлбөрийн тухай болон үр дүнгийн талаар хэлэлцэн, хангалтгүй гэдэг дүгнэлт өгсөн.

Мөн Засгийн газарт ажиллаж буй өөрийн намын төлөөлөлтэй холбоотой хатуухан санал шүүмжлэл өрнүүлж, тэдний уйл ажиллагааг цаашид эрчимжүүлж, сайжруулахтай холбоотой шийдвэрүүдийг гаргасан.

Өөрөөр хэлбэл улстөрийн нам дотооддоо аливаа асуудалд үнэлэлт, дүгнэлт өгч, үүрэг чиглэл өгсөн.

Бид энэ чиглэлээ барьсаар ирсэн Улстөрийн намын хувьд асуудлыг шийдэх ганц арга нь хариуцлага тооцох нэрийдлээр бүх зүйлийг тогтворгүйжүүлэх нь буруу гэж үзэж байгаа.

Мэдээж Засгийн газартай хариуцлага тооцох, сайд нарын үйл ажиллагаатай холбоотой шүүмжлэлтэй хандах зүйл бий. Үндсэндээ хүнтэй хариуцлага тооцох нь зарчмын асуудал учраас байнга нээлттэй. Гэхдээ хариуцлага тооцох нэрээр бүх асуудлыг дордуулж болохгүй.

Ингэж дордуулахгүйн тулд улстөрийн намууд, УИХ-ын бүтцийн бүлгүүд хамтарч үүссэн нөхцөл байдлыг даван туулах хэрэгтэй гэдэгт анхаарлаа хандуулан ажиллах ёстой гэдэг байр суурьтай байгаа. Тиймээс Засгийн газрын тухай ярихын тулд Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн тайланг авч хэлэлцэх шаардлагатай.

Сөрөг хүчний зүгээс ч гэсэн энэ ажилд үнэлэлт дүгнэлт өгөх байх. Үүний дараа улстөрийн намууд өөрсдийн байр сууриа илэрхийлэх шаардлагатай гэж үзэж байгаа..

Ер нь энэхүү асуудлаас гарах арга замаа зөв тодорхойлж, нөхцөл байдлаа өөрчлөх хэрэгтэй. Бүх зүйлд улстөржсөн байр суурьтай, албан тушаал, эрх мэдэл, намын доторх хийгээд бүлэглэл хоорондын ашиг сонирхолд чиглэгдсэн байдлаар асуудалд хандвал энэ бүхний хүндрэл бэрхшээлийг улстөрчид бус ард иргэд үүрэх учраас тэдний өмнөөс гаргах шийдвэрээ маш нухацтай, хариуцлагатайгаар гаргах ёстой.

-Намуудын дотоод зөрчил хурцадлаа гэдэг нь нэгэнт тодорхой болчихлоо. Олон нийтийн дунд АН-ын- хан анхны тохиролцоондоо хүрээгүйн улмаас өнөөдөр Засгийн газрын гишүүд хий- гээд тэдний ойр тойрныхныг хууль хүчний байгууллагынхан оролдож эхэлсэн гэдэг яриа ч бий болсон. Төрийг тохиролцоогоор төвхнүүлэх гэж зүтгэх нь хэр зохистой алхам бэ?

-Мэдээж аливаа асуудлыг Үндсэн хуулийн хүрээнд шийдвэрлэх нь чухал. УИХ- ын бүрэн эрх дөрвөн жилийн хугацаатай, мөн Засгийн газрын бүтэц, үйл ажиллагаа аль нэг намын дотоодын тохиролцооны дагуу зохион байгуулагдах ёсгүй.

Улстөрийн намууд дотооддоо ямар тохироо, наймаа хийснийг би хувьдаа мэдэхгүй. Хэрвээ ийм тохироо байгаад төрийн эрх мэдлийг энэ зарч- маар хуваарилах асуудал яригдаж байгаа бол зарчмын хувьд энэ нь тогтолцооны маш том гажуудал.

Засгийн газрын үйл ажиллагаа хангалттай эсэх, төрийн тусгай адбадын хяналт, шалгалт зэргийг тусад нь авч үзэх ёстой. Эсвэл нөгөө утгаараа хууль хяналтын байгууллагын хэсэг бүлэг хүн улстөрчдийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэх зэвсэг болчихсон юм биш байгаа гэдэг эргэлзээ тээнэгэлзээ ч байна.

Тэгэхээр аль алиных нь гогцоог тайлж, тийм асуудал байгаа бол түүнийг даруй таслан зогсоох шаардлагатай. Уг нь улстөр нь улстөрөөрөө, Засгийн газрын болон орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын үйл ажиллагаа хууль тогтоомжийнхоо дагуу явагдах ёстой.

Гэтэл эдгээрийг бүгдийг нийлүүлээд улстөр гэдэг асуудалд хольж, нийлүүлээд утга замбарааг нь алдагдуулж, улс орны нийгэм эдийн засгийн байдал өнөөгийн түвшинд  хүрсэн нь улстөрийн хүрээнийхний л буруу болж таарч байгаа юм.  Аль нэг нам нь сайн, нөгөө нь муу гэсэн ойлголт байхгүй. Хор хөнөөл байгаа бол түүнийг бүгд хамтдаа үүсч туулах ёстой.

 -Хэрвээ цаашид Засгийн газрыг өөрчлөх хэмжээнд хүрвэл МАХН-аас сонгогдон томилогдсон сайд нарын асуудлыг хэрхэх вэ?

-Засгийн газар болон түүний гишүүдтэй хариуцлага тооцох асуудлыг зарчмынх нь дагуу ярих хэрэгтэй. Улстөрийн зарим нам Засгийн газартай хариуцлага тооцъё гэж байгаа ч үндэслэл нь тодорхой харагдахгүй байна. Зөвхөн хэн нэгнийг өөрчилвөл нөхцөл байдал өөрчлөгдөнө гэдэг байр сууринаас хандаж байгаа нь хэт өрөөсгөл ойлголт. Тийм гэнэн улстөр хийж болохгүй.

Сайд нарын асуудлыг Засгийн газар дотроо кабинетдаа эсвэл УИХ дээр ярих ёстой. Хуулийн дагуу. Түүнээс биш аль нэг улстөрийн нам хэн нэгэн сайдын ажилд үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй. Манай намын тухайд УИХ болон Засгийн газарт ажиллаж буй гишүүдийнхээ үйл ажиллагааны талаар нээлттэй ярилцдаг.

Нам дотор олон янзын үзэл бодол бий. Зарим нь Засгийн газраас гарах ёстой гэж үзэж байхад, нөгөө хэсэг нь улстөр, бизнесийн МАНАН гэж бүлэглэлийн үйл ажиллагаа эрчим- жиж байгаа учраас тэдний ашиг сонирхолд тохирсон үйл ажиллагаандаа манай намынх- ныг ашиглах гээд байна гэх санааг хэлж байна.

Миний тухайд энэ намын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд МАХН-ын удирдах зөвлөлийнхөн хэн нь хэн бэ гэдгийг сайн мэднэ. Дээрх эрсдэл рүү хэн орох магадлалтай вэ гэдгийг ч мэдэж байна. Гэхдээ би одоохон- доо тэдэндээ итгэдэг. Ингэснээр тэд өөрсдийн болон нам, эх орныхоо өмнө ямар их хариуцлага хүлээх вэ гэдгээ ухамсарлах хэмжээнд хүрнэ гэж боддог.

-УИХ-д төлөөлөл болж буй гишүүд тань намын үйл ажиллагаанд оролцох эсэх тухайгаа яриад байгаа шүү дээ?

-Тиймээ, бид тэдэнтэй хатуу хариуцлага тооцож болно. Гэхдээ энэ нь намын дотор хагарал үүссэн гэсэн үг биш.

-Эрсдэлд орох вий гэсэн гэсэн гишүүн нь хэн гэж?

-Намын гишүүдийн нэр хүндийн асуудал учраас энэ удаа хэлэхгүй. Гэхдээ хал үзэж, халуун чулуу долоосон гэж хэлж болохуйц гишүүд маань янз бүрийн ашиг сонирхол, бүлэглэлийн асуудлаар эрсдэлд орчих гээд байгаа мэдээлэл бидэнд бий.