Х.Болорчулуун: Бие даагч гишүүд нам байгуулах тухай яриагүй
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
2014.03.06

Х.Болорчулуун: Бие даагч гишүүд нам байгуулах тухай яриагүй

УИХ-д бие даан сонгогдсон гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар Монгол хүний төлөө нам байгуулах гэж байгаа тухай мэдээлэл цахим хэвлэлээр гарчээ.

Эрхэм гишүүд эдүгээ Бие даагчдын албан бус зөвлөл байгуулан ажиллаж байгаа.

Чуулганы хуралдаантай үед тэд даваа гариг болгон зөвлөлөөрөө хуралдаж, УИХ-аар хэлэлцэж буй асуудлын талаар ярилцаад хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлдэг юм. Ингэхдээ “Монгол хүний төлөө” гэсэн уриа бүхий самбар ардаа тавьж суудаг. Тэгвэл энэ уриагаараа намаа нэрлэж, Зөвлөлөө өргөжүүлэх нь гэсэн мэдээллийн талаар бие даагч гишүүн Х.Болорчулуунаас тодрууллаа.

-Бие даагч гишүүд Монгол хүний төлөө нам байгуулахаар болжээ гэсэн мэдээлэлд та тайлбар өгөөч. Үнэхээр улс төрийн нам болж ажиллахаар шийдсэн хэрэг үү?

-Уг нь санаа нь сайхан юм. Гэхдээ тийм зүйл байхгүй. Бидэнд “Манай намд элсээч” гэсэн санал ирдэг, тэрийг нь хүлээж авахгүй болохоор ийм чулуу шидэж, “өдөөн хатгаж” байгаа болов уу. Нам байгуулна гэдэг чинь тийм амархан зүйл биш. Бид тийм зүйл яриагүй.

-Аль намаас тийм санал тавьсныг хэлж болох уу?

-Аль аль нь л санал тавьсан шүү дээ.