Г.Шийлэгдамба: Хариуцлага хүлээлгэх бус өөрөө хүлээдэг тогтолцоо хэрэгтэй байна
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2014.08.06

Г.Шийлэгдамба: Хариуцлага хүлээлгэх бус өөрөө хүлээдэг тогтолцоо хэрэгтэй байна

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба ярилцлаа.

-Танай намын дарга өнгөрсөн сарын сүүлчээр Монголд ирнэ гэсэн мэдээлэл гарсан боловч ирсэнгүй. Та саяхан БНСУ руу яваад намын даргатайгаа уулзаад ирсэн гэсэн. Ямар шалтгаанаар ирэх хугацаагаа хойшлуулсан юм бэ?

-Намын өдөр тутмын үйл ажиллагааг хариуцдаг хүний хувьд цаг үеийн болон бусад асуудлаар намын даргатайгаа санал солилцохоор байнга БНСУ руу явдаг.

Сая ч гэсэн үүний нэгэн адил яваад ирлээ. Намын даргын ирэхээр төлөвлөж байсан цаг хугацаатай холбоотойгоор янз бүрийн мэдээлэл гарсан.

Онцгой шалтгаанаас болоод ирэх хугацаагаа хойшлуулсан зүйл байхгүй.

Би сая очиж уулзахдаа эмч нарынх нь дүгнэлтийг харлаа. Өдий хүртэл эмчлүүлсэн хүний хувьд эцсийн үр дүнг нь баталгаажуулсныхаа дараа нааш цаашаа явах асуудлаа шийдэх хэрэгтэй гэдэг дүгнэлтийг эмч нар нь гаргасан юм байна.

Байгаа орчноо өөрчилснөөр эмчилгээний дэглэм алдагдах эрсдэлтэй. Тиймээс хэсэг хугацаанд эмч нарын зөвлөмжийн дагуу байх нь зөв гэж гэж үзсэн юм билээ. Ийм л шалтгаанаар Монголд ирэх хугацаагаа хойшлуулаад байна.

-Эмч нарынх нь дүгнэж байгаагаар эмчилгээ нь ямар хугацааны дараа дуусах юм бэ?

-Нарийн шинжилгээнүүдийнх нь хариунаас эмчилгээний үр дүн тодорхой болно гэсэн. Тэгэхээр багагүй хугацаанд эмчилгээ, шинжилгээ нь үргэлжлэх байх. Ер нь очих бүрт эмчилгээ нь үр дүнтэй болж биеийн байдал нь сайжирч байгаа нь анзаарагддаг.

-“Улаанбаатар хотын удирдлагаар ажиллаж байсан хүмүүсийн хэрэгтэй холбоотойгоор МАХН-ын дарга ирэх хугацаагаа хойшлууллаа” гэсэн мэдээлэл гарсан. Н.Энхбаяр дарга өөрөө энэ мэдээллийг сонссон л байх. Танд үүний эсрэг ямар нэгэн тайлбар хийх өгсөн үү?

-Энэ бол манай даргатай огт холбоогүй асуудал. Өөртэй нь холбоотой, бидний хувьд зохион байгуулалттай гэж үздэг хэрэг нь шүүхийн эцсийн шат хүртлээ яваад шийдэгдчихсэн шүү дээ. Бусад хүнтэй холбоотой хэргийг нь тусгаарласан байсан.

Тиймээс үүнтэй холбогдуулах, хамааруулах ямар ч үндэслэл байхгүй. Гэнэт шийдэгдсэн ийм асуудлыг би даргадаа танилцуулж, асууж тодруулах шаардлагагүй шүү дээ.

-Намын даргатайгаа уулзаад нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулсан байх. Одоогийн нөхцөл байдлыг танай намын дарга юу гэж дүгнэж байгаа вэ?

-Улс төрийн олон арван жилийн туршлагатай хүний хувьд ч төдийгүй жирийн иргэн хүнд тодорхой харагдаж байгаа зүйл бол Монгол Улсын эдийн засгийн байдал.

Сүүлийн үед улс төрийн нөхцөл байдал ч ээдрээтэй болчихлоо. Ер нь манай эрх барьж байгаа намын дотоод хагарал нь улс орны тогтвортой байдалд нөлөөлдөг шилжилтийн гэж хэлмээр нөхцөл байдлаасаа салж чадахгүй байна.

МАН эрх барьж байх үед ч ийм л байсан. Намын дотоод зөрчил нь улс орны эрх ашигтай холбоотой олон чухал шийдвэр гаргахад сөрөг нөлөө үзүүлж байсан.

Хотын фракц гээд л яригддаг байсан шүү дээ. Өнөөдөр АН ч ялгаагүй.

Нэг намаас бүгдээрээ төрийн өндөрлөгт хүрчихээд дараа нь хоорондоо тэмцэлдэх байдал арилахгүй байна. Үүнээс нь болж энгийн иргэдийн амьдрал доройтдог.

Ийм нөхцөл байдал үргэлжилсээр байна. Удахгүй энэ нь эрчимжиж намрын халуун өдрүүд үргэлжлэх нь. Уг нь хүн нэрээ, тогос өдөө гэгчээр хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийн айлчлалыг үр дүнтэйгээр өнгөрүүлэх нь чухал.

Гэвч үүнд бид бэлэн биш байна. Би үүнийг эрх барьж байгаа хүчинтэй ч, сөрөг хүчинтэй ч, өөрсдөдөө ч хамааруулан ярьж байна. Өөр өөр үзэл баримтлалтай намууд хоорондоо өрсөлдөх нь байх л асуудал. Харин нэг үзэл баримтлалтай, цаашилбал Монгол Улсын төлөө нэгдмэл нэг эрх ашгийн төлөө байх ёстой эрх мэдэл бүхий хэсэг бүлэг хүмүүс хоорондоо ашиг сонирхлын төлөө тэмцэлдэж байгаа дүр зураг эмгэнэлтэй харагдаж байна.

Одоо хариуцлага тооцох ёстой цаг нь мөн үү гэвэл мөн. Засгийн газартай ч, УИХ-тай ч хариуцлага тооцох ёстой. Ингэхдээ хариуцлагыг хэн нэгэн рүү чихэх бус хуваалцах ёстой цаг үе.

Тийм учраас бүх нам, УИХ дахь намын бүлгүүд, Засгийн газар бүх хариуцлагыг хуваалцаж үүссэн нөхцөл байдлыг засч залруулж ажиллах ёстой. Энэ тухай асуудлыг намайг Н.Энхбаяр даргатай ярьсан байна гэж ойлгоно биз.

-Тэгэхээр засагт хамтарч байгаа намдаа, удирдлагуудынх нь хийж байгаа үйлдэлд нь сэтгэл дундуур байгаа юм байна гэж ойлгож болох уу?

-Хэн нэгэн хүний үйл ажиллагаа, үйлдэлд сэтгэл дундуур байгаа гэвэл хэтэрхий өрөөсгөл болох байх. Хамтдаа авч хэрэгжүүлэх ёстой асуудалд сэтгэл дундуур байна.

Олонхи нь олонхи шиг байж чадахгүй хэтэрхий олон эрх ашгийн төлөө хуваагдаж байна. Цөөнх нь зөвхөн улс төрийн ашиг сонирхлын төлөө асуудалд хандаж байгаагаас биш нийгэм, эдийн засагт үүссэн нөхцөл байдлыг давж туулъя гэсэн зорилгогүй байна.

Нөхцөл байдал улам муудвал сайн, огцруулбал бүр сайн, огцруулж чадахгүй байсан ч гэсэн сайн гэх ойлголт сөрөг хүчинд бий. Бидний хувьд ч гэсэн гайхуулаад, бахархаад байх зүйл алга. Бид хаврын чуулганд шүүмжлэлтэй хандаж байгаа.

Гол хуулийн төслүүдээ хэлэлцэж чадалгүйгээр завсарласан. Одоо намрын чуулганд илүү хариуцлагатай ажиллах ёстой. Харамсалтай нь өнөөдрийн байдлаас харахад хаврын чуулганы турш үргэлжилсэн улстөржсөн, талцсан, хэлэлдсэн байдал намрын чуулганаар үргэлжлэх бололтой.

-АН дотор Засгийн газрыг огцруулах сонирхолтой хүмүүс бий гэх юм. Та үүнтэй санал нийлэх үү?

-Асуудлыг бүх талаас нь бодож байна. Улс төрийн нөхцөл байдал нэгхэн өдрийн дотор өөрчлөгдөж болдог. Ялангуяа манай улс төрийн нөхцөл байдал таамаглахын аргагүй хувирч өөрчлөгддөг шүү дээ. АН дотор Засгийн газартай холбоотой асуудал байгаа.

Хамгийн гол нь жоомоо алах гэж байгаад гэрээ шатаасан тухай шог яриа байдаг шиг доторхи. зөрчлөө дарах гэж байгаад улс орныхоо төр засгаар тоглочих вий дээ гэсэн болгоомжлол байна. Түүнээс биш хариуцлага тооцох ёстой гэдгийг ойлгож байна.

Засгийн газарт хариуцлага тооцох асуудал байнга л яригддаг. Гэвч зөв хариуцлага тооцох нь ховор. Улс төр илүү хөгжсөн ардчилсан улс оронд өөрсдөө хариуцлага хүлээх зарчим давамгайлдаг. Харин манайд хариуцлага хүлээх биш хүлээлгэх нь их.

Хариуцлага хүлээлгэнэ гэхээр нөгөө талд нь хүлээхгүй гэдэг асуудал босч ирдэг, Сүүлдээ хэн ч хариуцлага хүлээхгүйгээр мартагддаг. Уг нь хариуцлага хүлээлгэдэг бус өөрөө хариуцлага хүлээдэг тогтолцоотой болмоор байгаа юм. Энэ бүхнийг өөрчлөхөд “Шударга ёс” эвсэл нөлөөлж чадахгүй байна.

Энэ талаар бид дотроо ярьж байгаа. Энэ чиглэлээр тодорхой бодлого гаргаж ажиллана. Хамгийн гол нь асуудлыг олонхиороо шийдэж байгаа. Зарим тохиолдолд нөгөө хоёр нам маань нэг тал болчихсон байх жишээтэй. Тухайлбал, Цагаан суваргын ордын асуудлыг шийдэхдээ нөгөө муудалцаад байдаг олонхи, цөөнх хоёр маань нэг тал болж ажилласныг харсан байх.

-АН-ын зарим гишүүн “МАН-тай нэгдэж байж ажил урагшаа явна. Ийм олон гишүүнтэй сөрөг хүчинтэй ажиллахад хэцүү. Тиймээс хамтрах ёстой” гэсэн байр суурийг илэрхийлдэг. Та дээр Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэлээ. Засгийн газарт хариуцлага тооцох замаар танай эвслийг засгаас гаргачих юм биш биз дээ. Үүнээс болгоомжилж байгаа юу?

-Засгийн газарт хариуцлага тооцно гэхээр зөвхөн сайд нарыг огцруулна гэж ойлгоод байгаа юм. Хүнийг нь солиод ч өөрлөгдөхгүй нөхцөл байдал гэж байна ш дээ. Тиймээс нөхцөл байдлыг нь өөрчлөх хэрэгтэй байна.

-Засгийн газрын бүтцийг нь өөрчлөхгүйгээр яаж хариуцлага тооцно гэж. Өөр юуг нь өөрчлөх ёстой юм бэ?

-Тухайлбал, УИХ өөрийнхөө үйл ажиллагаанд дүгнэлт хиймээр байна. Зөвхөн Засгийн газар биш УИХ-д ч гэсэн хариуцлага тооцох ёстой. УИХ-ын гишүүд нийгэмд үүссэн нөхцөл байдлыг өөрчлөхийн төлөө ухаан санаагаа уралдуулан ажиллаж чадаж байгаа юм уу.

Хаврын чуулганаас хойш найр наадам л үргэлжиллээ ш дээ. Зарим намын гишүүд нь амралтгүй ажиллана гэсэн боловч найр наадам дээр харагдаж л байна. Би асуудал шийдэх хариуцлага яриад байгаа юм. Түүнээс биш хэн нэгнийг огцруулах тухай асуудлыг яриагүй.