Би нэг хүнээс хамааралтай амьдардаггүй
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2015.09.28

Би нэг хүнээс хамааралтай амьдардаггүй

“Маргах муудах, уулзах ярих, баярлах гээд юу ч байж болно. Тэр болгонд ач холбогдол өгөөд байх хэрэггүй.

Мэргэжлийн хуульч учраас бүх асуудлыг хууль эрхзүйн хүрээнд зохицуулах чадвартай. Хүн дээр орж ирээд, орилж, хашгираад, янз бүрийн үйлдэл гаргавал тэр гэмт хэрэг шүү дээ. Зүгээр л тийм зүйлийг хараад би хажууд нь “боль” гэж хэлсэн. Дотроо бодож байгаа зүйлээ л бичсэн.

Хоёр нүүртэй хүмүүсийг харахаар ой гутах юм гээд би бодлоо л бичсэн юм” гэсэн хариултыг дэд сайд Б.Тулгатай зөрчилдсөн эсэхийг нь асуухад хэлжээ. Түүний хэлснээр бол ам зөрсөн аж. Твиттерт их л бухимдалтай зүйл бичих болсноо тэрээр ингэж тайлбарласан юм. “Зарим нэгэн хүн өөрт нь эрх чөлөө өгсөн хүнийг мөнгө барьж долдойдож явдаг хүмүүсээс салгаж харж чадахгүй, өрөвдөлтэй санагддаг гэж төрийн бүх удирдлагад хэлсэн.

Заавал Энхбаяр дарга биш бүгдээрээ л тийм байгаа. Би нэг хүнээс хамааралтай амьдардаггүй. Би УИХ-ын гишүүн учраас нийт массаар нь дүгнэлт хийгээд ярьж байгаа юм. Би Шийлэгдамбыг, Баярцогтыг, Элбэгдоржийг, Энхбаярыг бүгдийг нь ярьж байгаа” гэв. Энэ бол түүнийг нам дотроо нэлээд асуудалд орж, хүндхэн байдалд байгааг гэрчилнэ. 

Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан учир хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудалд хойрго хандсан гэж намынхан нь үзжээ. О.Баасанхүү гишүүнийг сайдад ярьсан боловч АН-ынхан болон зарим гишүүн хүлээж авахгүй гэдгээ илэр­хийлж, дэмжлэггүй байсныг БСШУ-ы дэд сайд Б.Тулга ярилцлагадаа хэлсэн байлаа.  

О.Баасанхүү гишүүнийг оймсонд хавчуулагдаж орж ирсэн гэж УИХ-ын гишүүн Ц.Ням­дорж тодорхойлж бай­сан удаатай. Ингэж хэлс­ний дараа түүнийг хэний ойм­сонд хавчуулагдсан бэ, Н.Энх­баярынх уу гэж хэсэгтээ шуугьж байв. УИХ-ын гишүүн болон дэд сайд хоёрын ярилцлагаас харахад МАХН-ын дарга Н.Энхбаяртай ойлголцоогүй, таагүй харилцаатай буй О.Баасанхүү гишүүн бухимдал, гомдолтой байгаа нь харагдав. Тэрээр 2012 оны УИХ-ын сонгуулиар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн жагсаалтын наймд бичигдэж, парламентын гишүүн болсон билээ.