Г.Баярсайхан: Хоёр нам нэг “хөнжилд” орсон тул дэд хороо гадуурхагдаад байна
2011.05.11

Г.Баярсайхан: Хоёр нам нэг “хөнжилд” орсон тул дэд хороо гадуурхагдаад байна

-Гишүүд ёс зүйгүй авирлаж байгаа нь Засгийн газраас ноолуурын салбарыг дэмжих зорилгоор 110 тэрбум төгрөгийн бондын асуудлыг хэлэлцэх үеэр харагдлаа гэж шүүмжилж байна. УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргын хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Ноолуурын салбарыг дэмжих 100 тэрбум бондын асуудлыг хэлэлцэх үеэр л УИХ дээр ашиг сонирхлын зөрчил илэрсэн юм биш. Анх 2008 онд УИХ анхны хуралдаанаа хийх үеэрээ мөн л ноолуурын салбарт 70 гаруй тэрбум төгрөг өгч байсан.Тэгэхээр УИХ-ын гишүүдийн ашиг сонирхлын зөрчил энэ удаагийн УИХ-ын хамгийн анхны хуралдаанаар илэрсэн гэж ойлгож болно.Тухайн үед УИХ-ын Ёс зүйн дэд хороог эмхлэн байгуулаагүй байсан. Харин өнөөдөр бид Ёс зүйн дүрэмтэй болж, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж чадах бололцоотой боллоо. Улс төрийн тогтвортой байдал гэсэн нэрийн дор ямарваа нэгэн маргаантай, хурц, хариуцлага хүлээлгэх асуудал байвал түүнийг аль болох дарах нь энгийн үзэгдэл болжээ. Ёс зүйн дэд хороо хоёр удаа хуралдаж, УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэгт дүн шинжилгээ хийх асуудлыг оруулж хэлэлцсэн. Харамсалтай нь Ёс зүйн дэд хорооны гишүүд дэмжээгүй. Ганцхан Су.Батболд гишүүн л дэмжсэн. Ноолуурын бизнес эрхэлдэг гишүүд ичихгүй дэмжсэн санал өгч, инээд алдан сууж байгаа нь харамсалтай.Тэдэнд ямар ч ёс зүй алга даа. Ерөнхий сайд ч "Алтай кашмер"-ын эзэмшигч. Гэтэл энэ асуудал надад хамаагүй, гаргах бондоос авахгүй гэж хэлсэн нь сайшаалтай юм. Засгийн газар үнэхээр ёс зүй гэж юу байдаг, хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгээ үлгэр жишээ үзүүлж чадсан шүү. Ерөнхийдөө ашиг сонирхол, ёс зүйн зөрчил хоёр нэг зүйл юм.

-Гишүүд өнөөдөр ичихгүй өөрийнхөө бизнесийн төлөө товчлуур дараад сууж байна гэлээ. Хуулийн төслийн ард хэн нэгэн мөнгөтэй, эрх мэдэлтэй хүний лобби явдгийг хэрхэн зогсоох вэ?

-Өнөөдөр уул уурхай хөгжиж байна. Энэ салбарт бизнес эрхэлдэггүй хүн тун цөөхөн байна. Хууль хэлэлцэх үед лобби хийж батлуулаад гаргаж байсан нь нууц биш. Мөн архи, тамхи, нүүрсний чиглэлээр лобби хийх нь элбэг байна. Саяхан Ерөнхийлөгч нэг зүйл санаачилсан нь их дэмжүүштэй асуудал юм. Энэ санал нь уул уурхайн салбарт ажилладаг, хувь эзэмшдэг хүнийг УИХ-д оруулахгүй байх агуулгатай юм. Би үүнийг дэмжиж байгаа. Өөрийн бизнесээ дэмжих гэж төрийн хар хүн болох ёсгүй. Миний бодлоор ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулиа хурдан батлах л хэрэгтэй байгаа. Энэ хууль гарчихвал түшээд хувийн эрх ашгийн төлөө кноп дарахаа болино.

-Нэгэнт УИХ-ын гишүүд ёс зүйн дүрэмтэй болсон болохоор дүрмийн дагуу хариуцлага тооцож ажиллах боломжтой болсон юм биш үү?

-Ёс зүйн дэд хороо нь хэн нэгэн хүнд шууд хариуцлага тооцох нь өрөөсгөл ойлголт. Аливаа ашиг сонирхлын зөрчлөөс ёс зүй, ухамсрынхаа үүднээс татгалзах гэх мэт УИХ-ын гишүүнийг аливаа асуудалд дотоод итгэл үнэмшлээрээ хандахад хүргэсэн дүрэм юм. Харин ашиг сонирхлын зөрчлийн хууль ороод ирвэл ёс дүрмийн хамт мөрдлөг болгоод явна. Хуулийн төсөлд хэрвээ хэн нэгэн гишүүн тухайн асуудалд ашиг сонирхлын зөрчилтэй байвал хэлэлцүүлэгт нь оролцохгүйгээ Ёс зүйн дэд хороонд мэдэгдэнэ гэх зэрэг тодорхой асуудлуудыг тусгасан байна лээ. Миний хувьд хуулийн төслийг дэмжиж ажиллана.

- УИХ-ын гишүүд биенээ хардаж хараах нь энүүхэнд. Хааяа зодолдсон ч тохиолдол бий. Ёс зүйн дүрмээ л мөрдөх хэрэгтэй юм биш үү.Та юу гэж бодож байна вэ?

-Улс төр хариуцлагатай байж, өөрөө цэвэршдэг байх ёстой. Гэтэл ийм зүйл огт алга. Гадны улс орнуудад ёс зүйн зарчмаа маш хатуу чанга мөрддөг. Жишээ нь, Японд гүйцэтгэх засаглалын бүрэлдэхүүнд орсон сайд нь 400 ам.долларын хандив авсныхаа төлөө сайн дураараа огцорч байна. Учир нь, тус улсын парламентад олонх, цөөнхийн зарчим үйлчилж, сөрөг хүчин нь хяналтаа сайн тавьсан хэрэг. Мөн иргэд, улс төрчид нь өндөр ёс зүйтэй байгаа юм. Гэтэл манайд ямар ч сорог хүчин алга.Тиймээс хариуцлага хүлээлгэх нөхцөл бүрдэхгүй байна. Ерөнхийдөө хамтарсан Засгийн газар байгуулсантай шууд холбоотой. Энэ байдлаас болж өнөөдөр хэн нэгэнд хариуцлага тооцох боломж олдохгүй байна.

-Тэгвэл УИХ-д Ёс зүйн дэд хороо байх шаардлага бий юу?

-Уг нь, олонх, цөөнхтэй эрүүл парламентад бол шаардлагатай бүтэц. Цөөнх нь энэхүү дэд хороогоо бүрдүүлж, олонх болсон намаа, гүйцэтгэх засаглалаа хянах үүрэг хүлээнэ. Гэтэл энэ УИХ нь сөрөг хүчингүй болсон тул Ёс зүйн дэд хороо хэрэггүй юм шиг харагдаад байгаа юм. Хоёр нам нэг хөнжилд орчихсон болохоор уг дэд хороо гадуурхагдаад л байна даа. Бүгд бие биенийхээ алдааг мэдэж байгаа хэрнээ нүд аниад л өнгөрөөх болсон. Ямар нэгэн асуудал оруулахад улс төрийн тогтвортой байдал чухал гээд л тэр бүх алдаа завхралыг хараагүй мэт царайлах нь элбэг. Хамтарсан Засгийн газар гэсэн нэрийн дор бүх булхай луйвар хав дарагдаж байна. Цаашид цөөнхгүй парламентын Ёс зуны дэд хороо үүргээ биелүүлэх боломж алга. Энэ дэд хороог ажилладаг болгоё гэвэл олонх, цөөнхийн зарчмаа л баримтлах хэрэгтэй.Тэгвэл түшээдийн элдэв асуудлыг хэлэлцэн шийдэж, Засгийн газарт ч хариуцлага тооцож чадна.

-Та Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах асуудлыг өргөнбарьсан гишүүний нэг. Гадны уяс орнуудад хариуцлага алдсан дарга нар ёс зүйтэйгээр огцордгийг хэлж байна.Та бүхний тавьсан асуудлыг хэрхэн шийдэх бол?

-Үнэхээр хариуцсан салбарт нь болохгүй зүйл гарч байна.Тухайлбал, Налайхын нүүрсний уурхайд олон сайхан залуу амиа алддаг. Гэтэл үүнийг энгийн үзэгдэл мэт хүлээж авч байна. Хэрвээ ёс зүйтэй сайд бол огцрох учиртай. Даан ч өнөөдөр тийм зүйл алга. Д.Зоригтыг олонхоороо хаацайлаад аваад үлдэнэ гэдгийг би сайн мэдэж байна.

-Манай УИХ-ын гишүүд хэр ёс зүйтэй гэж бодож байна вэ?

-Онц дүн хэзээ ч тавьж чадахгүй. Парламент өнөөдөр дээд хэмжээнд ёс зүйтэй ажиллан хууль тогтоож байна гэхэд хэцүү шүү дээ. Гэхдээ бүгд яадгаа алдсан, өөртөө ашиг харж товчлуур дардаг хүмүүс бий. Ашиг сонирхлын зөрчилд автдаггүй, шударга зарчимч хүн цөөхөн бий. Бизнесийн ашиг сонирхлынхоо үүднээс үг хэлж, санал оруулж байгаа түшээдийн талаар шүүмжлэлтэй хандахад даанч хүлээн авахгүй юм даа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.