Г.Баярсайхан: Ёс зүйн дэд хороо арга хэмжээ авна
2011.10.28

Г.Баярсайхан: Ёс зүйн дэд хороо арга хэмжээ авна

Сүүлийн үед ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар нэг нэгнийхээ булхайг дэлгэж, далд байгаа хөрөнгө хуудууг нь уудалж эхэллээ. Түүнчлэн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороон дарга Ж.Сүхбаатар УИХ-ын гишүүн С.Эрдэнийг “Эрүүгийн элемент царайлсан хулгайч, новш” гэж хэлсэн нь олны жихүүцлийг төрүүлээд байгаа юм. Харин энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Г.Баярсайханаас тодрууллаа.
-ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар хэвлэлээр бие биенийхээ булхайг дэлгэж байна. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр Ц.Нямдоржийн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй далд байгаа хөрөнгийг нь ил болгосон. Тэгэхээр УИХ-ын Ёс зүйн дэд хорооноос гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэгт хяналт тавих эрх байдаг уу. Тийм эрх зүйн орчин бий юү?
-Ёс зүйн дэд хороонд гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэгт хөндлөнгөөс хяналт тавих бүрэн эрх нь хуулиараа баталгаажсан байдаг. Иргэдээс УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг сонирхож, ирүүлсэн удаа бий. Түүний дагуу бид гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэгт мониторинг хийе гэж үзсэн. Мониторинг хийх шаардлага байгаа. Хөрөнгөтэй гишүүд нь хөрөнгөгүй болж, хөрөнгөгүй нь хөрөнгөтэй харагдаж эхэлж байна. Төрд ажиллаж байсан хүн гишүүн болж ирээд л үнэтэй машин унаад, олон өрөө байр, хаустай болж байгаа нь мониторинг хийх зайлшгүй шаардлага бий болгож байна. Тэгэхээр хөрөнгө орлогын гарал үүслийг тодруулах нь чухал. Одоо улс төрийн хүчнүүд, УИХ-ын гишүүд эдийн засгийн хувьд аалзны тор шиг холбоо сүлбээтэй болчихсон байх жишээтэй. Наад захын жишээ хэлэхэд, уул уурхайн том төсөлд гэр бүлээрээ, улс төрийн бүлэглэлээрээ орчихоод байна. Анх улс төр бизнесийн бүлэг байсан бол бизнес, гэр бүл, улс төрийн бүлэглэл болоод хувирчихсан. Тэгэхээр гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэгт мониторинг хийгээгүй цагт уул уурхай стратегийн ордын тухай ярихад “Та үг хэлэх эрхгүй. Та товчлуур дарах эрхгүй” гэж хэлэх боломжгүй л болчихоод байгаа юм. Энэ байдал нь УИХ-аас шийдвэр гаргах түвшинд нөлөөлөөд эхэлчихсэн.
-Тэгэхээр мониторинг хийж болоогүй юм уу?
-Би үүнд дангаараа шийдвэр гаргах боломжгүй л дээ. Ёс зүйн дэд хорооны зургаан гишүүн санал нэгдэж, олонхийн дэмжлэгийг авч байж энэ ажлыг хийх учиртай. Үүнийг хийе гэсэн боловч манай намын нэг гишүүн дэмжээгүй, Д.Энхбат гишүүн ирээгүй. Үүнээс болоод олонхиороо дэмжээгүй учраас хийх боломжгүй болсон юм.  Одоо цаг хугацааны хувьд цаашид ХОМ-т зайлшгүй мониторинг хийх шаардлага тулгараад байна.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “Уул уурхай, архины бизнестэй хүн парламентад орох хэрэггүй” гэж хэлсэн. Тэгэхээр таны хэлдгээр дараагийн парламентад энэ асуудал жаахан ч болов цэгцрэх нь ээ?
-Бүх юмны гараа ижилхэн байх ёстой л доо. Миний үеийн залуу гишүүдийн гараа ижилхэн. Гэтэл 2012 оны сонгуульд уул уурхайн баялгийн шударга бус хуваарилалтаас асар их хэмжээний хөрөнгийн өв залгамжлагчид улс төрд орж ирэх гэж байна л даа. МАН-ын зарим залуус мөнгө цацаад л яваад байна. Тэгэхээр сэхээтэн айлын залуучууд тэдэнтэй УИХ-д өрсөлдөх ямар ч боломжгүй.
-Ямaр ч сайн боловсролтой байсан өрсөлдөх боломжгүй гэж үү?
-Тийм. Мөнгөтэй хүнд ямар ялгаа байна вэ гэхээр ямар ч ёс суртахуунгүй, бүх юманд аархдаг тийм л зантай байдаг. Сонгогчидын боловсролын түвшин муу, ядуурал их байгаагаас үүдээд сүүлийн үеийн сонгуулиуд мөнгөний сонгууль болсон.

-Гишүүдийн ёс зүй гэснээс Төрийн байгуулалтын байнгын хороон дарга Ж.Сүхбаатар С.Эрдэнэ гишүүнийг “Рецидив элемент царайлсан новш” гэж хэлсэн. Үүнээс үүдээс Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос танд хандана гэж байсан. Албан ёсоор хандсан уу?

-Бидэнд одоогоор албан ёсоор өргөдөл гомдол ирээгүй. Ер нь, УИХ-ын гишүүн биеэ авч явах байдлаараа үлгэрлэх ёстой. Ийм байж чадахгүй эрүүгийн элементээр дуудаад байна гэдэг бол ёс зүйн доголдолтой байна л гэж үзнэ. Ёс зүйн дэд хороо арга хэмжээ авна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.