Г.Баярсайхан:С.Баяр Хонгор сумынханд нөхөн төлбөр өгнө гэсэн юм бол өгөх л хэрэгтэй байсан
2012.01.19

Г.Баярсайхан:С.Баяр Хонгор сумынханд нөхөн төлбөр өгнө гэсэн юм бол өгөх л хэрэгтэй байсан

УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Г.Баярсайхантай улс төрийн албан тушаалтны ёс зүйн зарим асуудлаар ярилцлаа
-УИХ-ын гишүүнЖ.Энхбаяр намаасааБатлан хамгаалахынсайдад нэр дэвшсэн. Түүний Говь-Алтайд 243 чоно нэг дор хоморголон агнуулсан нь ёс зүйгүй үйлдэл гэж та шүүмжилж байсан. Ёс зүйн ийм алдаа гаргасан улс төрчийг сайд болгох нь зохимжгүй юм бишүү?

-УИХ-ын гишүүн хүн бол ганцхан байгаль орчин гэлтгүй төрийн бүх хууль тогтоомжийг биелүүлэхэд үлгэр дуурайлал үзүүлж ажиллах ёстой. Ж.Энхбаяр гишүүний чоно агнасан тухай яригдаж байсан. Би түүнийг ёс зүйн дэд хороон дээрээ дуудаж уулзсан. Тэр "Би чоно агнахад оролцоогүй" гэсэн. Ер нь Говь-Алтай аймагт чоныг олноор нь агнасан тохиолдол гарах нь гарсан байна лээ.

-Чоноагнахсанхүүжилтийг нь шийдэж өгсөн гэдэг. Мөнгө өгсөн нь үнэн бол тэр гишүүн хамаарах л ёстой биш үү?

-Би сониноор Ж.Энхбаяр гишүүнийг бас л шүүмжилж байсан гишүүний нэг шүү дээ. Байгаль орчны асуудлаар судалгаа дүгнэлт гаргадаг, энэ чиглэлээр иргэний байгууллагуудтайгаа хамтарч ажилладаг хүний хувьд чоныг бөөнөөр нь устгах асуудал дээр яаж дуугүй байхав. Чоно агнах санхүүжилт нь бас л хамааралгүй гэж тэр өөрөө надад хэлсэн. Өөр сангийн шугамаар санхүүжилт нь шийдэгдсэн юм шиг байна. Монгол мал маань эрүүл байх нь чонотой нэлээд холбоотой. Чоно бол шүлхий өвчин тараагаад байдаг зээрийн сүргийг агнаж хооллодог. Өөрөөр хэлбэл, энэ мэт олон талаар байгалийн тэнцвэрт байдлыг хангадаг амьтан юм.

-Хонгор сумын иргэд саяхан дахиад шүүхэд ханджээ. 2008 онд Ерөнхий сайд асан С.Баярт тус сумынхнаас уучлалт хүсэж, хохирлыг барагдуулах, эмчилгээ сувилгаанд нөхөн олговор олгох тухай амласан байсан. Гэвч хэрэгжээгүй. Ер нь улс төрчид амласнаа биелүүлэхгүй байх нь ёс зүйгүй үйлдэл биз дээ?

-Хонгор сумын хордолтын талаар би урьд нь ч байр сууриа илэрхийлж байсан. Одоо ч илэрхийлнэ. Энд төрийн алдаатай бодлого үйлчилж байлаа. Ерөөсөө сүүлийн хориод жилд уул уурхайг хэт шүтэж, хүн, байгальд халгаатай олон сөрөг үр дагаврууд гарсан. Энэ нь алт хөтөлбөртэй ч бас холбоотой. Энэ хөтөлбөр хэрэгжиж л байвал ямар ч сайхан Тосон Заамар байсан хамаагүй болж хувирч байлаа шүү дээ. Ой, хээрийн ан амьтан, хандгай, буга аль нь ч эксковаторын шанаганд орж сүйрэх бол падгүй мэт болсон үе бий. Ганцхан грамм нь арван мянган хүнийг хордуулж, хөнөөх хүчтэй хорыг уурхайд хэрэглэсэн. Цианит, натри зэрэг ийм хорыг ямар ч хяналтгүй оруулж ирж байлаа. Энэ бол үнэхээр эмгэнэл юм. Хонгорын иргэд бүгдээрээ хордсон. Тэнд хамуу, бусад ямар нэгэн арьсны өвчин гараагүй. Би энд эмч, экологич хүний хувьд шууд хэлье.

Хонгорт болсон үйл явдал бол гэмт хэрэг юм. Хүний биед энэ хор нь удаан илэрдэг.

Мөн урт хугацаанд хадгалагаж үлддэг. Тухайн үед орон нутгийн удирдлагад хариуцлага хүлээлгэсэн л дээ. Гэхдээ хамгийн гол нь тэр үеийн аймгийн удирдлагатай холбож  авч  үзэх  ёстой.  Түүний  ёс зүйн асуудал юм. Сүүлдээ тэнд чинь бүр гадаадын байгууллагуудтай эвсэн нийлж байгаад хоргүй гэсэн дүгнэлт гаргуулсан байсан. Энэ бол иргэдийнхээ эсрэг хийсэн үйлдэл. Эндээс бид ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр улс төрийн ашиг хожоо олохын тулд гадаадын хэнтэй ч хамтарч ийм муухай юм хийх гутамшигтай, увайгүй ёс суртахуун улс төрийн нам, улс төрчдийн дунд байсаар байна.

-Та өөрөө газар дээр нь очиж байдалтай танилцсан уу?

-Хонгор суманд би очиж, иргэдтэй уулзаж байсан. Хордолт одоо ч байж л байгаа. Хүмүүс тэнд өвчинд баригдан шаналж байна. Удмын гажигтай, генийн өөрчлөлттэй төл мал, хүүхэд төрж байгаа нь бодит үнэн юм. Үүнийг тухайн үеийн аймгийн удирдлагатай холбож үзэхээс аргагүй.

-Ер нь сүүлийн үед улс төрчид иргэддээ худал мэдээлэл өгөх нь түгээмэл шинжтэй боллоо. ЖишээлбэлолонхаустайЦ.Нямдорж түрээсийн байранд амьдардаг гэсэн нь бас худлаа байсан юм шиг байна. Ийм эрээ цээргүй асуудлыг яах ёстой вэ?

-Монголын улс төр сүүлийн үед ер нь жаахан цэвэрших, тунгалаг болох тал руугаа явж байна л даа. Энэ нь улс төрчдийн ёс зүйн зөрчил дутагдлыг иргэд, иргэний нийгмийн байгууллагууд хүчтэй гаргаж тавьж буйтай холбоотой болов уу. Иймээс бид иргэдээ шударга ёсны асуудал дээр байнга дэмжиж байх ёстой. Таны дээр асуусан тэр Хонгор сумынхны хувьд С.Баяр дарга тэдэнд амласан л бол хэрэгжүүлэх учиртай байлаа. Ерөөсөө иргэдээ хууран мэхлэх нь ёс зүйгүй төдийгүй гэмт үйлдэл шүү дээ. Ардын намын нөхөд маань 2008 оны сонгуулиар 1,5 сая төгрөг бэлнээр өгнө гэж хэзээ ч биелэхгүй зүйл амласан. Энэ бол Ардын намын өөрийнх нь ёс зүйн хүрээнд яригдах асуудал. Сүүлийн үед зарим улстөрчдийн хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой маргаан гарч байна. Тухайлбал, Ц.Нямдорж зэрэг гишүүдийн хаус бариулсан тухай яригдаад байгаа. Миний хувьд гэхэд том, гоёмсог хаус бол мөрөөдөл төдий зүйл юм. Би сарынхаа цалинг цуглуулаад хаус авна гэвэл бүтэхгүй байх. Тэгэхээр тэдгээр гишүүдийн хаусын гарал үүслийг асууж тодруулах хэрэгтэй. Тэд хаусынхаа гарал үүслийг бодитойгоор тайлбарлаж чаддаг байх ёстой. Ингэж чадаж байвал асуудал үүсэхгүй. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй, тэгээд түүнийхээ гарал үүслийг үнэнээр тайлбарлаж чадаагүй бол авилга болно биз дээ.

-Өнөөдөр Төрийн албаны зөвлөл шударгаар ажиллаж чадаж байна уу?

-Дэлхий нийтийн чиг хандлага ямар байна, түүгээр явах хэрэгтэй байгаа юм. Хөгжилтэй орнуудад төрийн албаны зөвлөлийн үүргийг төрийн бус байгууллагууд нь гүйцэтгэж байна. Бид ч энэ замаар явж болно шүү дээ. Илэн далангүй хэлэхэд, өнөөгийн төрийн албаны зөвлөл нь улс төрждөг бас нэг талбар, авилга хээл хахуулийн уурхай болчихоод байна. Би энэ байгууллагыг үнэндээ шударгаар ажиллаж чадахгүй байна гэж үздэг. Төрийн албаны зөвлөлийн талаар иргэдийн дунд маш таагүй үнэлэлттэй байгаа.

-Орхон  голооманайхангаднынхантайнийлээдбохирдуулсан. Тэгвэл Оросын нутаг дахь "Артель стрателей Бальджа" зэрэг алтны компаниуд Онон голыг бохирдуулчихлаа. Энэ нь хоёр улсын хоорондын харилцааны асуудал болж хувирах төлөвтэй. Үүнийг яаж шийдэх вэ?

-Хил дамнасан гол нууруудын талаар олон улсын гэрээ конвенци бий. Тиймээс үүний дагуу аль аль талдаа үүргээ биелүүлээд явах ёстой болов уу. Оросын нутагт Онон голын эх дээр уул уурхайн компаниуд нь үйл  ажиллагаа  явуулж, бохирдуулж байгаа. Энд ОХУ Олон улсын гэрээ, конвенцийнхоо дагуу үүрэг хүлээнэ. Манайх ч шаардах эрхтэй. Бидний санаачилгаас нэлээд зүйл шалтгаалах байх. Орхон голын хувьд бол гол бохирдуулагч нь Эрдэнэт үйлдвэр юм.

Хангалын гол дэргэд нь байна.

Энэ нь Орхоны эх авдаг голуудын нэг. : Мөн тэнд уул уурхайн олон компани ажиллаж байгаа. Бидний "Урт нэртэй" гэж яриад байдаг хуулийн үндсэн үзэл санаа энд зөрчигдөөд байна. Энэ хууль бол байгаль орчноо хамгаалах хамгийн бодитой хууль. Харамсалтай нь маш их лиценз тараагдаж, эмх замбараагүй байдал газар авчээ. Лиценз бурийн ард томоохон албан тушаалтан, улс төрчид сууж байна. Ийм хүмүүс Ардын нам, Ардчилсан намд аль алинд нь байгаа. Эдгээрээс бидний өргөн барьж батлуулсан уг хуулийг өөрчлөх, хэрэгжүүлэхгүй байх гэж янз бүрээр нөлөөлөхийг оролцож л байсан. Гэхдээ бид нөлөөнд автахгүй. Эрдэнэт үйлдвэрийн цагаан тоосны асуудал ерөөсөө шийдэгдээгүй байгаа. Хамгийн их бохир элемент нь энэ үйлдвэрээс гол руу орж байна. Эдгээрийг шийдэх олон том төслүүд яригддаг. Харамсалтай нь шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй байх жишээтэй. Цагаан тоосноос болж иргэдийн дунд янз бурийн өвчин илэрч байна.

-Хотын агаарын бохирдол буурсангүй. Засгийн газар энэ талаар зөрүүтэй мэдээлэл өгч байгаа. Агаарын бохирдлоос үүссэн өвчлөлийн тухай мэдээллүүд ч бүрхэг боллоо?

-Би анх энэ хотын агаарын бохирдол хүний эрүүл мэндэд яаж нөлөөлж байгаа талаар судалгаа хийж, эрдмийн зэрэг хамгаалсан юм. Сүүлийн жилүүдэд олон төрлийн өвчлөл нэмэгдлээ. Хамгийн гол нь хавдрын асуудал байна. Энэ өвчин улам залуужиж байгаа. Уушиг, амьсгалын замын өвчин нэмэгдэх хандлагатай болсон. Мөн зүрх судас, эхчүүдийн төрөлт, ургийн гажилт гээд эмгэг, өвчлөл нэмэгдсээр байна. Өөрөөр хэлбэл Улаанбаатарын утаа, агаарын бохирдол бол хун амынхаа генийг муутгах гол орчин нь боллоо. АНУ-ын Мянганы сорилтын сангийн мөнгөөр төсөл хэрэгжүүлж байгаа ч ур дүнгээ өгөхгүй байна. Эцсийн эцэст хотыг утаагүй болгох арга нь орон сууцжуулах явдал юм. Зарим гудамж нь утаагүй болсон гэж байна. Энэ бол үндэслэлгүй зүйл. Мөн хотынхны усан хангамж өнөөдөр тулгамдсан асуудал болсон. Сэлбэ гол гэхэд Чингэлтэй хайрханаас эх авдаг.

Ногоон нуур гэж бас ярьдаг.

Энэ нь Баруун Сэлбийг усаар тэтгэдэг байлаа. Өөрөөр хэлбэл байгалийн нөөц нь Ногоон нуур, түүний намаг байжээ. Гэтэл энэ нуурыг намагтай нь хатаах ажил хийгдэж байна. Мөн Чингэлтэй уулын бэлээс гүний ус татаж Сэлбэ голыг усаар тэтгэх юм гэнэ. Ингэж болохгүй. Алсдаа гүний ус ч үгүй, Сэлбэ гол ч үгүй болно. 2010 онд ОХУ Сибирийн ойгоо түймэрт шатаасан. Энэ гал юунаас болсон бэ гэвэл намаг хатааж, тариа ногоо тарих зэрэгт ашигласан. Гэтэл сүүлдээ ой нь хуурайшсан. Тэгээд маш их түймэр дэгдсэн. Одоо ОХУ-ын төрөөс бодлого гаргаж, намаг байсан газруудаа хуучин хэвэнд нь оруулах том төслүүдийг хэрэгжүүлж эхэллээ. Чингэлтэй уул маань ч ийм болоход ойрхон байна. Энэ уулаа бид дархан цаазтай газар болгох гэсэн боловч улс төржүүлээд болохгүй юм. Манай зарим нөхөд Солонгосын Хан мөрнийг судалсан юм гэнэ лээ. Тэндэхийн чийглэг агаар нь их өвөрмөц. Орж байгаа хур тундас нь ууршиж байгаа чийглэгээсээ давж гардаг. Харин манайх байнгын хуурайшилттай. Юун, намаг хатаах мантай. Гэтэл хаа хамаагүй газрын жишээгээр тийм эсрэг зүйл хийгээд байна шүү дээ.

-Америкийн Мянганы сорилтын сангийн санхүүжилтын хугацаа дуусах дөхөж байна. Манайх дахиад энэ сангийн шалгуурыг давж, мөнгө авч чадах бол уу?

-Монгол орон ардчилсан гэсэн шалгуураараа Америкийн мянганы сорилтын сангийн тусламжийг авсан. Гэвч сүүлийн үед авилгаараа ухарчихлаа. Хэвлэлийн эрх чөлөөгөөр мөн доошилсон байна. Улс төрчидтэй холбоотой, шийдэгдээгүй олон хэрэг бий. Мөн долдугаар сарын 1-ний хэрэг. Тиймээс энэ сангийн тусламжийг дахиад авахад бэрхшээл үүсэж  магадгүй гэж би хувьдаа бодож байна. Хамтарсан Засгийн газрын үед утаагаа бууруулах нэг гол ажил болох 100 мянган айлын орон сууцны санхүүжилтыг шийдэх ёстой байлаа. Даанч болсонгүй. Түүнчлэн төмөр замд мөнгө гаргаж өгөх байсан боловч бас л өгсөнгүй, энэ ажлыг дэмжсэнгүй.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.