Г.Баярсайхан: Ж.Сүхбаатар С.Эрдэнийг эрүүгийн элементээр дуудсан нь ёс зүйгүйгээ нотоллоо
2011.10.28

Г.Баярсайхан: Ж.Сүхбаатар С.Эрдэнийг эрүүгийн элементээр дуудсан нь ёс зүйгүйгээ нотоллоо

Сүүлийн үед ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар нэг нэгнийхээ булхайг дэлгэж, далд байгаа хөрөнгө хуудууг нь уудалж эхэллээ. Түүнчлэн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороон дарга Ж.Сүхбаатар УИХ-ын гишүүн С.Эрдэнийг "Эрүүгийн элемент царайлсан хулгайч, новш" гэж хэлсэн нь олны жихүүцлийг төрүүлээд байгаа юм. Харин ийм бүдүүлэг зүйлд УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Г.Баярсайханаас ямар арга хэмжээ авах талаар тодрууллаа.

-ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар хэвлэлээр бие биенийхээ булхайг дэлгэж байна. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр Ц.Нямдоржийн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй далд байгаа хөрөнгийг нь ил болгосон. Тэгэхээр УИХ-ын ЁС зүйн дэд хорооноос гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэгт хяналт тавих эрх байдаг уу. Тийм эрх зүйн орчин бий юү?
-ЁС зүйн дэд хороонд гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэгт хөндлөнгөөс хяналт тавих бүрэн эрх нь хуулиараа баталгаажсан байдаг. Иргэдээс УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг сонирхож, ирүүлсэн удаа бий. Түүний дагуу бид гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэгт мониторонг хийе гэж үзсэн.
Мониторонг хийх шаардлага байгаа.
Хөрөнгөтэй гишүүд нь хөрөнгөгүй болж, хөрөнгөгүй нь хөрөнгөтэй харагдаж эхэлж байна. Төрд ажиллаж байсан хүн гишүүн болж ирээд л үнэтэй машин унаад, олон өрөө байр, хаустай болж байгаа нь мониторинг хийх шаардлагыг зайлшгүй бий болгож байна. Тэгэхээр хөрөнгө орлогын гарал үүслийг нь тодруулах нь чухал. Одоо улс төрийн хүчнүүд, УИХ-ын гишүүд эдийн засгийн хувьд аалзны тор шиг холбоо сүлбээтэй болчихсон байх жишээтэй. Наад захын жишээ хэлэхэд, уул уурхайн том төсөлд гэр бүлээрээ, улс төрийн бүлэглэлээрээ орчхоод байна.
Анх улс төр,бизнесийн бүлэг байсан бол бизнес, гэр бүл, улс төрийн бүлэглэл болоод хувирчихсан.
Тэгэхээр гишүүдийн  хөрөнгө орлогын мэдүүлэгт мониторонг хийгээгүй цагт уул уурхай стратегийн ордын тухай ярихад "Та үг хэлэх эрхгүй. Та товчлуур дарах эрхгүй" гэж хэлэх боломжгүй л болчхоод байгаа юм. Энэ байдал нь УИХ-аас шийдвэр гаргах. түвшинд нөлөөлөөд эхэлчихсэн.
-Тэгэхээр мониторонг хийж болоогүй юм уу?
-Би үүнд дангаараа шийдвэр гаргах боломжгүй л дээ. Ёс зүйн дэд хорооны зургаан гишүүн санал нэгдэж, олонхын дэмжлэгийг авч байж энэ ажлыг хийх учиртай. Үүнийг хийе гэсэн боловч манай намын нэг гишүүн дэмжээгүй, Д.Энхбат гишүүн ирээгүй. Үүнээс болж дэмжигдээгүй учраас хийх боломжгүй болсон юм. Одоо цаг хугацааны хувьд цаашид ХОМ-т зайлшгүй мониторинг хийх шаардлага тулгараад байна.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, "Уул уурхай, архины бизнестэй хүн парламентад орох хэрэггүй" гэдгийг хэлсэн. Тэгэхээр таны хэлдгээр дараагийн парламентад энэ асуудал жаахан ч болов цэгцрэх нь ээ?
-Бүх юмны гараа ижилхэн байх ёстой л доо. Миний үеийн залуу гишүүдийн гараа ижилхэн. Гэтэл 2012 оны сонгуульд уул уурхайн баялгийг шударга бус хувиарлалтаас асар их хэмжээний хөрөнгийн өв залгамжлагчид улс төрд орж ирэх гэж байна л даа. МАН-ын зарим залуус мөнгө цацаад л яваад байна. Тэгэхээр сэхээтэн айлын залуучууд тэдэнтэй УИХ-д өрсөлдөх ямар ч боломжгүй.
-Ямар ч сайн боловсролтой байсан өрсөлдөх боломжгүй гэж үү?
-Тийм. Мөнгөтэй хүнд ямар ялгаа байна вэ гэхээр ямар ч ёс суртахуунгүй, бүх юманд аархдаг тийм л зантай байдаг. Сонгогчдын боловсролын түвшин муу, ядуурал их байгаагаас үүдээд сүүлийн үеийн сонгуулиуд мөнгөнийх болж хувирсан.
-Гишүүдийн ёс зүй гэснээс Төрийн байгуулалтын байнгын хороон дарга Ж.Сүхбаатар С.Эрдэнэ гишүүнийг "Рецидив элемент царайлсан хулгайч, новш" гэж хэлсэн. Үүнээс үүдээс Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос танд хандана гэж байсан. Албан ёсоор хандсан уу, үүнд ямар байдлаар хандаж байгаа вэ?
-Бидэнд одоогоор албан ёсоор өргөдөл гомдол ирээгүй. Ер нь, УИХ-ын гишүүн биеэ авч явах байдлаараа үлгэрлэх ёстой. Ийм байж чадахгүй эрүүгийн элементээр дуудаад байна гэдэг бол ёс зүйн доголдолтой байна л гэж үзнэ. Ёс зүйн дэд хороо арга хэмжээ авна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.