Б.Лхагважав: Ерөнхийлөгч л хоёр намын маргааны хайнааг хагалах хэрэгтэй
2012.09.20

Б.Лхагважав: Ерөнхийлөгч л хоёр намын маргааны хайнааг хагалах хэрэгтэй

-Та Үндсэн хуулийн цэцэд хэд хэдэн асуудлаар хандсан. Хүлээлтийн байдалтай л байсаар байна уу?

-Манай улс дөрөв дэх Үндсэн хуулиа 1992 онд баталсан. Чухамдаа үүгээр ардчилсан нийгэмтэй, чөлөөт зах зээлийг сонгосон эдийн засагтай ардчилсан орон гэдгээ тодорхойлсон. Үүнд бүтцийн хэд хэдэн зүйлийг суулгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, парламент гэдэг бол 1992 оноос хойш Үндсэн хуулиараа байгуулсан ардчиллын үнэт зүйл болж ирсэн. Гэтэл сүүлийн үед эрх баригчид    парламентаа өөрсдөө устгах гээд байх шиг. Парламентад олонхи болчихлоо гээд бүх зүйлийг хүчээр шийднэ гэвэл энэ өөрөө большевик арга юм. Ард түмний төлөөллөөс парламент бүрддэг. УИХ-ын сонгуулийн дараа шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөөд УИХ- ын даргаа томилоод эрхийнхээ дагуу парламент өөрөө дотоод бүтцээ байгуулж эхлэх учиртай.

 Гэтэл энэ агшныг манайхан зүгээр л урсгалаар нь явуулж ирсэн. Харин аль нэг нам эвсэл 39 ба түүнээс дээш суудал авсан бол энэ нь өөрөө автоматаар явагдаж ирсэн. Гэтэл энэ удаад хэн нь ч олонхи болоогүй. Яг 2004 онтой адилхан гэсэн үг. Тэгэхээр бүх зүйлийг зөвшилцлөөр зохицуулах шаардлага урган гарсан. Гэтэл эхнээсээ юуг ч зөвшилцсөнгүй.

 Цөөнхөө оролцуулалгүй хэсэг бүлэг хүн өөрсдөдөө ашигтайгаар УИХ-ын даргатай болсон. Энэ асуудлаар долдугаар сарын 24-нд Үндсэн хуулийн цэцэд хандсан. МАН-ын гишүүд, бие даагчид, эвслээс сонгогдсон гишүүдийн УИХ-ын даргад нэрээ дэвшүүлэх эрхийг нь хаасан. Энэ нь УИХ-ын гишүүний эрхэнд халдсан үйлдэл мөн. Үндсэн хуулиар бүх гишүүн тэгш эрхтэй буюу сонгох, сонгогдох эрхээ эдлэх ёстой байсан.

Хэрэв Цэц энэ асуудлаар шийдвэр гаргах юм бол З.Энхболдыг огцруулах тухай яригдах байх. Дараагийн асуудал бол З.Энхболд УИХ-ын дарга болсноосоо хойш цөөнхийн эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарлаад байгаа. Уг нь бүлэг байгуулах эсэх нь З.Энхболдоос хамаарах ёсгүй. Гэтэл бүлэг байгуулагдаагүй гэсэн үндэслэлээр УИХ-ын бүтэц бүрэлдэхүүнд орох боломжгүй болгож, МАН-ын гишүүдийн эрхийг зөрчсөн. Энэ асуудлаар 14 гишүүний хамт мөн Үндсэн хуулийн цэцэд хандсан.

-З.Энхболдын үйлдэл УИХ-ын бүрэн эрхэнд халдаж байгаа үйлдэл мөн үү?

-“Сонгогдсон” гээд байгаа энэ нөхөр УИХ-ын онцгой эрхэнд халдаж, үймүүлж байна. Түүний хувьд яг одоо УИХ-ын даргын биш, УИХ-ын дэд даргын ажлыг хийгээд байгаа юм. Парламентед УИХ-ын дэд дарга бол намын бүлгээ л төлөөлөх үүрэгтэй. Гэтэл З.Энхболд Ардчилсан намын бүлгийг төлөөлж байгаа нь зарчмын хувьд буруу. Үүнийгээ өөрөө мэдэхгүй байх шиг байна.

 Үүнээс гадна парламент бүрдэх онцгой агшны тухай би дээр дурдсан. Энэ үед Ерөнхийлөгч маш том алдаа гаргасан. Үндсэн хуульд ч, УИХ-ын тухай хуульд ч Ерөнхийлөгч анхны чуулганыг зарладаг. Ингэж зарласан УИХ бүтцээ байгуулаад эхлэнгүүт Төрийн тэргүүн танхимаас гараад явдаг, Яагаад гэхээр Ерөнхийлөгч УИХ- ын бүрэн эрхэнд халдаж болохгүй. УИХ-ын тухай хуулийн 14.2-т бүр тодорхой бий. Ерөнхийлөгч УИХ-ын анхны чуулганыг зарлахдаа намуудтай зөвшилцөн өдрийг товлохоор заасан байдаг. Юуны тулд Ерөнхийлөгч гэж байгаа билээ. Энэ асуудлыг зүгээр л бусад намуудтай хэлэлцээд л улстөрийн аргаар шийдчих байсан ч мэдрэмжгүй хандсан. Өөрөөр хэлбэл, олонхи биш олон суудал авсан нам бусад намуудтай зөвшилцөх ёстой байсан. Олонхи гэдэг бол тусдаа ойлголт л доо.

-“Парламент гэдэг үнэт зүйл устах гээд байна” гэж Та ярьж байна. Цаашид үүнийг яаж хамгаалах ёстой юм бэ?

-Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах эрхтэй гол субектын нэг. Тэгэхээр Ерөнхийлөгч энэ дагуу хүсэлт гаргах хэрэгтэй. Тэгж байж энэ асуудлын хайнааг хагалах ёстой. Гэтэл манай төрийн тэргүүн УИХ нь бүрэлдээгүй байхад л олимп үзэх гээд яваад өгсөн шүү дээ. Өөр бас нэг зүйл бол асуудлыг олонхиороо шийднэ гэдэг цөөнхийн үгийг огт сонсохгүй гэсэн үг биш.

 Хэрэв Ерөнхийлөгч хүсэлт гаргах юм бол тав хоногййн дотор шийддэг. Иргэнийг өргөдөл гомдол өгөхөөр харин cap гаруй болдог юм. Тэгээд өмнөх асуудалтай дахин холбогдуулахад Ардчилсан нам өдий зэрэгтэй яваа нь Монгол Ардын Намын ач тус. Тэднийг бага залуу гэлтгүй боловсруулж, Засгийн газартаа хүртэл ажиллуулж, тавхан гишүүнтэй байхад нь хүртэл сайдын суудал өгч байсан юм. Тэгэхээр манайд ингэж хандах ёстой, тэгэх ёстой энэ тэр гэсэн асуудал огт ярихгүй. Зүгээр л цөөнхийнхөө үгийг сонсдог, бүх зүйлээ хууль журмынх нь дагуу хийдэг байхад л болно гэдгийг л хэлж байгаа юм. Түүнээс дарангуйлагч байж болохгүй.

-Үндсэн хуулийн цэц ямар нэгэн хариу өгөхгүй, энэ мэтээр удаад байвал яах вэ?

-Цэцэд маш олон асуудал овоорчихсон байгаа. Гэтэл ингэж хуулийн техник ашиглан асуудалд хойрго хандаад байвал огцрох ёстой гэж үзэж байгаа. Уг нь Үндсэн хуулийн цэц УИХ-ын сонгуулийн дараа бүрэн бүрэлдэхүүнэзрээ амрах ёсгүй шүү дээ. Харин ч хяналт тавьж ажиллах ёстой. Гэтэл улстөрийн шийдэл хүлээдэг хуулийн техник ашиглан арга саам хийж явсаар дараа нь болсон болоогүй хариулт өгдөг байж болохгүй.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.