2013.01.10

Су.Батболд: Ганцхан МАН-ын хүмүүсийг халж байгаа явдал биш

Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганы хуралдаан боллоо. Тус хуралдаанаар шүүх байгуулах тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ болон “Шүүгчийн орон тоо батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Үүний дараа  “Хууль, тогтоолын төслүүд буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.Бурмаа танилцуулав.

Тогтоолын төслийн дагуу нийт дөрвөн хуулийг буцааж байгаа юм. Санал хураалтаар гишүүдийн 68,3 хувийн саналаар төсөл дэмжигдлээ.

Үүний дараа “Улсын Их Хурлын даргын ажлын хэсгийн орон тоог батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төсөл, Төрийн албаны зөвлөлийн даргыг чөлөөлөх, томилох тухай асуудал дээр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн зүгээс нэлээдгүй их маргааныг үүсгэж, томилгооны цаад учрын талаар ярилцсан юм.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогт

Ер нь аль ч нам эрх барьж байсан тухайн намын гишүүд төрийн албаны томилгоонд дийлэнхийг эзэлдэг бичигдээгүй хуультай. 1996 онд төрийн эрх барьж байсан Ардчилсан намын үед томилгоо ширүүн явагдсан үеэс өнөөгийн сонин жишиг тогтсон гэдгийг  Су.Батболд гишүүн хэлсэн. Тэрээр хэлэхдээ: "Манай улс цөөн хүн амтай учир боловсон хүчний нөөц багатай. Өнөөдөр Төрийн албаны тухай хууль байхгүй юм шиг аашилж байгаа нь эрх баригчдын өшөө авалт гэлтэй санагдана. Ганцхан МАН-ын хүмүүсийг халж байгаа явдал биш" гэсэн.

Гэхдээ төрийн албаны гишүүд болон даргыг аль нэг намын халаасанд багтах бус, мэргэшсэн, чадвартай, төрийн төлөө гэсэн сэтгэлтэй байх ёстой. Тиймээс ч энэхүү үүргийг хүндтэй биелүүлж чадна хэмээн гишүүдийн 80,7 хувиар Б.Цогтыг дэмжсэн юм. Дэмжихийн хажуугаар төрийн албаны шинэчлэлийг хийж, төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлж, хууль эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллах хэрэгтэйг санууллаа.