2025.07.03

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын нэгтгэсэн төслийг Б.Баярбаатар гишүүн ахлан ажиллаж байна

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.07.02/-ийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Нэгтгэсэн хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар ахалж, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, П.Сайнзориг, Г.Уянгахишиг, Ө.Шижир нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

  • Ажлын хэсгээс,-Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор Өргөдлийн байнгын хороо тухайн асуудлыг эрхлэх Байнгын хорооны саналыг үндэслэн холбогдох байгууллага албан тушаалтнаас мэдээлэл авах сонсох талаар, Эдийн засгийн байнгын хороо эрхлэх асуудалд Аялал жуулчлал дэд хороо байгуулах, Нэгдсэн хуралдаанд албан тушаалтан худал мэдээлэл өгсөн бол мэдээллийн үнэн зөв, эсэх асуудлаар дүгнэлт гаргуулах байгууллагад Үндэсний статистикийн хороог нэмэхээр, Шинжлэх ухааны дэд хороо байгуулах хуулийн төслийг зохицуулалтыг Боловсрол, шинжлэх ухааны дэд хороо болгон өөрчлөх, Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хороо байгуулах хуулийн төслийн зохицуулалтад тагнуулын болон цэргийн тагнуулын байгууллагад харьяалуулснаас бусад хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх ажиллагаа болон энэ зорилгоор явуулж байгаа гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомж гэж ялган тодорхой зохицуулахаар
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор тухайн жилийн төсөвтэй холбогдуулан Ерөнхийлөгч хэсэгчилсэн байдлаар хориг тавьсан бол хоригийн шинж байдлыг харгалзан Улсын Их Хурал тогтоосон хугацаанд төслийг оруулж ирэх хуулийн төслийн зохицуулалтыг хоригийн шинж байдлыг нь харгалзах биш Төсвийн байнгын хорооны саналаар хугацаа тогтоож болохоор өөрчлөх, Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэх дэгтэй холбоотой хэсэгт хоёр дахь хэлэлцүүлэгт зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулах зэрэг зарим процессыг тодруулах, Хууль зүйн дүгнэлтийг зөвлөмж болгон өөрчилж байгаатай холбоотойгоор өөрчлөлт оруулахаар
  • Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор түр хорооны даргыг түр хороо байгуулах саналыг анх санаачилсан гишүүн даргалах, тухайн гишүүн татгалзсан бол түр хороо байгуулах санал тавьсан бусад гишүүд дотроосоо томилох, эсхүл ийм шаардлагагүй гэж үзсэн бол түр хорооны гишүүд дотроосоо сонгох зэрэг нийт 17 зарчмын зөрүүтэй санал бэлтгэснийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцсэн байна.

Анхны хэлэлцүүлгээр 25 зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Хамт өргөн мэдүүлсэн Цагдаагийн албаны тухай болон Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй холбогдуулан ТББХ-ноос гаргасан, дэмжигдээгүй зарим саналд гүйцээн боловсруулах чиглэл өгч, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус хороонд шилжүүлсэн юм.

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа