УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.07.05\ нэгдсэн хуралдаанаар Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуй үйлдвэрлэлийг дэмжих “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:
Хүүхдийн хоол хүнсний зохисгүй хэрэглээ, чанаргүй бүтээгдэхүүн их хэмжээгээр хэрэглэж байгаа амьдралын буруу хэвшил нь Монгол хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, олон өвчний үндэс болж байгаа. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан хүн амын хоол тэжээлийн байдлын үндэсний судалгаанд 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн 11,7 хувь, 6-11 насны хүүхдүүдийн 28,6% нь илүүдэл жин таргалалттай байна. Таргалалтын улмаас хүүхдүүд хөдөлгөөний дутагдал, сэтгэл гутралд орох, зан ааш өөрчлөгдөх, зүрх судасны өвчин хүртэл гарах аюултай байдал бий болсон. Түр хороо сургуулийн орчин дахь хүнсний бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээний байдалд дүн шинжилгээ хийж ажилламаар байна. Үүнээс гадна сургууль, цэцэрлэг, дотуур байр, хүүхдийн эмнэлгийн хоолны асуудалд анхаарах хэрэгтэй.