2022.06.16

Ц.Идэрбат: Дарханы арьс, ширний үйлдвэрийн явц ямар байна вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.06.16\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

Би Их хурлын гишүүдээ төлөөлөөд Хэнтий аймгийн 89 багийн 9000 гаруй ард иргэдтэй уулзсан. Баг дээр буй малчин, тариаланч, ногоочидтой ярьсан олон асуудал энэ тогтоолын хавсралтан дээр тусгагдсан харагдаж байна. Иргэдийн хувьд Монгол улс 5 жилийн хугацаанд хүнсний аюулгүй байдлаа хангаж чадах юм байна гэсэн маш өндөр хүлээлттэй болсон. Гүйцэтгэл 5 жилийн дараа энэ хүлээлтэд хариулж чадах хэмжээний байх ёстой.

Монгол улсын засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Дарханы арьс, ширний үйлдвэрийн явц ямар байгаа вэ? Энэ бол цаашдаа олон зүйлүүдтэй холбогдоно. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын малчид, иргэдтэй уулзахад 2020 оны арьс, ширний урамшуулал, 2021 оны ноосны урамшуулал ороогүй талаар хэлсэн. Энэ хэзээ орох вэ? Ногооны урамшуулалтай холбоотой ногоочид сэтгэл хангалуун байна. Хөдөө аж ахуйн яамнаас сайн арга хэмжээ авч байна. Энэ хувьсгалын үр дүнд тарих, ургуулах зүйл, тоног төхөөрөмж шийдэгдэхээр ургац арвин хураана. Хадгалах зоорьны асуудал яригдаж байна. Харин борлуултаа яаж хийх вэ гэдэг дээр тодорхой болгох хэрэгтэй. Малаа 5 жилийн хугацаанд эрүүлжүүлье гэж байгаа. Одоо хэрэглэж байгаа тогтолцоо бий. Энэ тогтолцоо сайн байна уу гэдэг дээр эргэж харах хэрэгтэй. Биокомбинатын асуудал вакцинаа хэзээ хийж эхлэх вэ?  Унгарын засгийн газрын 2009 онд эхэлсэн төсөл, хөтөлбөр яг хэзээ дуусах вэ.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.