2022.05.31
Т.Энхтүвшин: Дулааны аргаар мах боловсруулах стандарт Монголд бий юу
УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны /2022,05,31/-ны өдрийн хуралдаанаар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын их хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:
Тогтоолын төслийг дэмжиж байна. Төлөвлөгөөний гүйцэтгэлийг хангаж ажиллаад хөрөнгө, мөнгөө хангалттай тавиад өгвөл Монгол улсынхаа хүнсний дотоодын хэрэгцээг хангах бүрэн бололцоо, боломж бий. Сүүлийн жилүүдэд дулааны аргаар мах боловсруулдаг үйлдвэрүүд нилээдгүй бий болсон. БНХАУ-руу дулааны аргаар боловсруулсан мах экспортлож байгаа. Дулааны аргаар боловсруулж байгаа махны стандарт байдаг уу?
Бид мал, махаа экспортлох хэрэгтэй байна. Тэгэхэээр технологиудаа өөрчлөхгүй бол цаашдаа гадагшаа мах гаргах асуудал хүндэрнэ. Хилийн бүсүүд дээрээ мал эрүүлжүүлэх бүсийг олныг байгуулах хэрэгтэй байна. Энэ бүс дээр мах боловсруулах үйл ажиллагаагаа явуулах нь зөв. Энэ тал дээр ямар бодлого, шийдвэр барьж ажиллах вэ? Дотоодын мах боловсруулах үйлдвэрүүдийг харахад 50 гаруй хувь нь гадны хөрөнгө оруулалттай байдаг. Ингэхээр нэмүү өртөг шингэсэн, татвар төлсөн, ажлын байр бий болгосон зүйл харагдахгүй байгаа юм. Тиймээс дотоодын махны үйлдвэрүүдээ дэмжих хэрэгтэй.
Мөн малаа эрүүл болгох тал дээр онцгой анхаарах хэрэгтэй. Хөрс ус, ургамалд дүн шинжилгээ хийдэг томоохон лабораторыг яаралтай бий болгох шаардлагатай байна.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.