2022.06.16

С.Бямбацогт: Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаарх тогтоолыг хэрэгжүүлэхэд бусад хуультай уялдуулах нь зүйтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.06.16\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Монгол улс нийт хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 орчим хувийг импортоор авдаг. Үүнд 1 тэрбум доллар зарцуулж байгаа. 5 жилийн хугацаанд энэ тогтоол амжилттай хэрэгжвэл хүнсний гол 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо хангах бололцоотой гэж үзэж байгаа юм.

Гэхдээ ийм болгохын тулд тогтоол маань хэрэгждэг байгаасай. УИХ-аас баталж гарч байгаа төрийн бодлогын бичиг баримтууд хоорондоо уялдаа, холбоотой байх ёстой. Нэг хуулиараа болно, нөгөө хуулиараа болохгүй гэдэг. Ингэхээр УИХ-аас бодлого шийдвэр гаргадаг, амьдрал дээр хэрэгжүүлэх болохооор тогтоол баталсан ч өөр хуулиараа болохгүй байна гэдэг зүйл гарч хаагддаг. Үүнийг шийдэх гэж хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг Их хурлаар баталсан.  Энэ тогтоолын заалт дээр 1,7 их наяд төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг Улсын төсвөөс шийдэх ёстой гэсэн зүйл яригдаж байгаа. Гэтэл бидний баталсан 2023 оны жилийн төлөвлөгөөн дээр 1,8 их наядын хөрөнгө оруулалтын эх үүсвэр тавьсан. Үүгээр нэг ч шинэ хөрөнгө оруулалт хийх боломжгүй. Ингээд уялдахгүй болж байгаа юм. Тиймээс энэ чухал тогтоолыг амьдрал дээр бодитой хэрэгжүүлэхийн тулд бусад хууль тогтоомжтой уялдуулах ёстой.